Дэлхийн болон АНУ-ын Нью Йоркийн Шинжлэх ухааны Академийн гишүүн, Академич, доктор, профессор Г.Цэрэнчунттай ярилцлаа.
-Та саяхан Дэлхийн Шинжлэх ухааны Академийн 2014 оны шагналаар шагнагдсан. Юуны өмнө танд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Таны төгссөн сургуулиас яриагаа эхлэх үү?
-Би 2000 онд Монгол Улсын Анагаах ухааны их сургуулийг төгссөн юм. Сургуульдаа нэг жил гистологийн багшаар ажиллаад 2001 оноос ХБНГУ-ын Гумболдтын болон Фрии их сургуулиудын докторантурт суралцсан. 2006 оны дөрөвдүгээр сарын 24-нд докторын зэрэг хамгаалсан. Докторантурт суралцаж байх үедээ Гумболдтын Их сургуульдаа эмч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд 2006 онд Монголдоо ирж ажилласан л даа. Сүүлийн жилүүдэд Европын холбооны улсуудын хэд хэдэн их сургуулиудад олон удаа зочин профессороор уригдан ажилласан.
-Судалгааныхаа ажлын талаар тодруулаач?
– Оюутан байхаасаа л эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг байсан. Миний бие иммуногистохими, молекул биологийн судалгаа, шинжилгээний арга дээр суурилан, хавдар, хавдар төст эмгэг үүсгэх шалтгаан, мөн чанараас нь эхлэн оношилгоо, эмчилгээний асуудлуудыг бүхэлд нь шийдвэрлэхийн тулд, өмнө нь хийгдэж байгаагүй олон шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн.
Хавдар, хавдар төст эмгэгийг эсийн түвшинд дөнгөж бүрэлдэж буй үед нь нарийн ялган оношлох иммуногистохимийн маркеруудыг тогтоож, тодорхойлж, нээсэн. Түүнээс гадна, хавдрын төрөл, хэлбэр ба үе шатаас хамааран, эмчилгээний аргыг сонгох стандартыг боловсруулж, Европын Холбооны улс болон Хойд Америкийн анагаах ухааны практикт нэвтрүүлсэн.
-Манай улсад хавдрын өвчлөл нилээд их байдаг. Таны судалгааны ажлын үр дүнг нэвтрүүлбэл хүн амын эрүүл мэндэд их хэрэгтэй санагдаж байна?
-Би 2006 онд докторын зэрэг хамгаалчихаад Монголдоо ирснийхээ дараа Германд хийж байсан, бүтээсэн ажлаа эх орондоо нэвтрүүлэх, бий болгох талаар их хичээсэн. Тухайн үед болоогүй. Олон талын шалтгаантай байх л даа. Нэгдүгээрт, эдийн засгийн хувьд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардсан лаборатори, тоног төхөөрөмж хэрэгтэй. Нөгөө талаас, бэлтгэгдсэн хэд хэдэн эмч мэргэжилтэн болон туслах ажилтан шаардлагатай. Гэхдээ шаардагдах хөрөнгө мөнгөний зардал улс орны хувьд жижиг асуудал л даа. Засгийн газар, салбарын яам энэ бүхнийг шийдвэл хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт хийнэ гэж илэрхийлснийг та бүгд мэдэж байгаа байх. Энэ хүрээнд энэ асуудал шийдэгдэж болох байх. Ерөнхий сайд ажлаа хүлээн авсан эхний өдрөөсөө л асуудлуудад ажил хэрэгчээр хандан ажиллаж байгаад нь хувь хүнийхээ хувьд талархаж байна.
– Герман, Австри улсуудад таны судалгаа, шинжилгээний ажлын чиглэл өндөр түвшинд хөгжчихсөн үү?
-Тиймээ. Ер нь Европын холбооны улсууд, тэр дундаа Герман улс бол анагаах ухааны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Австри, Швейцарь улсуудын анагаах ухааны салбар Германаас дутахааргүй өндөр түвшинд хөгжсөн. Эдгээр анагаах ухаан өндөр хөгжсөн улс орнуудад, мөн Хойд Америкт бидний судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үнэлж, хүлээн зөвшөөрч практикт нэвтрүүлсэн. Тиймээс өнөөдөр, манай улсын хувьд бидний ажлын үр дүнг практикт шууд нэвтрүүлэх нь чухал юм.
-Таны судалгааны олон бүтээл дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд нийтлэгдсэн гэсэн. Яг ямар сэтгүүлүүдэд нийтлэгдэж байсан бэ?
– Миний бие олон бүтээлээ ХБНГУ, Англи, Польш, АНУ, Англи, Грек, Канад ба ОХУ зэрэг улсуудын Clinical Cancer Research, Journal of clinical pathology, British Journal of Cancer, Folia Histochemica et Cytobiologica, Virchows Arch, Pathology Research and Practice, Anticancer Research, Journal of Orthopedic Research, Histopathology, Pathology & Oncology Research, Oncology reports, Senologie-Zeitschrift fuer Mammadiagnostik und-therapie, Siberian Journal of Medicine, Journal of Histochemistry & Cytochemistry болон Breast Cancer Online зэрэг олон улсын олон нийтийн хяналттай, IF өндөртэй сэтгүүлүүдэд нийтлүүлсэн. Бүтээлүүдээс маань олон зуун ишлэл авсан байдаг. Энэ нь миний судалгааны ажлын үр дүнг хэрхэн үнэлж, дүгнэж буйн илэрхийлэл юм.
-Таны бодлоор Монголын анагаах ухааны салбар дэлхийн чиг хандлагын хаана яваа бол?
-Ний нуугүй хэлэхэд, баруун Европын анагаах ухааны хөгжилтэй одоохондоо харьцуулах нь утгагүй болов уу. Баруун Европын анагаах ухаан бол асар олон зуун жилийн түүхтэй, өндөр түвшинд хөгжчихсөнийг нь хүн бүхэн мэднэ. Манай Монголын анагаах ухаан сүүлийн жилүүдэд техник технологийн хувьд хурдацтай хөгжиж, мөн эмч, мэргэжилтнүүд маань олон шинэ нарийн мэргэжлийн чиглэлүүдээр мэргэшиж байна. Баруун Европынхоос дутахгүй хөгжих цаг ойрхон байна. Би үүнд итгэлтэй байна.
-Манай улсын эмч мэргэжилтэн бэлтгэдэг анагаахын сургуулиудын чанарын түвшинг юу гэж үздэг вэ?
– Манай улсын анагаахын чиглэлийн төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиуд хангалттай үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ дэлхийн шилдэг Их сургуулиудын түвшинд хүрэхийн төлөө илүү их ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
Миний хувьд АШУҮИС болон ” АЧ “- Анагаах ухааны Дээд сургуульд багшилж байсан. Энэ хоёр сургууль хоёулаа л чадварлаг багшлах боловсон хүчин сайтай, сайн сургуулиуд. 2013 онд АШУҮИС-н захирлаар профессор Г. Батбаатар багш томилогдсон. Энэ нэг жил гаруйн хугацаанд Г. Батбаатар захирал маш олон бүтээлч ажил хийсэнд миний бие баяртай байна. АШУҮИС маань удахгүй өөрийн гэсэн бааз эмнэлэгтэй болох цаг ойрхон ирснийг та бүхэн сонссон байх.
-Та эрдэмтэн хүний хувьд Монгол Улсын ШУА-ийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?
-Манай улсын ШУА маш сайн ажиллаж байгаа гэж би хувьдаа үздэг. Төрөөс өгдөг төсвийн хөрөнгө оруулалт маш бага. Гэсэн хэдий ч ШУА-ийн удирдлагууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж, академийг өдий зэрэгтэй авч яваа нь талархууштай хэрэг. Ер нь Шинжлэх ухааны байгууллагаа төр засгаас маш сайн дэмжмээр байна. Шинжлэх ухааны салбараа тэргүүн эгнээнд тавьсан улс орон хөгждөг шүү дээ.
Т.ГЭРЭЛМАА
One reply on “Хавдрыг эсийн түвшинд оношилж, эмчлэх монгол эрдэмтний судалгааны ажлыг европ, америкчууд практикт нэвтрүүлжээ”
I was excited to find this page. I need to to thank
you for ones time just for this wonderful read!! I definitely really liked
every little bit of it and I have you saved as a favorite
to look at new information on your site.