Categories
мэдээ цаг-үе

Хатан хааны гэр бүлийн түүхийг өнгөц сонирхохуй

Их Британи бол хаант засаглалтай цөөхөн улсуудын нэг бөлгөө. Хэдийгээр Ерөнхий сайд болон парламент нь улсынхаа улс төр эдийн засгийн чухал асуудлуудыг шийдээд явдаг, хатан хааны гэр бүл бэлгэдлийн чанартай хэсэг ч гэлээ чухам л энэ гэр бүлийг тойрсон хэл ам, цуу яриа, хов жив дэлхийн хэвлэлүүдээс салдаггүй. Өнөө цагийн хүмүүс Английг дандаа л хатан хаантай байсан мэт ойлгохоор болтол Елизавета II хаан сэнтийд заларсан байх юм. Арга ч үгүй байх, уг эрхэмсэг хатагтай нэгэн жарны туршид хаан суудалд энх мөнх заларч буй тул. Уг нь түүний эцэг Георг VI сэрүүн тунгалаг ахуйд Их Британи улс хатан хаантай бус хаантай байсан юм шүү дээ. Британийн эзэнт гүрний сүүлчийн хаан Георг VI 1952 он хүртэл засаглахдаа Энэтхэгийн, Австралийн, Шинэ Зеландын, Ирландын гээд эрт дээр үед колоничилсон улсуудынхаа тэргүүн байж дэлхийн хоёрдугаар дайны хүнд үеүдэд улс орноо зөв залуурдан эцэстэй эзэнт гүрэн бутрахад Үндэсний нэгдлийн хаан гэгдэн нас бартлаа 16-н жил хаанчилсан. Тэр уг нь биш түүний ах Эдуард VIII анхлан хаан ширээнд залрах ёстой байсан ч гэлээ уг эр Уоллис Симпсон хэмээх урьд нь гэрлэж байсан бүсгүйтэй ханилснаас шалтгаалан хаан ширээнд залрах хуулийг зөрчсөн билээ. Аравхан сар хаан сэнтийд заларсан Эдуард VIII эрх мэдэл, хайр дурлал хоёрын аль нэгийг нь сонгох салаа замын уулзварт ирэхдээ “Би хайрлаж явдаг эмэгтэйгийнхээ нөмөг, түшиггүйгээр хаан суудлын хариуцлагатай албыг хашиж чадахгүй” гээд дүүдээ эрх мэдлээ өвлүүлж байлаа. Тэгэхээр гэр бүл, хайр дурлалын будлиантай асуудлууд өнөө цагийн залуу үеийнхний шинж тэмдэг биш, аль эрт байсан үзэгдэл байгаа биз. Дараа нь хатан хааны хүү Чарльз, ач хүү Гарри нар нь бас л тиймэрхүү замаар туулах тавилантай байлаа. Тэр талаар дор дэлгэрэнгүй бичнэ ээ.

Георг VI хоёр охинтой байсан тул том охин Елизавета Александра Мария шууд үе залгамжлан хатан хаан болох нь хаа очиж ямар асуудалгүй ойлгомжтой байсан. Тийм ч учраас эцгийгээ нас барангуут тэр 1952 оны хоёрдугаар сард 25 насандаа Английн Монархийн оройд заларч байлаа. Өнөө жилийг оруулаад 68 жил тасралтгүй оройлохдоо Английн ард түмний хайрлаж, хүндэлж явдаг, үлгэр жишээ болгон биширч хардаг эрхэм болтлоо оршлоо. Тэгэхээс ч өөр өргөгүй юм. Хаан гэр бүлийн хатуу дэг жаягийг цэл залуу наснаасаа өтөл буурай болтлоо ягштал баримталж амьдарна гэж бас л барахгүй ажил шүү. Зөвхөн тод өнгийн, зөвхөн Англид үйлдвэрлэсэн хувцас өмсөх, хэзээ ч өмдтэй олны өмнө гарахгүй байх, олон нийт цугларсан газар тусгай протокол байхгүй бол очиж болохгүй, ямар ч ерөнхийлөгч, ерөнхий сайдаас эхлүүлээд эгэл хүмүүс нийтийн өмнө түүнд хүрэх ёсгүй гээд хориотой олон зааврууд Елизаветаг шилэн хоргонд амьдарч буй мэт нөхцөлийг бүрдүүлдэг ч тэр огт алздаггүй ээ.

Елизавета II хатан хаан гурван хүү, нэг охин, найман ач зээтэй. Уг нь уламжлалаараа бол ууган хүү Уэльсийн хун тайж Чарльз хаан ширээг өвлөн авч түүхээ үргэлжлүүлэх ёстой л доо. Гэтэл Чарльзын гэр бүлийн асуудал өнгөрсөн зууны сүүл хэсэгт шар хэвлэлүүдийн “хоолоо олж идэх” гол сэдэв байж сэвтээгүй хатан хааны гэр бүлийн намтрыг баахан бохирдуулсан гэж байгаа. Одоо энэ цагийн шуугианы эзэн Генри, түүний ах Уильям нарын ээж Диана Спенсер гээч сайхан бүсгүй хорвоод амьдарч байгаад 1997 онд автын ослоор нас барсныг хүмүүс санаж л байх учиртай. Тэр бүсгүй хун тайж Чарльзтай гэрлээд амьдарсан эхний таван жилийг эс тооцвоос цаашлаад хорвоог орхих өдөр хүртлээ аль аль талаасаа буруутай үйлдлүүдээр дэндүү арвин амьдарсан гээч. Чарльз анхны хайр сэтгэл болсон Камиллагаасаа хагацаж чаддаггүй, Диана ч зүгээргүй морин спортын зааварлагч Джеймс Хьюитт хэмээх залуутай нийлсэн шиг, энгийнээр хэлхэд хааны ордонд хоёулаа, ордноос гараад дөрвүүлээ гэдэг зарчмаар нэг хэсэг туучуулж англичуудын амны бай болсон доо. Тэгээд 1996 онд албан ёсоор хоёр тийшээ болж удалгүй Диана гүнж автын ослоор шинэ найз тэрбумтан Доди аль-Файедын хамт амь үрэгдэн, хун тайж Чарльз Камиллагаа нөхрөөс нь салган байж хуримласнаар жов жив дуусгавар болсон юм уу даа. Иймэрхүү түүхтэй хүн Елизавета II-ийн дараа хаан ширээнд залрах уу. Хэрвээ үгүй бол дараачийн залгамжлагч нь яах аргагүй хун тайж Уильям болж таараад байгаа юм. Нэр нь сэвтээгүй, гэр бүлээ зөв авч явдаг, армийн офицер цолтой, энгийн англи ард түмний хайртай спорт болох хөлбөмбөгт дуртай гээд британичууд түүнд тун сайн, дүүг нь бодвол. Түүний дүү Генри гэж байсхийгээд л хэрэг түвэгт орооцолдчихдог, байг гэхнээ сурвалжит гаралгүй эмэгтэйг эхнэрээ болгон аваад зэрэг, титмээсээ сайн дураараа татгалзсан “хүнд гар” бий. Ер нь хатан хааны ач зээ нар дотор хун тайж Уильямыг эс тооцвоос эмээгийн чихийг халууцуулах нөхдүүд байнга гарна. Шинэ он гараад Елизавета хатны ганц охиноос төрсөн зээ Филлипс эхнэрээсээ салж буйгаа зарлаад л авна лээ.

Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *