Categories
мэдээ нийгэм

Харуулын ажилтан ил гал түлж болгоомж алдсанаас түймэр гарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан-Уулын “Нүхтийн-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.04.26-ны өдрийн 12:22 цагт/ ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн аврах 105 анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллалаа.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн жижүүрийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид, орон нутгийн нийт 185 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж түймрийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16:20 цагт цурманд оруулсан.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 ангийн 59 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж хоносон байна.

Гарч байгаа түймрийн 90 орчим хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байдаг. Тухайлбал, өчигдрийн түймэр “Нүхтийн ам” дах хувийн орон сууцнуудын харуулын ажилтан 52 настай эрэгтэй ил гал түлж, гал алдсанаас гарсан нь тогтоогдоод байгаа юм байна.

Түймэрт найман га талбай шатжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар огцом дулаарч хуурайшилт ихтэй байх тул иргэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *