Хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэг сошиал ертөнцийг байлдан дагуулж байна. Штангчин бүсгүйн амжилт дэлхий нийтийн анхаарлыг татаж, дөрвөн ч улсаас гэрээ байгуулах санал авчээ. Их хэмжээний мөнгөн дүнтэй тэдгээр сайхан боломжуудаас М.Анхцэцэг татгалзсан шалтгаанаа өөрийн цахим хуудсандаа тайлбарлахдаа “Аль нэг улсын төрийн дууллыг эгшиглүүлэхийг хүсээгүй” гэжээ.
Ийм шийдвэр гаргасан түүнийг мундаг, эх оронч үзэлтэй охин гээд л бүгд сүйд болоод шагшин магтаад байх юм. Мэдээж хүн бүр эх орноороо бахархаж, аав, ээжийгээ хайрлан хүндэлдэг. Өөр улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд орлоо гээд түүний судсаар урсаж байгаа монгол хүний цус, омогшил нь арилчихгүй.
Манай жүдоч Г.Отгонцэцэгийг хар л даа. Казахстаны нэрийн өмнөөс барилдаад хичнээн сайхан гялалзаж явна вэ. Тэр хүн ийм зоригтой шийдвэр гаргасандаа хэзээ ч харамсахааргүй амьдрал нь баталгаатай боллоо. Өөр улсын нэр дээр зодоглож, амжилт гаргалаа гээд Монголын ард түмэн түүн рүү хялайж ч хардаггүй.
Дэлхийд нэр алдраа дуурсгаж яваа хөл бөмбөгчид, сагсан бөмбөгчид гээд бүгд аль нэг улсын нэрийн өмнөөс талбай дээр гарцгаадаг. Тэд жилд хэдэн ч улстай гэрээ хийж, илүү санал тавьсантай нь хамтран ажилладаг.
Зөвхөн тамирчид гэлтгүй аливаа хүнд хамгийн чухал зүйл эдийн засгийн баталгаа. Тиймээс амьдралынхаа үндсэн баталгааг бий болгохын дэргэд эх орон хэмээн хий хоосон нялуурч дэлүүрэх нь зүгээр л хийрхэл төдий юм.