Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ салбарын Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлт боллоо. Уг номыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн эрхлэн гаргасан ба Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Брайль болон ярьдаг ном хэвлэх төв хамтран ажиллалаа.
Монголын нууц товчоон нь Монголчуудын төрт ёс, улс төр, хууль цааз, шашин, соёл, оюун сэтгэлгээний онцлог зэргийг багтаасан түүх болон уран зохиолын хосгүй сурвалж билээ. Одоогоос 18 жилийн өмнө буюу 2006 онд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны санаачлан хэвлэсэн байна. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэд түүх, соёлоо судалж, танин мэдэх нэгэн чухал явдал болсон ч өнөө үед уншигчдын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байна.
Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны 2022 оны судалгаагаар 12696 харааны бэрхшээлтэй иргэн байна. Үүний 9000 гаруй иргэн орон нутагт амьдарч буй юм. Харин 21 аймгийн нийтийн төв номын санд брайл бичгээр хэвлэгдсэн Монголын нууц товчоо одоогоор байхгүй байна. Иймд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын хүрэлцээг нэмэгдүүлэх, Монголчуудын бахархалт үеийн түүх, Эзэн богд Чингис хааны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор кирилл болон брайл бичгийн хосолмол хэвлэлтэй, ярьдаг ном бүхий Монголын нууц товчоог эрхлэн гаргалаа.
Уг номыг Улсын төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116-р тусгай сургууль, Налайх, Багануур дүүргийн Соёлын ордны дэргэдэх номын сан, 21 аймгийн нийтийн төв номын сан зэрэг байгууллагуудад түгээлээ.