-ГЭРЭЭНД “СУМЫН ЗДТГ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨГҮЙ ТОХИОЛДОЛД, АЛБАН БАЙГУУЛЛАГА, НЭГЖҮҮДИЙН НЭРЭЭР ТУС АЖ АХУЙН НЭГЖИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГААГ СААТУУЛАХЫГ ХОРИГЛОНО” ХЭМЭЭН ЗААЖЭЭ-
Хандив аваад их хэмжээний газрыг
тариалан эрхлэх, алт олборлох зориулалтаар орон нутгийн засаг захиргаа аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх шийдвэрийг олноор
нь олгож буй мэдээлэл бидэнд ирсэн юм. Ингэхдээ аж ахуйн нэгжтэй нийгмийн хариуцлагын гэрээ хийх
нэрийн дор хандив тусламжийг ихээр нь орон нутгийн зарим Засаг дарга авах
болжээ. Тэр мөнгөө тэмдэглэлт ой, баяр наадамд
зарцуулдаг гэж орон нутгийн удирдлагууд нь тайлбарладаг ч энэ их мөнгөний цаана
багагүй хууль бус явдал байдаг нь нууц биш юм. Иймд энэ удаагийнхаа “Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь” буландаа
энэ тухай онцолж байна.
Учир нь баяр наадам
дөхөөд ирэхээр орон нутагт уул уурхай, үйлдвэрлэл
үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжээс мөнгө татах, тэднийг дарамтлах, тэр бүү хэл
орон нутгийн иргэд төдийгүй, төрийн албан хаагчдын цалингаас татаас авдаг
нь орон нутгийн удирдлагуудын гэм биш зан болсон. Гэсэн ч өнөөдөр орон нутгийн
засаг захиргааны албан тушаалтануудад хууль зөрчсөнийх нь хариуд хариуцлага тооцдоггүй болохоор энэ жишиг орон
нутагт дэлгэрэх хандлагатай байгааг судалгаанаас харж болохоор байгаа юм. Хандив нэрээр авсан мөнгөө
сум орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээс гадна тодорхой хэсгийг нь
хаа ч байхгүй төрийн бус байгууллагын дансанд хийх, нийгмийн хариуцлагын гэрээг аж ахуйн нэгжүүдтэй байгуулахдаа хэрхэн хууль зөрчиж буйг эндээс үзэж
болно. Энэ тухай өгүүлэхээсээ өмнө хандивыг ямар нөхцөлтэй авахыг зөвшөөрдөг болохыг сийрүүлье.
ХАНДИВЫГ ЯМАР НӨХЦӨЛТЭЙ
АВЧ БОЛДОГ ВЭ?
Тухайн аймгийн Засаг дарга
өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж тэр тусмаа уул уурхайн
компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулдаг юм байна. Энэ гэрээг байгуулахдаа
заавал хандив авах ёстой юм шиг жишиг орон нутгийнханд тогтжээ. Уг нь хандивыг ажлын байр нэмэгдүүлэх зориулалтаар авах ёстой.
Дээрх гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1-ийг үндэслэн байгуулдаг
аж. Тус хуулийн заалтад “Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь тухайн
орон нутгийн захиргааны байгууллагатай
уурхайн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлж ажиллах зорилгоор гэрээ байгуулж
ажиллана” гэж заасан байдаг. Хуулиндаа бол
ийм заалт байдаг ч орон нутгийн засаг захиргаа
нь нийгмийн хариуцлагын гэрээг хандив авахад
чиглэсэн утгаар хийдэг болжээ. Үүнийг доорх жишээнээс харж болно. Тухайлбал, Төв
аймгийн Жаргалант суманд нэг аж ахуйн нэгжтэй хандивын гэрээ байгуулаад хандив
авчээ. Хандивынхаа дийлэнх хувийг баяр наадам
тэмдэглэн өнгөрүүлэхэд зарцуулсан байна. Үүний дараахан нөгөө хандив авсан компанидаа тус сумын удирдлагууд газар эзэмшүүлэх гэрээг нь таван жилийн хугацаатайгаар
сунгаж өгсөн байх жишээтэй. Тэгэхээр хандив
авах нь орон нутагт наймаалцлын шинжтэй болж ирснийг эндээс харж болох юм. Хуулиар
бол хандив авсан этгээдтэй холбоотой шийдвэрийг хоёр жилийн хугацаанд орон нутгийн засаг захиргаа гаргахгүй байх заалт
байдаг ч үүнийг үл хэрэгсэн хууль зөрчсөн
байгаа юм.
ОРОН НУТАГ БА АЖ АХУЙН НЭГЖИЙН НАЙМААЛЦАЛ
Төв аймгийн Баянчандмань сум
30 гаруй аж ахуйн нэгжтэй нийгмийн хариуцлагын гэрээ хийсэн байгаа юм. Энэ дунд
цайны газар ажиллуулдаг аж ахуйн нэгж
ч оржээ. Гэрээнд өнөө л хандив авах жишгийг оруулсан аж. Бүр баяр наадам зохион байгуулахад 500 мянган төгрөг
өгөхийг үүрэгжүүлээд авчихсан байгаа юм. Хамгийн гол нь хэдэн төгрөгийн хандив,
хэрхэн зарцуулсан нь ил тод байх ёстой. Гэвч орон нутгийн удирдлагууд тэдэн төгрөг
гэх мэтээр аж ахуйн нэгжүүдэд үүрэгжүүлж шахсан байдлаар хандив авсан байдаг ч хаанаас
ямар аж ахуйн нэгжүүдээс хэдий хэрийн мөнгө хандив нэрээр авсан жагсаалт нь байхгүй, мөнгөний зарцуулалтын тайлан ч гаргадаггүй байна. Мөн тус аймгийн Заамар
суманд гэхэд хандив авчихаад дандаа газар олгох шийдвэрүүд гаргасан нь шалгалтаар илэрчээ. Алт олборлох, үр тариа тариалах
зориулалтаар газар олгочихсон. Тэр компаниуд нь дандаа хандив өгсөн болох нь хууль хяналтынхны шалгалтын явцад тогтоогдсон
байна. Эндээс хандив аваад газар олгосон нь орон нутгийг засаг захиргаа хууль зөрчиж
байна гэдгийг харуулж буй юм. Энэ дагуу холбогдох
албан тушаалтнуудад хариуцлага тооцох албан
тоот явуулахад Заамар сумын Засаг дарга Болормаад гурван сарын цалингийн 30 хувиар торгох арга хэмжээ
аваад өнгөрснийг мэдэгдсэн байна.
МОРИН ХУУР АРВАН ШИРХЭГ, ТАВАН САЯ ТӨГРӨГ
ХАНДИВЛААД АЛТ ОЛБОРЛОХ ЗОРИУЛАЛТТАЙ ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ АВЧЭЭ
Жишээ нь Заамар суманд үйл
ажиллагаа явуулдаг “Уулс заамар” компанид
15 жилийн хугацаатайгаар 780 га газар алт олборлох зориулалтайгаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байгаа юм. Энэ компани
нь 50 сая төгрөгийн хандивыг орон нутгийг
хөгжүүлэх санд шилжүүлсэн аж. Мөн “Тод ундарга” гэдэг компани 20 сая төгрөгийг ханивласан
байна. Түүнийхээ оронд 15 жилийн хугацаатай газар эзэмших шийдвэр гаргуулж чаджээ.
Харин “Редвулкан” ХХК азарга насны морины шагнал, морин хуур 10 ширхэг, 5 сая төгрөгийн хандив өгөөд л Засаг даргын өнгөрсөн оны наймдугаар
сарын 14-ний өдрийн 230 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар алт олборлох
зориулалттай газар эзэмших шийдвэрийг гаргуулж дөнгөсөн байх жишээтэй. “Заамар Довон”
гэх компани 10 тн улаан буудай хандивлаад 15 жилийн хугацаатайгаар үтрэмийн зориулалтаар
газар эзэмших шийдвэр гаргуулсан гэх мэтээр аж ахуйн нэгжүүд хандив нэрээр амархан газар эзэмших эрхтэй болжээ.
Гэтэл орон нутгийн удирдлагууд эрх мэдлийнхээ
хүрээнд гаргаж буй энэ шийдвэрийг нягталдаг, хянадаг төрийн байгууллага байхгүй
байгаа нь орон нутгийн засаг захиргааны нэгжид ажиллаж буй албан тушаалтнуудад газар олголтыг хавтгайруулах нэг үндэс болж буйг
харуулж буй юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдээс
авсан хандив нь зөвхөн тэмдэглэлт ой, баяр наадамд зарцуулагдсан нэрээр үргүй зарцуулагддаг
нь харамсалтай юм. Нийгмийн хариуцлагын гэрээг
байгуулахдаа орон нутгийн удирдлагууд хуулиас
давсан эрх мэдлээ хэтрүүлсэн олон заалтуудыг дур мэдэн оруулсан нь анхаарал
татаж буй юм.
Үргэлжлэл
бий
Г.ЯЛГУУН