Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн захирал Жим Док өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд “Blue sky” зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олдсон билээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны 08.40 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Blue sky” зочид буудалд хүн нас барсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалтын ажиллагааг хийсэн.
Тус буудлын 16 давхарын … тоотод байрлаж байсан Канад улсын иргэн Жим Доак Чарльз гэх 60 настай иргэн гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр гадны ямар нэг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Өчигдөр шүүх эмнэлгийн задлан шилжилгээнд оруулсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар өвчний улмаас нас барсан гэх мэдээллийг өгсөн” хэмээж байсан. Түүний шарилыг Канад руу явуулсан бөгөөд Торонто дахь задлан шинжилгээгээр гадны нөлөөгүй, чихрийн шижин өвчнөөр нас барсан гэх дүгнэлт гаргажээ.