Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр ХНХЯ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) хамтран Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 6 хороо, Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэбулган суманд хэрэгжүүлсэн “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хаалтын зөвлөлгөөн өнөөдөр боллоо.
Гурван жилийн хугацаанд хэрэгжсэн энэхүү төслийн үр шимийг нийт 9 сум, баг, хорооны 28 мянга 637 хүүхэд хүртсэн гэсэн тооцооллыг төслийн баг гаргажээ. Төслийн хүрээнд дээрх хороо, сумдад гэр бүл, хүүхэд хамгааллийн үйлчилгээ үзүүлэх хамтарсан баг байгуулж, чадавжууулан, олон нийтэд хүүхэд хамгааллын талаар ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Төсөлд хамарсан сум, баг, хорооны хамтарсан багийн 165 гишүүн өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг зөрчсөн 176 баримтыг илрүүлж, 204 хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгчээ.
Мөн олон нийтийн дунд хүүхэд хамгааллын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд хүмүүжлийн эерэг аргын цуврал сургалтад 221 эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулжээ. Тухайлбал, эцэг эхчүүдэд зориулж хүүхдийн нас насны онцлог, түүнд тохируулсан аргаар хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх тухай “Аав ээжийн ном” нь 2017 онд ГБХЗХГ-ын “Эерэг Өөрчлөлт” цом хүртжээ.