Монгол урчуудын бүтээсэн үлэмж том гэр дэлхийн дээд амжилтыг эвдэн Гиннесийн номд бүртгэгджээ. “Сэлнэн” ХХК-ийн урчуудын бүтээсэн энэхүү гэрийг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Ханги-Мандалын боомтын ойролцоо барьсан бөгөөд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах юм байна. Гэр нь 36 ханатай, 28.81 метр диаметртэй, 1000 шахам ам метр талбайтай, нэг дор 500 хүн хүлээн авах багтаамжтай аж. Өндөр нь 14 метр буюу гурван давхар байшинтай тэнцэхээр гэнэ. Үүгээрээ бүх цаг үед бүтээгдсэн хамгийн том гэр болжээ. Энэ талаар “Сэлнэн” ХХК-ийн захирал уран сийлбэрч, үндэсний модон эдлэл урлаач мастер, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Дамсрайсэлнэн ярихдаа ” Энэхүү гэрийг Мэргэн гэж өвөрмонгол хүн захиалсан юм. Захиалагч маань 30 метр диаметртэй, 500 хүн багтахаар гэр хийж чадах уу гэж асуусан л даа. Бид чадна л гэсэн. Бид нийт дөрвөн сарын хугацаа зарцуулсан. Гэр маань дөрөвхөн багананд тулгуурлаж боссоноороо онцлог. Унь нь нуман хэлбэртэй учраас даац сайн авна гэсэн үг. Мөн давхар эсгий бүрээстэй. Нийт 1800 метр эсгий орсон. Том гэрүүдийн хувьд униныхаа даацыг авахын тулд том том багана хийдэг. Бид уламжлалт хийц загвараа алдагдуулахгүйг хичээсэн тул унийг нь нуман хэлбэртэй хийсэн. Эгц уньтай хийвэл даац авахгүй хотойчихдог юм. Зөвхөн барихад 12 хоног зарцуулсан. Краны сум нь хүрэхгүй учраас тооноо өргөж гаргаж чадахгүй байсан. Тэгэхээр нь бид гар кран хийсэн. Найман метр тооныг дөрөв хувааж баганан дээр нь гаргаж бэхэлсэн. Газраас тоононы цамхраа хүртэл гурван давхар байшинтай тэнцэнэ. Унины урт нь 11.40 метр болсон” гэсэн юм.
Д.Дамсрайсэлнэн 1990 онд Латви, Литви улсад болсон Олон улсын илбэчдийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож “Илбийн гайхамшиг” үзүүлбэрээр дэд байрын цом хүртэж байжээ. 1990 оноос уран сийлбэр бүхий үндэсний модон эдлэлийн “Сэлнэн” ХХК-ийг үүсгэн байгуулж, эдүгээ хүртэл үр бүтээлтэй ажиллаж байна. Тэрээр монгол гэр, монгол гэрийн тавилгыг урлал чимэглэл, өнгө үзэмж, түүний бэлгэдлийн утга агуулгыг төгөлдөржүүлэх талаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг зохион бүтээгч, уран сийлбэрч, үндэсний үйлдвэрлэгч хүн юм байна. Сүүлийн 30-аад жилийн хугацаанд 12 ханатаас авахуулаад 36 ханатай, бүрэн сийлбэртэй монгол гэр 350 гаруйг урлажээ.