МАЛ ТООЛЛОГЫН 2014 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР МАЛЫН ТОО 51.9 САЯ ТОЛГОЙД ХҮРЧ, ӨМНӨХ ОНЫХООС 6.8 САЯ ТОЛГОЙ БУЮУ 15.1 ХУВИАР ӨСЛӨӨ
Манай улс 51.9 сая толгой мал тоолуулаад байна. 2014 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр ийм тоо гараад байгаа юм.
Урьдчилсан дүнгээр Орхон аймгийн малын тоо толгой 55.9 мянгаар буурсан бол бусад аймагт 43.8-625 мянган толгойгоор өссөн үзүүлэлт гарчээ.
Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Говьсүмбэр зэрэгаймаг, Улаанбаатар хотын малчид таван хошуу малаа жигд өсгөсөн байна.
Архангай аймаг дөрвөн сая 292768 мал тоолуулж улсдаа тэргүүлж, Төв, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймгууд удаалжээ. Аймгууд хичнээн мал тоолуулсныг дараахь жагсаалтаас харж болно.
1.Архангай4.292.768
2.Төв4.181.510
3.Хөвсгөл4.156.821
4.Өвөрхангай4.111.515
5.Баянхонгор3.465.864
6.Хэнтий3.268.826
7.Булган3.132.637
8.Завхан2.895.637
9.Сүхбаатар2.818.181
10.Ховд2.625.577
11.Говь-Алтай2.577.869
12.Увс2.561.150
13.Дундговь2.435.739
14. Баян-Өлгий 1.883.370
15.Өмнөговь1.849.043
16.Дорноговь1.686.794
17.Сэлэнгэ1.471.684
18.Дорнод1.393.447
19.Улаанбаатар385.364
20.Говьсүмбэр339.438
21.Дархан324.241
22.Орхон123.202
Малын тоо толгойгоороо улсад тэргүүлээд байгаа Архангай аймгийн хувьд Булган сумын малчин Ч.Жамбалжамцынх хамгийн олон мал тоолуулсан өрх болоод байгаа аж. Тэднийх 3836 толгой мал тоолуулсан гэж тус аймгийн Мал хамгаалах сангийнхан дуулгалаа.
Төв аймаг 330.971, Архангай 303.921, Булган 253.329, Өвөрхангай 246.950, Сүхбаатар 231.248 адуу тоолуулсан нь улсын хэмжээнд хамгийн олон адуутай аймгууд болж байна. Харин Өмнөговь аймаг 112.741 тэмээтэйгээрээ улсад тэргүүлсэн бол Баянхонгор 41.668, Дорноговь 34.792, Говь-Алтай 32.736, Дундговь 28.030 тэмээтэйгээр айргийн тавд жагсчээ. Харин Улаанбаатар 154, Дархан 89, Орхон 61 тэмээтэйгээр энэ жагсаалтын сүүлийг мушгижээ.
Архангай аймаг 2.229.293 хонь тоолуулж улсад тэргүүлсэн бол Төв аймгийнхан 2.125.718 хоньтойгоороо удаалсан байна. Хөвсгөл аймаг 1.996.902, Өвөрхангай 1.821.050, Булган 1.648.711 хонь тоолуулж удаах байрт оржээ.
Баянхонгор аймаг 2.138.102 ямаатайгаар бусад аймгуудаасаа хол давуу байгаа аж. Ямааны тоо толгойгоороо Баянхонгор аймгийн араас Өвөрхангай (1.838.280), Говь-Алтай (1.620.884), Хөвсгөл (1.619.267), Төв (1.432.545) аймгууд орсон байна.
Ийнхүү аймгуудыг төрөл тус бүрээр нь малаа хэрхэн өсгөж, улсын хэмжээнд ямархуу байр эзэлж байгааг сонирхуулахад ийм байна. Харин тооллогын дүнг сум, багийн хэмжээнд нарийвчлан гаргасан тоо баримтаас дурдъя.
Нийт малын тоогоор Архангай аймгийн Эрдэнэмандал сум улсад тэргүүлээд байна. Тус сум 420.445 мал тоолуулжээ. Энэ сумын араас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумд оржээ. Хамгийн олон адуутай сумдаар Булганы Сайхан (40.227), Төв аймгийн Эрдэнэсант (31.966), Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан (29.600), Баруун-Урт (28.797), Булганы аймгийн Могод (28.439) тус тус тодроод байна.
Үхрийн тоогоор Архангай аймгийн Өндөр-Улаан, Их Тамир, Чулуут сумд улсад эхний гурван байрыг эзэлсэн бол Өвөрхангай аймгийн Уянга, Архангай аймгийн Тариат сум удаах байрт оржээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум 22.655 тэмээ тоолуулж бусад сумдаа тэргүүлсэн бол тус аймгийн Мандал-Овоо сум 18.208, Баянхонгор аймгийн Баянлиг 17.486, Өмнөговь аймгийн Манлай 10.264, Дундговь аймгийн Өлзийт сум 8.665 тэмээ тоолуулж айргийн тавд орсон байна. Энд сонирхуулахад, Завхан аймгийн Асгат гурав, Төв аймгийн Архуст, Сэлэнгийн Зүүнбүрэн, Архангайн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хүдэр сумд тус тус хоёр тэмээ тоолуулсан бол Төв аймгийн Угтаалцайдам сум нэг тэмээ тоолуулжээ.
Архангай аймгийн Эрдэнэмандал 273.603, Төв аймгийн Эрдэнэсант 212.777 хонь тоолуулж улсад тэргүүлээд байгаа бол, Өвөрхангай аймгийн Богд 230.687, Баянхонгор аймгийн Баацагаан 211.869 ямаа тоолуулж ямааныхаа тоогоор эхний байруудад бичигджээ.
Хамгийн олон мал тоолуулсан багаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын нэгдүгээр баг буюу Жаргалант баг тодорч байна. Тус багийнхан 139 мянга 279 толгой малтай ажээ. Адуугаар Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат, үхрээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгон, тэмээгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян баг, хониор Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр баг, ямаагаар Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх баг тус тус улсад тэргүүлсэн байна.
Мал, тэжээвэр амьтдын тооллогын эцсийн нэгдсэн дүнг энэ сарын 15-нд олон нийтэд албан ёсоор танилцуулна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм.
Д.САРУУЛ