Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халдвар есдүгээр сар гэхэд 24 мянга хүрэх тул МУИС-ийн эрдэмтэд 9 хоног хөл хорих санал гаргажээ

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо баасан гаригийн байдлаар 171.535 болов. Цаашид энэ хурдаараа явсаар тавдугаар сарын нэгэн гэхэд нийслэлд вакцинжуулалтыг дуусгахаар Засгийн газар төлөвлөөд байна.

Гэвч гуравдугаар сарын сүүлээр өдөрт бүртгэгдэх коронавирусийн халдварын тоо 200 давах прогзнозыг МУИС-ийн эрдэмтэд математик тооцооллоор гаргажээ.

Хэрвээ халдварын тоо ийм эрчтэй нэмэгдвэл вакцинжуулалтын хурдыг нэмэх, эсвэл халдвараа хумих хатуу арга хэмжээ авах шаардлага гарч ирж байна.

Зураг 1. Халдвар тархалтын эрчим

Халдварын тархалтын одоогийн нөхцөлд хатуу хөл хорио тогтоовол ямар үр дүн гарахаар байгааг дараах графикаас харж болохоор байна.

Зураг 2. Улсын хэмжээнд 2021 оны гуравдугаар сарын 17-ны өгөгдөл дээр тооцоолж гаргасан дундаж утгууд

Эндээс үзвэл, одоогийн гамшгийн үеийн “Улбар шар” түвшинд вакцинжуулалтаа үргэлжлүүлэхэд 2021 оны есдүгээр сар гэхэд нийт батлагдсан тохиолдол 24 мянгад хүрэх бол хөл хорионы дэглэмийг давхар авснаас энэ тоог 15.000 болгон 37 хувь бууруулах боломжтой гэж тооцжээ.

Түүнээс гадна манай улсад шинж тэмдэггүй үедээ халдвар тараах эрчим олон улсын дунджаас өндөр, хугацаа нь урт байна.

Иймд Улаанбаатар хотод халдвар тархалтын хурдыг сааруулах зорилгоор гуравдугаар сарын 20-28-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тогтоож, албан байгууллагуудад ажлын 5, амралтын 4 хоног буюу нийт 9 хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх санал гарсан байна.

Мөн доорх тооцооллыг үндэслэн ийнхүү ажлын 5 хоног болон 9 хоногийн хөл хорионы стратегийг боловсруулжээ.

Зураг 3. Өвчилж буй явцын тооцоолол

Халдвар тараагчийн байршил тодорхойгүй бол хэсэгчилсэн хөл хорио халдвар тархалтын хурдыг бууруулж чадахгүй гэж үзэж байна. ЭМЯ ны өдөр бүрийн мэдээнд эх уурхай нь тодорхойгүй халдварууд байгааг зарлаж байгаа бөгөөд баасан гарагт л гэхэд 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж буйг ЭМЯ мэдээлсэн. Түүнчлэн халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас 90 гаруй хувь нь коронавирусийн халдвартай нь батлагдаж байгаа юм.

Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө өндөр гэж үздэг тул эрдэмтэд хатуу хөл хорио тогтоох саналыг ийнхүү гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *