Categories
мэдээ эдийн-засаг

Хайгуулын тусгай зөвшөөрлийн олголт хэвийн байна

Сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт Уул уурхайн яам “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Тус хурал өнөөдөр боллоо. Газрын тосны газраас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 26-ны байдлаар А-80 автобензин 45, Аи-92 автобензин 59, дизелийн түлш 37, ТС-1 29 хоногийн нөөцтэй байна. Тодруулбал, нефтийн бүтээгдэхүүний хувьд ердийн хэрэглээний 42 хоногийн нөөц гэж тодорхойлж болох аж.

Уул уурхайн яамнаас өгч байгаа мэдээллээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрс найман сая тонн, алт 1.4 тн, газрын тос 341.7 мянган тонныг тус тус олборложээ. Хайлуур жоншны баяжмал 68.9 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 241.7 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 0.8 сая тонн, цайрын баяжмал 32.5 мянган тонныг тус тус үйлдвэрлэсэн байна. Экспортын тухайд энэ оны эхний дөрвөн сард 414.7 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 1.5 сая тонны, алт 3362.0 кг, нүүрс 4.2 сая тонн, газрын тос 343.2 мянган тонныг тус, тус гаргажээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш нийт 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлжээ. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн 899 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд юм байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 1686 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 965 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Үүнээс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 234 тусгай зөвшөөрөл шинээр олгож, тусгай зөвшөөрөл олгох боломжтой 496 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн байна.

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 2014 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Ингэснээр 34 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон аж.

Өнөөдрийн байдлаар нэр бүхий 8 талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан шаардлага хангаагүй тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлсэн байна.

Улсын төсөвт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс энэ сарын 26-ны байдлаар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 12.42 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 488.35 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 477 сая төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 728 сая төгрөг, нийтдээ 14.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

“Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн бүсэд хамрагдсан 398 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж талбайн давхцал тогтоолгохоор БОНХАЖЯ-нд хандаж, 174 тусгай зөвшөөрөлд тодорхойлолт гаргуулсан байна. Үлдсэн тусгай зөвшөөрлүүдийн давхцалыг тогтоох ажил хийгдэж байгаа аж. Мөн хилийн заагийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх ААН-үүдийн гомдлыг БОНХАЖЯ дээр хүлээн авч хянан шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргасан ААН-үүдээс батлагдсан загварын дагуу Ашигт малтмалын газар дээр өргөдөл хүлээн авч буй юм байна. Одоогоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах 161 тусгай зөвшөөрөл эзэмшигч маягтын дагуу өргөдлөө гаргажээ. Өргөдөл хүлээн авах хугацаа ирэх зургадугаар сарын 17-ноор дуусгавар боллх аж. Үүнээс хойш гэрээ байгуулах хугацаа хуульд зааснаар зургаан сар үргэлжилнэ.

Энэ ажлыг шуурхай явуулахын тулд Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран Ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан журамд өөрчлөлт оруулахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *