Categories
мэдээ улс-төр

Хадгаламжийн хүүнээс татвар авахыг хойшлуулна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийг УИХ-аас баталсан нөхцөлд хадгаламжийн хүүнээс татвар авахгүй байх харилцаа үүсэх юм. Холбогдох байгууллагаас өгч байгаа мэдээллээр 2015 оны аравдугаар сарын 30-ний мэдээллээр 11 их наяд төгрөгийн хадгаламж байна. Үүний 4.9 их наяд нь 100 сая төгрөгөөс дээшхи хадгаламж эзэлж буй аж.

Хэлэлцүүлэг эхлэн горимын саналаар санал хураалгах болоход маргаан өрнөв.

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор өмнө нь дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх үед УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “2020 он хүртэл хадгаламжийн хүүнээс татвар авахгүй байх ёстой” гэсэн горимын санал гаргасан юм байна.

Гэвч энэ өдрийн хуралдаанд Д.Сумъяабазар гишүүн ирээгүй, дээр нь гаргасан саналд нь гарын үсэг зурагдаагүй байсан нь өмнөөс нь хэн нэгэн санал гаргасан байвал яах юм бэ, гаргасан гэдгийг нь хэн нотлох юм бэ гэдэг маргаан гарсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Батцогт, Н.Батбаяр нар “Нэгдүгээрт, Д.Сумъяабазар гишүүн өөрөө алга. Хоёрт, гаргасан саналын томъёололд нь Д.Сумъяабазар гишүүний гарын үсэг байх ёстой ч алга. Өөрөөс нь өөр хүн санал гаргачихсан дараа нь маргаан гарвал яах юм. Гарын үсэг нь байх ёстой. Утасдаж санал гаргасан эсэхийг нь тодруулах ёстой” гэв.

Хурал зохион байгуулагчид Д.Сумъяабазар гишүүн рүү утасдсан ч утсаа авсангүй, Н.Батбаяр гишүүн мөн утасдаад холбогдсонгүй.

Байнгын хорооны дарга Ч.Улаан “Горимын санал гаргасан гишүүн байнгын хорооны хуралдаанд ирээгүй байсан ч саналыг нь хураалгах ёстой. Гадаад руу албан томилолтоор ажиллаж байгаа бол яах юм” гэв.

Үүнд Д.Эрдэнэбат гишүүн “Гадаадад ажиллаж байж болно. Гол нь гаргасан горимын санал дээрээ гарын үсэг зурсан байх ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Ц.Нямдорж гишүүнийг хууль зассан гэдэг. Гэтэл Тамгын газрынх нь хүн засвар хийсэн байдаг юм шүү” гэж байлаа. Эцэст нь Ч.Улаан дарга мухарлах нь зүйтэй гэж үзэн, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг дуудуулав. Мөн Ч.Улаан гишүүний тайлбарлаж байгаагаар УИХ-ын Тамгын газар гишүүдэд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй боловч УИХ-ын гишүүдийнхээ дарга нь мэт харилцдаг болжээ.

Ирцтэй, ирцгүй байсан ч хуралд гэж шахдаг. Хуулийн төслөө дөнгөж тараачихаад хэлэлцүүл гэж хүчилдэг. Дуудахаар ирдэггүй.

УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүйгээс байнгын хорооны хуралдаан цуцлагддаг бол арайхийж хуралдаан эхлэн хэлэлцэж байгаа асуудлаар хууль зүйн зөвлөгөө авах болоход экспертүүд нь ойр байдаггүй. Ийм нэг бэрхшээлтэй тулж буйгаа хэлэв. УИХ-ын гишүүн Н.Батбаяр ч санал нэг байлаа.

Ийм яриа өрнөх зуур УИХ-ын Тамгын газрын дарга ирсэнгүй, харин хуулийн зөвлөх ирж, маргаан дагуулсан асуудлаар тайлбар хийв. Түүгээр бол горимын санал гаргасан саналын хуудсанд нь тухайн гишүүний гарын үсэг заавал байх ёстой аж. Иймээс Д.Сумъяабазар гишүүний саналаар санал хураалгасангүй.

Мөн одоо хэрэгжиж байгаа хуулийн үйлчлэл 2016 оны нэгдүгээр сарын 1-нд дуусах ёстой. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжинэ. Энэ тохиолдолд хуулийн зөрчил үүсэх үү гэдэгт мөн УИХ-ын Тамгын газрын хуулийн зөвлөх тайлбар хийж, зөрчил үүсэхгүй нь ойлгомжтой болов. Маргаантай асуудлууд дээр нэгмөр ойлголцолд хүрсэн учраас Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

УИХ-аас дээрх хуулийг баталснаар банкин дахь хадгаламжийн хүүнээс татвар авахгүй байх зохицуулалт 2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хэрэгжих боломж бүрдэх юм.

Мөн байнгын хорооны хуралдаанаар Гааль татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-аас 2016 оны төсвийн хуулийг батлахдаа Гааль, Татварын ерөнхий газрыг нэгтгэх шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор дээрх хууль орж ирсэн байна. Энэ нь хоёр байгууллагын үйл ажиллагааг нэгтгэх зохицуулалт ажээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр, З.Баянсэлэнгэ, М.Наранхүү, Д.Зоригт, Д.Ганхуяг нар оролцлоо. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн харьяалалтай гишүүд оролцсонгүй, ажил хаялтаа үргэлжлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *