УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулсан. Бүлгийн хуралдаанд оролцсон 28 хүн 100 хувийн саналаар Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон ч “Алтангадас”-ын долоон гишүүн бүлгийн хуралдаанд оролцоогүй, харин Х.Тэмүүжин гишүүн хуралдааныг хаяж гарсан байна. Тэр бүлгийн хуралдаан дээр нэр дэвшигчид хандаж,
-Амаржаргал гэдэг хувь хүнийхээ хувьд танд Засгийн газар толгойлох, эдийн засгийн хямралтай энэ нөхцөл байдлыг давах чадвар байгаа гэдэгт би итгэж байна. Гэвч Х.Тэмүүжин гэдэг хувь хүний хувьд намаа нулимаад, засгаа унагаагаад явсан хүмүүс намын нэрээр засаг толгойлох нь зөв зарчим биш гэж би үзэж байна. Ардчилсан нам энэ албан тушаалын төлөө бие биенээ барьдаг чөтгөрийн тойргоосоо гарах ёстой гэж би боддог. Тиймээс би таны асуудал дээр санал өгч чадахгүй” гээд гарчээ.
Үүнээс гадна Х.Тэмүүжин гишүүн шинэ Ерөнхий сайдын кабинетэд орж ажиллахгүй гэдгээ хэлээд харин хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудал дээр Засгийн газрыг УИХ дотор дэмжиж ажиллана, харин шинээр томилогдох Ерөнхий сайд хуулийн байгууллагын толгойд улстөрчдийг тавьдаг муу жишгээс аль болох хурдан салж, мэргэжлийн хүмүүсээр нь удирдуулаарай гэдгийг нэр дэвшигчид захисан байна.