Categories
мэдээ нийгэм

Хошууч Б.Бадамхатан: Зөвхөн цагдаагийн дүрэмт хувцас нь гоё гээд энэ ажилд орвол хүнд хэцүү бэрхшээлийг давж чадахгүй DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Бадамхатантай ярилцлаа.


-Та энэ ажил албатай амьдралаа холбосон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би дөрвөн охинтой айлын гурав дахь охин нь болж мэндэлсэн. Аав минь цагдаа болохыг хүсдэг байсан хэдий ч өвөө маань татгалзаад цагдаа болоогүй гэдгийг нь сонсож байсан. Би 10 дугаар ангиа төгсөөд гэнэт л цагдаа болмоор санагдсан. Тухайн үед Цагдаагийн Академийн сонсогчдын парад хувцас, малгай нь их сүртэй харагдаад цагдаа л болно доо гэж боддог байсан. Тэр утгаараа цагдаа мэргэжлийг сонгосон. Улмаар 2007 онд Цагдаагийн Академийн үндсэн ангийн сонсогчоор элсэн орж, 2011 онд сургуулиа төгссөн.

-Цагдаа болох шийдвэрийг гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Манай аав хамгийн дуртай хүлээж авч байсан. Аав, ээж хоёр минь л намайг бүхий л цаг хугацаанд хамгийн ихээр дэмжиж, үргэлж миний ард зогсож байдаг. Хоёр том эгч маань заримдаа “Чи гэрийн бараа ч харахгүй юм, цагдаагийн ажил үнэхээр хэцүү, чи энэ ажлаасаа гарвал таарна” гэж бишгүй л хэлдэг байсан. Гэхдээ аав, ээж хоёр минь хэзээ ч тэгж хэлж байгаагүй. Намайг ойлгож хүндэлж, миний ар талыг маш сайн хариуцаж “Одоо яах уу, одоо юу хэрэгтэй байна” гээд л санаа тавьдаг. Цагдаагийн Академийн сонсогч байх үед шөнө оройтсон ч, эсхүл шөнө, үүрээр түргэн авсан ч л хамт явах ёстой юм шиг л, хамт сурч байгаа юм шиг л байдаг байлаа. Одоо гурван хүүг минь өсгөөд л байж байна даа.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан гэдэг тань сонин байна?

-Би ажлын гараагаа 22 насандаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс эхэлсэн. Та бидний сайн мэдэх Улаанчулуутын хогийн цэг байрладаг нутаг дэвсгэрийг хариуцсан хэсгийн байцаагчаар томилогдож байлаа. Томилогдсон өдрөө ёслолын хувцастайгаа их дэгжин очлоо. Ажлаа даргадаа илтгэчихээд хороон дээрээ очоод ажлаа авах гэтэл манай хорооны гудамж болгон түүхий эд хүлээн авах цэгтэй, ойр орчимд нь архины хамааралтай хүмүүс их цуглардаг, орчин нөхцөл нь үнэхээр хүндхэн байсан. Маргаашаас нь эхлээд юбка өмсөхгүйгээр өмд, намхан өсгийтэй гутал өмсөөд ажилдаа явж байсан. Тэр үед нийслэлийн хэмжээнд хэсгийн байцаагч нарын

дунд объект, субьектийн судалгааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар тэмцээн зохион байгуулагдсан юм. Би тэр үеэр хөл хүнд,том гэдэстэй, амралтгүй ажиллаж байсан учраас их ядарна. Чөлөө авъя гэж хэлж чадахгүй, дөнгөж төгсөөд ирсэн болохоор ажил хийхгүй алга боллоо гэж хэлүүлэх дургүй учраас зүтгээд л байсан. Тэмцээний шагнал нь долоо хоног цагдаагийн Сүүж уул амралтын газарт амрах эрхийн бичиг байсан учраас энэ боломжийг алдахыг хүсээгүй. Тийм болохоор шинэ санаа гаргаж хийх юм байна, энд түрүүлж байж л би амарна гэж зүтгэж түүнийхээ үр шимийг хүртээд долоо хоног амарч байсан минь санаанд орж байна. Энэ алба надад олон боломж өгч байхад би зөрүүлээд ажилдаа юуг өгч чадах вэ гэдэг хандлагаар хандаж, хичээн ажилладаг.

-Та гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн. Ажлынхаа талаар хуваалцаж болох уу?

-Улсын хэмжээнд бүх төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

 

Энэ ажилдаа маш дуртай, сонирхолтой. Олон сайхан хүмүүстэй танилцаж, хамтын ажил арга хэмжээ зохион байгуулна, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, оюутан сурагчдад урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийнэ. Урьдчилан сэргийлэх ажил өөрийгөө олон талаар хөгжүүлэх боломжтой гэгээлэг ажил шүү.

-Та гэртээ бараг харагддаггүй байсан гэлээ. Он солигдох мөчид ч юмуу томоохон баяр ёслолыг ажлаа хийж өнгөрүүлсэн тохиолдол байгаа юу?

-Байлгүй яах вэ. Манай албаныхан нийтийг хамарсан арга хэмжээний үед өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин бүх алба хаагчид өргөтгөсөн бүрэлдэхүүнээр ажилладаг. Хэрэг материал их үед шөнө оройгүй суух, эсвэл жижүүртэй үеүдэд гэртээ харихгүй байх үе гарна. Нөхөр маань тодорхой хугацаанд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан учраас хүнд хэцүү нөхцөлийг маань мэддэг, намайг ойлгож, хүндэлдэг болохоор ар гэрийн асуудлаа хамтдаа зохицуулаад л явж байна даа.

-Ханьдаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Миний ханийг Н.Манлайбаатар гэдэг. Их даруухан, ухаантай залуу бий. Юмны утга учрыг тайлбарлах, ойлгуулахдаа хэзээ ч нэг үгээр хэлдэггүй, эсвэл хүн болгоны яриад байдаггүй үгээр тайлбарлаж чаддаг. Хэлж ярьж байгаа үгийн баялаг нь, цар хүрээ нь өөр байдаг. Заримдаа ч бүр гайхтал хэлдэг шүү. Үргэлж миний шийдвэрийг хүндэлж, намайг ойлгож байдагт маш баярлаж явдаг шүү гэж ханьдаа хэлмээр байна.

-Цагдаагийн тангарагт “шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая” гэсэн байдаг. Амь насаараа дэнчин тавьдаг тангараг өргөдөг мэргэжил ховор байх?

-Тийм байх аа. Гэхдээ энэ талаар ерөөсөө бодож байгаагүй юм байна. Зүгээр л хамгийн дуртай, бахархдаг, хүсэж мөрөөддөг ажлаа л хийж яваа эмэгтэй. Ажил мэргэжлийн минь тангараг ийм болохоор ажлаасаа гарна гэж нэг ч удаа бодож зүрхлээгүй. Харин өмнө нь байцаагчаар ажиллаж байх хугацаанд эмэгтэй хүн туулаад даваад гарахад хэцүү хүнд үеүд тулгарч байсан. Сүүлд бодоод байхад ямар их зоригтой байсан юм бэ л гэж боддог доо.

-Та цагдаагийн хувцастайгаа гадуур явж байхдаа хүмүүсээс хүндлэл мэдэрдэг үү?

-Тийм ээ, хүндлэл мэдэрдэг. Хүмүүсийн цагдаагийн албыг сонирхож, дурлаж байгаа шалтгааны нэг нь төрийн хувцас байдаг. Маш гоё сүрлэг харагддаг. Энэ хувцсаа өмсөхөөр би хувьдаа өөрийгөө огт өөрөөр мэдэрч хүлээж авдаг. Албаа хүндэлж, хайрлаж, олон нийтийн газарт биеэ зөв явах ёстой гэж хамгийн түрүүнд бодогддог. Үүнийг амьдралдаа хэрэгжүүлж, хичээж л явна. Зарим хүмүүс зориуд хүрч ирээд яриа өдөж юм асуудаг. Тэр болгонд ямар ч төвөгшөөх зүйлгүйгээр тайлбарлаад өгөхөөр иргэд дуртай байдаг шүү. Зарим үед хүн л юм чинь алдаа гаргалгүй л яахав. Гэхдээ алдаагаа ойлгодог, залруулдаг, ажил албаа хүндэлдэг, ажилдаа дуртай байх нь хамгийн чухал.

-Таныг анх цагдаа болж байхад эмэгтэй алба хаагчид их байсан уу. Одоо өөрчлөгдсөн болов уу?

-2011 онд намайг ажилд орж байхад эмэгтэй алба хаагч цөөхөн байсан. Одоо эмэгтэй алба хаагчид харьцангуй нэмэгдсэн, ялангуяа захиргааны чиглэлээр ажиллаж байгаа эмэгтэй алба хаагчид их болсон. Хууль сахиулах байгууллагад эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэй албан хаагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр манай байгууллага олон талт үйл ажиллагаа явуулж байгаа. Эмэгтэй алба хаагчид өөрсдийгөө хөгжүүлээд, мэдлэг чадвараа дээшлүүлж чадвал цагдаагийн албандаа дэвших боломж хангалттай бий гэж боддог.

-Цагдаагийн албыг эмэгтэй хүн хашихад хэцүү юу. Эмэгтэй алба хаагч ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамддаг асуудал бий юу. Удирдлагаас нь хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Хувь хүнээсээ л шалтгаална гэж боддог. Зөвхөн цагдаа гэлтгүй мэргэжил бүхэн хэцүү, өөр өөрийн онцлогтой. Урлагийн салбарынхан, эмч нар гээд бидэнтэй л ижилхэн цаг наргүй ажилладаг юм билээ. Би хувьдаа хэзээ ч хэцүү гэж бодож байгаагүй. Зүгээр л ажилдаа дуртай. Манай байгууллагын удирдлагаас эмэгтэй алба хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх, манлайллын хөтөлбөрийг НҮБ-тай хамтран зохион байгуулан ажиллаж байгаа. Би яг энэ чиглэлээр гадаадын хоёр, дотоодын хоёр удаагийн хөтөлбөрт тус тус хамрагдаж байна. Энэ хөтөлбөрийн зорилго нь надад илүү ойр ч юм шиг, үр дүнгээ үзнэ гэж байдаг бол би түүнийг нь хүртээд байгаа юм шиг тийм өгөөжтэй сургалт байдаг. Анх ахлах дэслэгч цолтой байхдаа эмэгтэй алба хаагчдыг чадавхжуулах хөтөлбөрт хамрагдаад өөрийгөө чадавхжуулах ёстой юм байна гэсэн сэдлийг авч, тасралтгүй олон зүйлийг суралцаж, зарим зүйлийг нь байгууллагын ажиллагаандаа ашиглаж байна. Тийм ч учраас хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа ажилдаа эргэж ороод би юу хийж болох вэ, энэ цаг хугацаагаа яаж ашиглах вэ гэж их боддог байлаа. Ингээд Бүгд найрамдах Ирланд улс руу англи хэлний бэлтгэлд хоёр жил сурахаар явж байсан. Тэнд англи хэл сураад ирнэ гэдэг буцаад цагдаагийн албанд ороход давуу тал болно гэж төлөвлөсөн юм. Ирландад зөвхөн хэлний бэлтгэлд сурч байсан учраас надад тухайн улсын цагдаагийн байгууллагын систем, бүтэц, гэмт хэргийн нөхцөл байдал, туршлагыг судлах боломж хязгаарлагдмал байсан. Гэхдээ хүмүүстэй холбогдож байгаад гэр бүлийн хүчирхийллийн сургалтад суухын сацуу хар тамхитай тэмцэх чиглэлээр энэ улс яаж ажилладаг талаар сургалт, хөтөлбөрт хамрагдаж чадсан шүү. Хэцүү гэж бодож өөрийгөө блоколвол бүх зүйл хэцүү. Харин өөрөө зорьж, зүтгэж чадвал заавал ард нь амжилт байдаг гэдэгт итгэдэг.

-Ажлаасаа няцах, шантрах үе байсан уу?

-Заримдаа тийм үе тохионо. Ид хүйтэн үед гаднаа олон цагаар хамгаалалтад гарах үед би юу хийгээд зогсож байгаа юм бол гэсэн бодол төрдгөө нуухгүй ээ. Олон ажил зэрэг амжуулаад явж байгаад л хамгаалалтад гараад хөдөлгөөнгүй хэдэн цаг ч зогсох үед их юм бодогддог байсан. Тэр үедээ л өөртэйгөө их ярина шүү дээ.

-Хүүхдүүддээ цаг зав гаргаж чадаж байна уу?

-Хүүхдүүддээ цаг зав гаргах нь ховор. Аав, ээж хоёр хүүхдүүдийг маань өсгөсөн гэж хэлэхэд буруудахгүй л болов уу. Би тийм сайн ээж биш. Намайг Ирланд яваад ирэхэд бага хүүхэд маань намайг ээжээ гэж хэлж чадахгүй аниа гэж дуудаж байсан. Намайг хараад их л гайхаад байсан, байсхийгээд л аниа гээд байсан шүү. Хэд хоносны дараагаас ээжээ гэдэг болсон доо. Харин одоо надаас салдаггүй. Ирээд л шууд ажилдаа орсон чинь гэрийн бараа дахиад харахаа больсон. Гэтэл үр минь намайг “Та ажилтай л гээд байх юм, би таныг санаад байна, та амарч болдоггүй юм уу” гэж байнга асуудаг. Өглөө явлаа гэхээр “Тэгэхээр чинь уйлна шүү дээ л” гэдэг. Би өглөө бүр таван цаг өнгөрөөж босоод л өглөөний хоол цайг нь заавал бэлтгээд түгжрэл эхлэхээс өмнө гараад явчихдаг. Хүүхдүүдээ унтаж байхад нь гараад л орой түгжрэл гэсээр ес, арван цаг гэж л харьж байгаа. Сайн ээж болохгүй л байна. Одоо амралтын өдрийг гэр бүлтэйгээ л өнгөрүүлэхийг хичээдэг.

-Та цагдаа болох мөрөөдөлтэй охидод хандаж юу гэж хэлмээр байна?

-Хэрвээ та үнэхээр цагдаа болно гэж зорьсон л бол ажилла. Ажилдаа дуртай хүн энэ байгууллагыг хөгжүүлэхийн төлөө би юу хийж чадах вэ гэж боддог. Өөрийгөө хөгжүүлэх зам нь хүртэл огт өөр. Цагдаагийн дүрэмт хувцас нь гоё гээд орох юм бол замд таарах хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж чадахгүй ажлаасаа гарна. Ямар ч ажил мэргэжил өөрийн онцлог, давуу болон сул талтай. Би хувьдаа одоо л миний карьер эхлэх гэж байна гэж боддог. Цагдаагийн байгууллагын чанарыг сайжруулахын тулд алба хаагчид нь өөрсдөө мэдлэгээ сайжруулаад хамтарч ажиллах боломж байгааг судлаад ирсэн болохоор ажилдаа улам их дурлаж байна. Бахархалтай, нэр хүндтэй, түүхтэй энэ байгууллагад ажиллана гэдэг миний хувьд их хувь заяа.

-Танд ажлаа хийж байх явцад тохиосон санаанаас гардаггүй дурсамж бий юу?

-Би хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авч амжихгүй үедээ ээж аавыгаа аваарай гэж хэлчихээд 3-4 цаг хэрэгт холбогдсон хүмүүстэйгээ нэг бүрчлэн харилцаад, болохгүй зүйлийн талаар сайн тайлбарлаж хэлдэг байлаа. Нэг удаа нэгэн охиноос “Шинээр аваад удаагүй байсан гар утсаа баарны нойлын өрөөнд орхичихоод гараад явчихжээ. Камерын бичлэг шүүж үзтэл үйлчлэгч эмэгтэй нь авсан байна, шалгаж өгөөд намайг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн гомдол ирсэн байлаа. Би үйлчлэгч эгчийг дуудаж тайлбар автал урьд өмнө нь миний хэзээ ч сонсож байгаагүй зүйлийг хэлж байсан юм. “Тийм ээ, би энэ утсыг олсон, гэхдээ энэ утсыг олсон нь урьд өмнө нь миний амьдралд хэзээ ч байгаагүй тийм их боломжийг өгсөн бол яах вэ” гэсэн юм. Би лавлаж асуухад “миний хүүхдүүд ийм утас өмнө нь харж үзээ ч үгүй, би хүүхдүүддээ үзүүлээд, дараа нь ломбарданд тавиад тэр мөнгөөр нь хүнсний материалаа аваад өчигдөр хүүхдүүд минь бүтэн нойртой дулаахан хонолоо” гэж хэлсэн. Би хэрэгт холбогдогч нараас өмнө нь ийм үг сонсож үзээгүй. Санамсаргүй олсон эд зүйлийг завших нь гэмт хэрэг мөн ч, тэр эмэгтэй сэтгэл хөдөлгөтөл хэлж байсан шүү. Дараа нь үйлчлэгч эгч өөрийнхөө хийсэн үйлдлийг буруутай гэдгийг мэдсэн ч анх удаа шинэ утас олсон мэдрэмж, амьдралд нь яаж нөлөөлж байсан гээд л санаа зовох зүйлгүйгээр ярьж байсансан. Энэ бол зөвхөн тэр эгчийн харсан өнцөг, хүрээлэл байсан. Гэхдээ хамгийн гоё нь хохирогч охин утсаа эргүүлж авах үедээ үйлчлэгч эгчид “та миний утсыг олсонд баяртай байна аа, хэрвээ өөр үл таних хүн авч явсан бол утсаа олж чадахгүй байсныг ч үгүйсгэхгүй” гээд баахан витамин авчраад үйлчлэгч эгчид бэлэглэж билээ. Зарим тохиолдолд өөрсдийн хайнга, анзааргагүй байдлаас болж асуудал үүсдэг. Үүнийг буруутгагүй л дээ, гэхдээ хүмүүс нэгнээ жаахан ч гэсэн ойлгож хүндэлдэг байгаасай л гэж хэлэхийг хүсч байна.

-Цагдаа нар янз бүрийн хэрэг дээр ажилладаг. Сэтгэл зүй нь ямар байх ёстой байдаг вэ?

-Цагдаагийн албанд ажиллаж байгаа ямар ч алба хаагч сэтгэл хөдлөлөө зөв удирдах нь чухал. Бидэнд сэтгэл хөдлөлөө тухайн нөхцөл байдалтайгаа уялдуулж зохицуулах чадварыг цагдаагийн академид байхад л суулгаад өгчихсөн байдаг юм болов уу гэж боддог.

-Цагдаа нар ард иргэдтэйгээ байнгын харьцаж байдаг. Иргэддээ хандаж хэлэх үг байна уу?

-Хүмүүс их бухимдуу болсон байна, мөн нэг нэгнийгээ их шүүмжилдэг болжээ. Зүгээр л хүн болгон өөр өөрийн гэсэн өнгөтэй, байгаа чигээр нь хайрлаж, хүндэлж, харилцаж болохгүй юм байх даа гэж бодох юм. Үүнээс болж гэр бүлийн маргаан үүснэ, нэгнийгээ дээрэлхэнэ, улмаар хүчирхийлэл болно. Энэ дунд хүүхдийн эрхийн асуудал хөндөгдөнө. Энэхүү байдлыг харсан хүүхдэд ингэх л ёстой юм байна гэсэн бодол төрнө, хүүхэд буруу зүйлд татагдана, гэмт хэрэг гарна, товчхондоо бол ийм. Мөн иргэд аливаа зүйлийг уур уцаараар шийдэх гэх юм. Хэсэгхэн хором тэвчих зүйлийг өнгөрүүлээгүйгээс болж хожим нь харамсал төрүүлэх олон зүйлс болж байна. Иймээс бие биенээ хүндэлье, нэгнийгээ ойлгодог байя гэж л хэлмээр байна.

Ө.АНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *