Categories
мэдээ спорт

Хорвоод ганцхан “Kaiser” Беккенбауэр DNN.mn

Германы хөлбөмбөгийн оройн дээд домог болох хөлбөмбөгч Франц Антон Беккенбауэр өнгөрөгч долоо хоногт нас нөгчлөө. Түүний энэ дэлхийд өнгөрөөсөн 78 жил хэтрүүлж өгүүлэхэд эхний өдрөөсөө эцсийн хором хүртлээ хөлбөмбөг хэмээх шидэт спорттой нягт холбоотой байж зөвхөн амжилт ололтоор жигүүрлэгдэн дэлбээлж явлаа гэмээр санагдах юм.

1990 онд Германы шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлэн алтан медаль хүртэх мөчид тоглогчид бултаараа баярлаж хөөрцөглөн талбай тойрон гүйж байхад тус багийн ахлах дасгалжуулагч Франц Беккенбауэр бусдаас тусдаа, ногоон зүлэгний төв хавьцаа хоёр гараа өмднийхөө халаасанд хийчихээд юу ч болоогүй мэт хээв нэг зугаалсан шигээ алхаж яваа дүрсийг огт мартдаггүй билээ. Түүнээс өмнө ба түүнээс хойш ч гэлээ ийм сэтгэлийн хөдлөлгүй Ерөнхийг харж байсангүй. Хожим сэтгүүлчид та яагаад тийм амар амгалан байв аа гэсэн асуултад “би ийм агшныг тэртээ 1974 онд амсчихсан шүү дээ” гэж хариулсан байдаг юм. Энэ бол түүний бодит шинж чанар, ажлыг төгс дуустал нь хийгээд дараагийн зорилгоо үргэлжлүүлээд эхлүүлдэг, бодож төлөвлөж, өөрийгөө завгүй байлгаж чаддаг нэг ёсондоо нөгөө мөнхийн хөдөлгүүртэй герман машины тусгал мөн бөлгөө. Ер нь Беккенбауэр бол Германы хөлбөмбөгийг машинтай зүйрлүүлэх эхлэл, уламжлалыг тавьсан хүн. 1945 онд дайны дараахан үйрч сүйдсэн Герман улсад, тэр тусмаа Мюнхэн хотод төрсөн тэр яалт ч үгүй “Бавари” багийг хөлбөмбөгийн оргилд хүргэх тавилантай байсан гэмээр. 13 настай хүүг ширэн бөмбөг овоо өшиглөөд гүйж явах үед төрөлх хотод нь “Мюнхэн-1860” гэдэг баг оройлдог байсан болохоос өнөө цагийн алдарт “Бавари” сураггүй байжээ. Тэр ч “Мюнхэн-1860”-д багтана гэдэг мөрөөдөлтэй байсан ч гэлээ нэгэн удаа уг багийн хүүхдүүдэд зодуулснаасаа хойш “Бавари” руу дүрвэсэн гэдэг. Хэдхэн жилийн дараа шинээр байгуулагдсан Бундеслигт “Бавари” багийн анхны түрүүг авчирсан, баталсан, багийн ахлагч болсон, дахин өчнөөн түрүүлсэн, Европын цомуудыг хамж эхэлсэн гээд л урт түүх бичигдэнэ. Бас шигшээ багтаа дуудагдаж хүрэл, мөнгө, алт гээд ДАШТ-ий бүх тавцанд өөрөө ч зогссон, өрөөлийг ч зогсоосон. Ер нь ДАШТ-ий алтыг тоглогч, дасгалжуулагчийн хувиар хүртсэн гуравхан хүний нэг шүү дээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог шагнал буюу “Алтан бөмбөг”-ийг хоёронтоо хүртсэн цорын ганц хамгаалагч. Тэр довтлогч, хагас хамгаалагч биш зүгээр л тэр бүр олны анхаарал, халамжид байдаггүй хамгаалагчийн байрлалд тоглодог байсан товарищ гэдгийг мэдэх үү.

Тоглох тоглохдоо чөлөөт хамгаалагч буюу либерог сэдсэн, боловсруулж хөгжүүлсэн хүн. Түүнээс өмнөх үеийн хамгаалагч хүн гоол алдахгүй байж ерөнхийдөө бөмбөг олдвол урагшаа цөлдөг уламжлалтай байсан бол Беккенбауэрын ачаар хамгаалахаас гадна довтолгооныг аль талаар зөв эхлүүлэх вэ гэдгийг анхлан шийддэг чухал хүмүүс болон өөрчлөгдсөн гэдэг.

Хорвоод түүн шиг очсон газар, баг болгоноо аварга болгож оройд гаргаж явсан хөлбөмбөгч, дасгалжуулагч нэг ч байхгүй. Өнөө цагийн дасгалжуулагчид шиг мөнгөтэй багт хүссэн хөлбөмбөгчөө худалдаж аваад алдрын оргилд хүрээгүй шүү гэдгийг Францын “Олимпик” багийн түүх, ядарч хөгширч явсан ч Германдаа гэдгээ баталсан “Гамбург” багийн тэр жилийн аваргын алтан медаль батална. Тэр хөлбөмбөгийн талбайд, талбайн гадна эзэн хаан байлаа.

Тийм ч учраас тавин жилийн турш эзэн хаан буюу “Кайзер” хэмээх хочийг нэртэйгээ хамсруулаад хэрэглэж амьдарчээ. Тэр хочийн талаар бас хэд хэдэн хувилбар яригддаг. Өөрийнх нь баталснаар бол Австрийн Вена хотноо байх Франц Иозеф I (Австрийн кайзер)-ийн хөшөөний хажууд 1968 онд авахуулсан зургаас нь хойш түүнийг “кайзер” хэмээн авгайлах болсон гэдэг юм билээ.

Д.Бат-Эрдэнэ

One reply on “Хорвоод ганцхан “Kaiser” Беккенбауэр DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *