Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлах тухай мэдээлэл тарж, энэ талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр болсон гэж байв. Гэвч тэрээр мэдээлэл хийгээгүй юм.
Түүнийг ямар учраас зодог тайлахаар болоод байгаа тухай бөх сонирхогчид дор бүрээ таамаг дэвшүүлж байв. Зарим нь түүнийг бэртэл гэмтлийн улмаас спортоо орхихоос аргагүй болсон гэж байсан бол нөгөө хэсэг нь кинонд тоглохоор бөхөө орхиж байна гэцгээсэн юм.
Харин Х.Мөнхбаатар арслан өөрийн цахим хуудсаараа олон нийтэд хандан мэдээлэл бичсэн байна. Тэрээр “Мөнхбаатар миний бие бөхийн спортоор хичээллээд 18 жил боллоо. Энэ хугацаанд санасандаа хүрч чадаагүй ч чамгүй амжилт гаргасан гэж боддог. Одоогоор улсын баяр наадамд 15 жил барилдахдаа 95 барилдаан хийснээс 81 давсан амжилт гаргасан. Мөн жижиг том олон ч бэртэл гэмтэл авчээ, энэ дундаа 2012 оны цагаан сараар үзүүр түрүүнд барилдаж байхдаа баруун мөр мултарсан нь миний амжилтанд том саад болж байна. 2015 оны 8 сард хагалгаанд орсон боловч бүрэн гүйцэд хараахан эдгээгүй байна.
Бие минь спортоо орхихыг шаардаж байгаа ч сэтгэл зүрх минь бэлэн биш байна. Бөхийн спортыг сонирхон дэмжигч та бүхнийхээ өмнө гарч барилдаж чадахгүй олон том барилдаан өнжиж байгаадаа хүлцэл өчье.” гэжээ.
2014 оны улсын баяр наадмын үеэр эрхэм арслан давчихаад тунчиг уран гоё, өвөрмөц дэвж, Төв цэнгэлдэхэд бөх үзэж суусан наадамчин олныг баясгаж байв. “Өдрийн сонин”-ы архиваас хүргэж байна.