Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Мөнх-Эрдэнэ: Өдөр бүр 2-3 хүн зам тээврийн осолд өртөж байна DNN.mn

Сүүлийн үед зам тээврийн ослын тоо нэмэгдэж, явган зорчигчийн амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол өсч байна. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Энэ онд зам тээврийн осолд явган зорчигч холбогдсон хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

-2024 он гарсаар улсын хэмжээнд нийт 21485 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдлын 1528-д нь явган зорчигч холбогдсон. Харамсалтай нь, эхний есөн сарын байдлаар явган зорчигч замын хөдөлгөөнд оролцож байгаад мөргүүлж, амь насаа алдсан 83 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 42 нь нийслэлд, 41 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Замын хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртсэн хүний тоо 1445 байгаагийн 80 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.

-Хоёр хоногийн өмнө Яармагийн зам дээр ноцтой осол гарч, гарцаар гарч явсан хоёр хүнийг мөргөж, нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ тал дээр албаны хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Явган зорчигч, жолооч аль аль нь замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэн нэгэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэл үүсдэг. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм дээр жолооч болон явган зорчигчид хүлээлгэх үүрэг гэж байдаг. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарч хүний амь эрсдээд байна.

-Явган зорчигчид ямар үүрэг хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн тавдугаар бүлэгт явган зорчигчийн эрх, үүргийг тодорхой заачихсан байгаа. Явганаар замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэн бүр зам хөндлөн гарах гэж байгаа тохиолдолд заавал явган хүний тэмдэг, тэмдэглэгээтэй хэсгээр гарах ёстой. Энэхүү дүрмийн заалтыг иргэд биелүүлэхгүй тохиолдол их гардаг.

Замын хөдөлгөөний ачаалал ихсээд, хурд нь саараад ирэх үед түгжирч байгаа машинуудын дундуур гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байна. Аль эсвэл хажууд нь нүхэн гарц, гүүрэн гарам байгаа тохиолдолд түүгээр гарахаас залхуурдаг. Ингэснээр тухайн хэсгээр явж байгаа тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх зэрэг тохиолдол гардаг. Явган зорчигч гарцгүй хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, онц шаардлагагүй бол замын зорчих хэсэг дээр гарах ёсгүй байдаг. Зөвхөн Нийслэлийн тохижилт үйлчилгээний газрын ажилтнууд, зам ангийн ажилчид, замын цагдаа хөдөлгөөн зохицуулж байгаагаас бусад тохиолдолд иргэд зорчих хэсэг дээр байх ёсгүй. Үүнийг үл хайхран замын зорчих хэсэг дээр такси барих гэж зогсож байгаад мөргүүлэх тохиолдол гардаг.

-Бага насны хүүхэд замын хөдөлгөөний дүрэмд хэрхэн аюулгүй оролцох ёстой вэ?

– Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог.

ЕБСболон цэцэрлэгүүдэд “Гараас-гарт” хөтөлбөр хэрэгждэг. Тийм учраас эцэг эхчүүд заавал сургууль дээр нь хүргэж өгөөд, аваад явах ёстой. Мөн сургуулиудын гадна “School police” ажиллаж байгаа учраас 10 хүртэлх насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь харьцангуй бага. Гэтэл түүнээс дээш насны хүүхдүүд замын хөдөлгөөнд бие даагаад оролцдог учраас зам тээврийн осолд өртөх нь ихэсдэг. Хүүхдүүд гэрээс сургууль хүртэлх замдаа бэртэж гэмтэж байгаа тохиолдлууд их гарч байна. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ аль гарцаар зам хөндлөн гарах вэ гэдгийг сайн зааж өгөх хэрэгтэй.

-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийн ямар үүрэг хариуцлагыг хүлээлгэдэг вэ. Жолооч нар ихэвчлэн ямар дүрмийг зөрчиж байна вэ?

-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм дээр “Явган хүний гарц нэвтрэх” гээд тусдаа бүлэг, заалт байдаг. Жолооч нарын хамгийн энгийн мэддэг зүйл нь улаан гэрэл хараад зогсдог. Үүнтэй адил явган хүний гарц гэсэн тэмдэг байгаа тохиолдолд жолооч заавал хурдаа хасах ёстой. Тэр нь гэрлэн дохиотой, дохиогүй зам байсан ч хамаагүй. Энэ тал дээр жолооч нар ихэвчлэн хурдаа сааруулахгүй зорчдог. Хэрвээ явган зорчигч зам хөндлөн гарах гээд гарцны хажууд зогсож байвал тухайн зорчигчийг жолооч түрүүлж замаар нэвтрүүлэх ёстой.

Гэтэл замын хөдөлгөөний ачаалал ихтэй байгаагаас болоод жолооч нар явган хүний гарцыг анзаарахгүй явчихдаг. Мөн хөдөлгөөнд оролцох үедээ маш болгоомжгүй үйлдэл гаргадаг, гар утас болон ижил төрлийн зүйл оролдож байгаад зам хөндлөн гарч байгаа явган зорчигчийг гарцан дээр харахгүй очоод мөргөдөг тохиолдлууд гардаг. Замын хөдөлгөөний дүрмийн жолоочнарт хамаарах хамгийн чухал заалт нь “зэрэгцээ эгнээнд явж байгаа жолооч явган зорчигчдод зам тавьж өгөх гээд хурдаа хасвал мөн хурдаа хасах ёстой” гэж заасан байдаг. Үүнийг мөрдөөгүйн улмаас явган зорчигчийг мөргөх, гэмтээх тохиолдлууд их гардаг. Уулзвар гарцаар нэвтрэх үедээ шар гэрэл асангуут амжина гээд орчихдог. Гэтэл шар гэрэл унтраад улаан болоход нөгөө талаас явган зорчигч зам руу орж ирдэг. Тэр үед мөргөж гэмтээх тохиолдол байдаг. Жолоочийн сахилга бат гэдэг зүйл маш чухал байна. Замын тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохиогоо маш сайн баримтлах ёстой.

-Осол ихэвчлэн хаана бүртгэгдэж байна вэ. Хэдэн насны хүмүүс өртөж байна вэ?

-Өдөр бүр 2-3 хүн ямар нэгэн байдлаар зам тээврийн осолд өртөж байна. Тээврийн цагдаагийн албанаас хоёр жилийн өмнө судалгаа хийсэн. Нийслэлд гарсан тохиолдлын ихэнх нь Улаанбаатар хотыг тойрсон гэр хорооллын дунд тавигдсан засмал замууд дээр гарсан осол байдаг. Харанхуй шөнө, оройн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдаад ирэх үед осол их гардаг. Осолд 18-40 орчим насныхан их өртөж байна. Мөргөлдсөн хүмүүсийн гэрэл зургийг тулгаад үзэхээр ойролцоогоор 80-90 хувь нь хар бараан өнгийн хувцас өмссөн байдаг. Хар бараан хувцас өмссөн хүмүүс жолооч нарт тээврийн хэрэгслийн ойрын гэрэлд шөнийн цагаар 17 метр дотор л харагддаг. Энэ нь туршилтаар тогтоогдсон зүйл. Гэр хорооллын дундах зам дээр хөдөлгөөний ачаалал сийрэг учраас 60 хүртэлх км цагийн хурдтай явж байгаа машинууд нэг секундэд 16 метр газар туулдаг. Тийм учраас хурдтай явж байгаа машин 17 метр дотор явган зорчигчийг хараад хурдаа хасахад зорчигч дээр тулаад очдог. Улмаар явган зорчигчийг мөргөөд, амь нас нь хохирдог. Замын хөдөлгөөний дүрэм дээр зөвлөмжөөр орсон заалт байдгийн нэг нь “Шөнийн цагаар өөрийнхөө харагдах нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох бүхий шинж чанартай хувцас өмсөж хөдөлгөөнд оролцоно уу” гэсэн заалт замын хөдөлгөөний дүрмийн 5.2 дахь хэсэг дээр байдаг.

-Явган зорчигчийн зам хөндлөн гарах гарцтай ойролцоох зам дээр хурд сааруулагч байдаггүй нь зам тээврийн осол гарах нэг шалтгаан болж байгаа байх?

-Тухайн замын хөдөлгөөний эрчим, ачаалалд тохируулаад судалж байгаад хурд сааруулагчийг байршуулж хийдэг. Явган зорчигч мөргүүлж байгаа цэгийн судалгааг нь гаргаад тухайн нутаг дэвсгэрээс Нийслэлийн замын хөгжлийн газар луу явуулаад хурд сааруулагч тавих эсэхийг шийддэг. Сүүлд Яармагийн зам дээр гарсан осолтой холбоотойгоор тухайн газарт явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хурд сааруулагч тавих шаардлагатай гэж үзвэл манайхаас судалгааг нь хийгээд явуулна. Хурд сааруулагчийг ихэвчлэн сургууль орчмын бүс дээр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тавьдаг.

-Гэрлэн дохио, зохицуулагч байхгүй үед явган зорчигч хэрхэн аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах ёстой вэ?

-Явган зорчигч машиныг бүрэн зогссоны дараа зам хөндлөн гарах ёстой. Гарцан дээр зогсож байтал машин хурдаа хасаж байгааг хараад шууд явж болохгүй. Нөгөө машин чинь зуны дугуйтай явж байвал гулсаж ирээд зорчигчийг мөргөх аюул үүснэ. Аль болох машин бүрэн зогссоны дараа явган хүний зам руу орох хэрэгтэй. Нүдэнд харагдах газар болон ойр хавьд нэг ч гарц байхгүй, зам хөндлөн гарах зайлшгүй шаардлага байвал хоёр талаас ямар ч тээврийн хэрэгсэл чиглэж ирээгүй үед замыг эгц хөндлөн гарна гэсэн дүрэм байдаг. Энэ заалтыг нарийн зам дээр л мөрдөх хэрэгтэй. Өргөн зам дээр явган хүний гарцыг 400 метрийн зайтай хийсэн учраас гарцаараа гарах хэрэгтэй.

-Өвлийн улирал ирж буйтай холбогдуулан жолооч нар замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох талаар зөвлөгөө өгнө үү?

-Өвлийн улирал болж байгаа учраас жолооч нар машиныхаа дугуйг солих шаардлагатай. Дөрвөн улирлын дугуй гэж байхгүй. Тэр дугуй нь -10 градусаас дээш хүйтэрдэггүй уур амьсгалтай орнуудад зориулагдсан байдаг. Мөн шил рүү үлээдэг паар, тос тосолгоо, шил арчигчийн хэвийн ажиллагаа, машины гэрлийн тусгалыг сайжруулах зэргээр автомашины бүрэн бүтэн байдлыг хангасаны дараа замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай.

Г.Балгармаа

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *