Германы хэд хэдэн хотод Палестиныг дэмжсэн жагсаал дахин боллоо. Эссен хотод исламын шашинтнууд Исламын улсынхтай төстэй бэлгэ тэмдэг бүхий жагсаал цуглаан зохион байгуулж, Германд халифат байгуулахыг уриалж байснаар бусдаасаа ялгарав.
ХБНГУ-ын нийслэлд 10 мянга орчим хүн Берлин хотын захирагчийн байр байрладаг талбайд цугларч Далайн вангийн усан оргилуур руу авирч, Палестины далбаагаар тэнгисийн эзнийг чимэглэв. Жагсаалд оролцсон илтгэгчдийн нэг Израилийн эрх баригчдыг “апартейдын соёл түгээгч” хэмээн буруутгаж, Газын зурвасыг бөмбөгдөхийг зогсоохыг шаарджээ. Өдрийн дундуур исламистуудын жагсаал Потсдамер Платц руу хөдөлж, Берлиний бараг бүх төв замын хөдөлгөөнийг хаажээ.
Берлинд болсон Палестиныг дэмжсэн жагсаалын дараа цагдаа нар үндэстэн ястны хооронд үзэн ядалт өдөөсөн, гэмт хэргийг зөвтгөсөн, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэх мэтээр гуч гаруй хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлж 68 хүнийг түр саатуулжээ.
Германд цагаачдын тоогоороо дээд амжилт тогтоодог Хойд Рейн-Вестфалийн холбооны муж улсын хотуудад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо. Дюссельдорф хотод гэхэд л “Хүний эрхийн төлөө” уриан дор 16-17 мянган исламистууд оролцсон жагсаал болжээ.
Берлиний нэгэн адил цагдаа нар үндэстэн ястны үзэн ядалтыг өдөөн хатгасан, Холокостыг дэмжсэн гэсэн хэргээр хэд хэдэн мөрдөн байцаалт явуулж, антисемитийн уриа лоозон бүхий баннеруудыг хураан авчээ.
Эссен хотод болсон жагсаалд гурван мянга орчим хүн оролцсон бөгөөд гол илтгэгч нь Ойрхи Дорнодын Исламын мөргөлдөөний үеийн нэг удирдагч болох Ахмад Тамим байв. Исламистуудын барьсан зурагт хуудаснуудын дунд “геноцидийг зогсоо” гэсэн уриалга байсан бөгөөд нэгэн дээр нь сэтгүүлчид “Германы төр засаг манай хүүхдүүдийг алахыг шаарддаг” гэсэн бичээсийг анзаарчээ.
Эссен хотод болсон Палестиныг дэмжсэн жагсаалд оролцогчид долоовор хуруугаа дээш өргөн Аллах бурханыг бэлгэдэж байжээ. Исламистуудын жагсаалыг зохион байгуулагчид жагсаал эхлэхийн өмнө оролцогчдыг хүйсээр нь ялган эрэгтэйчүүд түрүүлж, араас нь эмэгтэйчүүд, хүүхдүүд алхаж байв. Жагсаал төв талбай дээр ирэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биенээсээ зайтай зогсож “Аллаху Акбар” гэж хашгирч, “дэлхийн жихад” гэсэн уриалга хааяа сонсогдож, араб бичигтэй хар тугнууд буюу Исламын улсын бэлгэ тэмдэг тэдний толгой дээгүүр эргэлдэж байв. Хамгийн гол нь тэдний зурагт хуудаснууд Холбооны бүгд найрамдах Герман улсад Халифын вант улс байгуулахыг уриалсан байжээ.
Эссений цагдаа нар жагсаалын үеэр авсан видео бичлэгийг Ахмад Тамимд үзүүлэн түүнийг үндэстэн ястны хооронд үзэн ядалт өдөөсөн хэрэгт сэжиглэн хэрэг үүсгэсэн байна.
Германы Цагдаагийн үйлдвэрчний эвлэлийн гишүүн Йохен Копелке манай засаг захиргаа жагсаал, цуглаан зохион байгуулах өргөдөлд илүү болгоомжтой хандаж байхыг шаардаж “Германы хотуудад ийм жагсаал болох ёсгүй” гэж мэдэгдсэн бол ХБНГУ-ын эрх баригч эвслийн нэг хэсэг болох Ногоон намын тэгш эрхтэй нэгэн дарга Омид Нурипур Эссен хотод болсон исламист байгууллагуудыг дэмжсэн еврейчүүдийн эсрэг уриа лоозон, илтгэлүүдийг “тэвчиж болшгүй зүйл” гэж нэрлэн “Иймэрхүү үйлдэлд төрөөс хатуу хариу арга хэмжээ авах шаардлагатай” гэж хэлжээ.
Германы хэвлэлүүд, тухайлбал Людвигсбургер Крейсзейтунг сонин “Энд ноёрхож буй үнэт зүйл, хууль, журмыг үл тоомсорлодог хүмүүс манай хууль дээдлэх ёсыг тохуурхаж байгаа явдлыг зогсоох цаг болсон” гэж бичээд Герман дахь Палестиныг дэмжигч бусад байгууллагуудын үйл ажиллагааг хориглохыг шаардсан байна. Мөн Вестфален-Блатт сонин “Бид ардчилал болон өөрсдийн байгуулсан нийгмээ ардчиллын дайснууд болон шашны фанатуудад өгөх эрхгүй” гэжээ. Мөн Leipziger Volkszeitung сонин “Эссен хотод болсон шиг биднийг үзэн ядсан үйл явдалд оролцсон гадаадын иргэдийг бид эх орноосоо хөөх ёстой” гээд Германы хуулиар ийм үйлдэл хийсэн хүмүүсийг албадан гаргахыг зөвшөөрдөг гэдгийг сануулжээ. Мөн Хойд Рейн-Вестфалийн Ерөнхий сайд Хендрик Вүст “Халифатын улсад амьдрахыг хүссэн хэн бүхэн Германд амьдрах ёсгүй. Бидний хүлцэнгүй, чөлөөт нийгмийг устгахыг хүссэн хүмүүсийг манай чөлөөт нийгэм цаашид тэвчиж чадахгүй. Исламистууд, хэт даврагчдыг нэг мөр хориглох ёстой” гэж мэдэгдэв.
Канцлер Олаф Шольц Холбооны муж улсуудын ерөнхий сайд нарын уулзалтад оролцож, Герман руу хууль бусаар цагаачлах, тэр дундаа исламын шашинт орнуудаас ирсэн, ирж буй цагаачдын асуудалтай хамт Германы хотуудад болж буй Палестиныг дэмжсэн жагсаалын асуудлыг ч мөн хэлэлцсэн байна. Гэхдээ Германы эрх баригчид Палестиныг дэмжсэн эсэргүүцлийн хөдөлгөөн улам бүр нэмэгдэж, Германы Үндсэн хуулийг шариатын хуулиар солих уриалгад ямар тодорхой хариу үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Г.АМАРСАНАА
One reply on “Холбооны бүгд найрамдах Герман улсад Халифын вант улс байгуулахыг уриалж эхлэв DNN.mn”
Хөгшин тив хдэдхээн жилийн дараа лалуудынх болно гэсэн Вангагийн үг үнэн болой.