Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: “Ирээдүй өв сан”-гийн мөнгийг өндөр рейтингтэй Засгийн газрын бондод байршуулсан бол нэг тэрбум ам.доллар болчих байсан DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-Ер нь намрын эдийн засгийн төлөв байдлыг та хэрхэн харж байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор эрэлт ихэсч байх шиг байна. энэ нь валютын ханшинд хэр нөлөөлөх бол?

-Өмнөх жилүүдийн түүхийг үзвэл ам.долларын ханш ихэсдэг байсан л даа. Харин энэ жилийн тухайд бол онцлогтой. Уул уурхайн экспорт сайжирсантай холбоотойгоор ам.долларын орлого ч сайжирсан. Гэхдээ өмнө нь манайх уул уурхайгаас олсон мөнгөө бусад салбар руу хөрөнгө оруулалт болгоод оруулчихдаг байсан. Гэтэл уул уурхайгаас орж ирж байгаа орлого зургаан сараас нэг жилийн дараагаас л эдийн засагт нэвчиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ийм хугацааны дараагаас улсын төсөв, ханш, барилгын салбарт ч гэдэг юм уу нөлөөлж эхэлдэг. Энэ үйл явц явагдах нь явагдаж байна. Гэхдээ энэ жилийн тухайд сэргэлт хожуу явагдаж байна. Нэгдүгээрт, барилгын салбар руу тэр мөнгө орж амжаагүй байна. Хоёрдугаарт, ипотекийн зээл тодорхой хугацаанд саатсанаас үүдэж барилгын салбарт өмнөх жилүүдтэй адил хэмжээний том бүтээн байгуулалтыг хийгээгүй байна.

Намар, өвөл яагаад ам.долларын ханш өсдөг вэ гэхээр бэлэг сэлтээс гадна барилгын салбарын импорт ихээхэн хувийг эзэлдэг. Барилгын дотоод засалд их импорт ордог. Энэ жилийн тухайд бага байна гэсэн үг. Тиймээс 2023 оны төсөв ашигтай гарах юм шиг байгаа юм. Эдийн засгийн өсөлт зургаан хувьтай гарна. Хэдийгээр төсөвт тодотгол хийж цалин, тэтгэврийг нэмсэн ч гэсэн долдугаар сарын байдлаар төсвийн ашиг 1.8 их наяд төгрөг хүрсэн байсан. Улсын төсөвт татвар бүрдүүлэлт харьцангуй сайн явж байна. Нөгөө талд хувийн секторууд руу хангалттай хөрөнгө оруулалт орсонгүй.

Дэлхий даяар зээлийн хүү өсч байна. Маш өндөр хүүтэй болж байна. АНУ-ын Засгийн газрын бонд 4.5 хавьцаа байна. Үүнээс үзвэл ойрын хэдэн жилдээ ойлгомжгүй байдал өнгөртөл гадаадаас зээл авах нь харьцангуй хэцүү болно гэсэн үг. Манайх ихэнхдээ дахин санхүүжилт хийж байгаа шүү дээ.

Бид одооноос зээл төлөлтөө дуусгаж явахгүй бол манайх шиг рейтингтэй орнуудынх дараагийн санхүүжилт минимум 10 хувьтай босохоор харагдаж байна. Тиймээс ойрын хоёр гурван жилийн хугацаанд төлөх бондуудыг бүрэн төлж явах хэрэгтэй. Үгүй бол гадаад худалдаанд дахин санхүүжилт хийвэл нэлээд өндөр хүүтэйгээр мөнгө босно. Энэ жилийн хувьд ханш харьцангуй тогтвортой байх болов уу гэж харж байна. Дүгнээд хэлэхэд эдийн засаг өсөлттэй байна. Валютын орлого хангалттай байна. Нөгөө талд импортын гол өдөөгч буюу барилгын салбар, машины борлуулалт тодорхой хэмжээнд буурсан гэж байгаа. Энэ нь импортын барааны эрэлт харьцангуй бага байна гэсэн үг. Тиймээс ам.долларын ханш харьцангуй гайгүй байх болов уу. Ер нь шинэ жил, цагаан сар хоёр л их нөлөөлдөг. Гэхдээ ханшинд шууд том хэмжээгээр нөлөөлөхгүй байх гэж харж байна.

-Гэтэл зарим мэргэжилтнүүд инфляци нэмэгдэх төлөвтэй байна гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа шүү дээ?

-Ханш алдвал нэмэгдэнэ. Би он дуустал инфляци гайгүй байна гэж харж байна. Зарим хүмүүс өмнөх жилүүдийн түүхийг харж байгаад яриад байна л даа. Дээр хэлсэнчлэн хэрэглээний бараа, барилгын дотор заслын материал их импортолдог байсныг тооцоолоод валютын ханш савах байх гэсэн таамаглал хийгээд байх шиг байна. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа.

Тэтгэвэр нэмсэнтэй холбоотойгоор инфляци өсөх байх гээд ажигласан байдалтай байна. Мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна. Гэхдээ том хэмжээнд харьцангуй гайгүй байх гэж харж байгаа. Учир нь манай улсын хувьд инфляцийн гол өдөөгч нь ханш байдаг. Бусад нь харьцангуй гайгүй. Үүнээс гадна манайд инфляци импортлогдоод байна. Бусад оронд инфляцийн түвшин өндөр байгаа. Харин БНХАУ-ынх харьцангуй гайгүй байна. Гэхдээ барилгын салбар нь хямралтай байна. Улс орон бүр ковид, геополитикийн зөрчилдөөний дараах асуудлаа цэгцлэх гээд үзээд л байна.

-Тэгвэл ам.долларын ханшийг буулгах боломжтой юу?

-Буух боломжгүй байх гэж харж байна. Одоо гадаад бондуудын төлөлтийг хийгээд явна гэж байгаа бол тодорхой хэмжээний хуримтлалуудыг бий болгох ёстой. Энд нэг зүйлийг дурдахад, манайд хуримтлалын сангууд бий. Тухайлбал, “Ирээдүй өв сан”. Уг санд одоогоор 2.7 их наяд төгрөг хуримтлагдсан байна. Энэ сангийн мөнгийг уг нь валютаар, магадгүй гадны өндөр хөгжилтэй буюу рейтинг нь гурав А-тай Засгийн газрын бондод байршуулаад явсан бол нэг тэрбум ам.доллар болчихоор байсан юм билээ. Тэр санд сар бүр мөнгө хуримтлуулж байгаа шүү дээ. Сангийн мөнгөнөөс тодорхой хэмжээгээр хүүхдийн мөнгө өгөх нь өгсөн.

Гэхдээ төрийн сан дээр төгрөгөөр хүүгүй байршуулж байгаа. Ингэж зүгээр байршуулснаараа бид алдагдал хүлээгээд байгаа юм. Ханш алдахаар тэр мөнгөний үнэ цэнэ унаад байна гэсэн үг шүү дээ.

Гэхдээ эрсдэлтэй зүйлд тэр мөнгөөр хөрөнгө оруулалт хийж болохгүй. Тэрийг хурдан хөрвөх боломжтой үнэт цаасанд байршуулж байж баталгаатай болно.

-Дэлхий нийтийн эдийн засгийн чиг хандлага Ази руу чиглэж байна гэсэн зүйл энэ зун их яригдсан. Хэрвээ үнэхээр Ази руу, тэр дундаа манай урд хөрш рүү эдийн засгийн чиг хандлага чиглэж байгаа бол манайх үүнээс ямар боломжийг өөрсдөдөө бий болгох боломжтой вэ?

-Худалдааны интеграцид орох хэрэгтэй. Ази тив том шүү дээ. БНХАУ ч том. Энэтхэг улс мөн БНХАУ-аас хүн амаараа олон болчихлоо. Бусад тивүүдийг бодоход дэд бүтцийн холболт харьцангуй муу. Тиймээс бид худалдаа хөрөнгө оруулалтын ажлуудаа эрчимжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Манайх шиг далайд гарцгүй, хязгаарлагдмал орны хувьд болж өгвөл чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг сайн тохирч байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт бараагаа худалдах боломжтой болох ёстой. Үүнийг нь Засгийн газар хийж өгөх хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт, манай бүтээгдэхүүн холын тээврийг даах чадамжтай байх хэрэгтэй.

Ковидын үед бид зөвхөн нүүрсээр амьдарч болохгүй юм байна гэдгийг ойлголоо шүү дээ. Нүүрс гардгаараа гараг. Гэхдээ үүний хажуугаар өртөг шингэсэн, тээвэрлэлтийг нь харьцангуй хялбар шийдэж болохоор өндөр өртөгтэй уул уурхайн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Үүн дотор сүүлийн яригдаад байгаа ураныг зөв вариант гэж би харж байгаа. Ураны нэг килограмм нь 150 ам.доллар. Тэгвэл нэг тонн нь 150 мянган ам.доллар гэсэн үг. Бид хэд хэдэн тонноор гаргах боломжтой. Үүнтэй адил өртөг шингэсэн тээвэрлэлтийг амархан шийдэж болохоор дараа дараагийн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингээд тэрхүү бүтээгдэхүүнээс орж ирж байгаа орлогоороо дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх гарц байна.

Энэ жил аялал жуулчлалын тухай хуулиа амжилттай батлаад, иргэний агаарын тээврээ либералчлаад урьд өмнө авч байгаагүй хэмжээний жуулчдаа авч байна. Энэ бол ковидын дараах сэргэлтийн цаг үе. Тиймээс манайд илүү потенциалууд байна. Засгийн газар сурталчилгаа чиглэлд сайн ажилласан гэж бодож байгаа. Шинэ үеийн маркетингийн сошиал медиагийн аргыг амжилттай сайн хэрэгжүүллээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *