Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар “Корпорэйт конвэйшн центр”-ийн “Сөүл” танхимд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр “Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн-2018” эхэллээ. Зөвлөгөөнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ТЕГ-ын дарга Д.Занданбат, дэд дарга Б.Заяабал болон Нийслэл, дүүрэг, 21 аймгийн Татварын албадын дарга нар оролцлоо.
ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал зөвлөгөөний дэгийг танилцуулж, оролцогчдоор батлуулснаар зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа нээж, хэлсэн үгэндээ “Жил болгон зохион байгуулдаг “Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн-2018”-д хүрэлцэн ирсэн Татварын ерөнхий газар, нийслэл, аймаг, дүүргийн Татварын албаны дарга, татварын улсын ахлах байцаагчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Татварын алба улс, орон нутгийн төсөвт 2017 онд 3.3 их наяд төгрөгийг татварын орлого төвлөрүүлэхээс 3.8 их наяд төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөнөөсөө 116.9 хувиар, 2018 оны эхний хоёр сард 547.2 сая төгрөгийг татварын орлогоос төвлөрүүлэхээс 728.6 сая төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 133.2 хувиар давуулан, амжилттай биелүүлсэн байна. Та бүхэндээ Сангийн сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж байгаагаа илэрхийлье.
Татварын алба Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг хүлээдэг билээ. Энэ үүргийг биелүүлэхэд Сангийн яам, удирдлагууд бүх талаар Татварын албатай хамтарч ажиллаж ирсэн. Татварын алба татвар төлөгчдийг орлогоо үнэн зөв мэдүүлэх, татвараа хугацаанд нь төлдөг болгоход чиглүүлж, ажиллах ёстой. Монгол Улсын хөгжил дэвшлийн суурь болсон төрийн сан хөмрөгийг арвижуулахад хувь нэмрээ оруулж буй татвар төлөгч иргэдийг өөрөөрөө бахархах сэтгэлийг бий болгох нь татварын байгууллагын нийгэмд хүлээсэн үүрэг төдийгүй иргэдийн төр засагтаа итгэх итгэлд томоохон өөрчлөлт авчирах учиртай юм. Дээрх төлөвшлийг бүрдүүлэн, татварын үйлчилгээг мэргэжлийн төвшинд, ил тод, хурдан шуурхай үзүүлэх замаар татварын өрийг барагдуулж, төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлж байгаагаас Татварын албаны үйл ажиллагааг дүгнэж болох юм.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.