Categories
мэдээ цаг-үе

Кембрижид элсэхийг хүсдэг МОНГОЛ ХҮҮ

“Өдрийн зочин” маань БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин” лаборатори сургуулийн сурагч. Олон улсын кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг гэдгээр нь уншигчид андахгүй. Европын ихэнх орны их сургуулиуд хүлээн зөвшөөрдөг,Канад, Австралид бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, Америкийн зарим их сургуулиудын зөвшөөрдөг сургалтын системээр монгол хүүхдүүд амжилттай хичээллэж байгаа. “Шинэ эрин”сургуулийн 11-ийн “б”-гийн сурагч Э.Энхцацралтыг онцолж урьсан нь учиртай. Наймдугаар ангиа төгсөөд “Шинэ эрин”-д шалгалт өгч байж орсон хүү өнгөрсөн намар суурь боловсрол олгох эхний түвшний шалгалтандаа 100 оноо авчээ. Дэлхийн өнцөг булан бүрд энэ хөтөлбөрөөр суралцдаг хүүхдүүдээс хамгийн өндөр оноо авсан ганц сурагч. 160 гаруй орны их, дээд сургуулиуд хүлээн зөвшөөрдөг Кембрижийн хөтөлбөрөөр хоёр, гуравхан жил хичээллээд, хамгийн өндөр оноог нь авна гэдэг тийм ч хялбарбиш. Энхцацралт одоо хоёр түвшний шалгалт өгөх юм билээ. “Би өмнө нь 28, 40, нэгдүгээр сургуульд сурч байсан юм. Хоёрдугаар ангиасаа олимпиадад орж эхэлсэн. Дөчдүгээр сургуулийн Болд багш, нэгдүгээр сургуулийн Бат-Эрдэнэ багшнамайг математикийн олимпиадад бэлдэж байхдаа маш их юм заасан. “Шинэ эрин”-д орохдоо математикийн хүнд бодлогуудыг бодох чадвартай байсан ньолон улсын шалгалт өгөхөд маш том давуу тал болсон. Багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнгөрсөн намрын шалгалтаар хамгийн өндөр оноо авсан минь хүссэн их сургуульдаа ороход маш том давуу тал болно” гэж ярилаа.

Энхцацралт айлын том хүү. Дүү нь энэ жил сургуульд оржээ. Аав, ээж хоёр нь замын инженер мэргэжилтэй. Анх ээж нь сониноос Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуульд элсэх шалгалтын талаарх зар уншаад хүүдээ үзүүлсэн гэнэ. Тэгээд л хичээсээр байгаад шалгалтанд нь тэнцчихэж. Шөнийнхоёр цаг хүртэл хичээлээ хийгээд суучихдаг байсан гэнэ. Энхцацралт “Ээж, аав, эмээ гурав сайн сурах орчныг минь бүрдүүлж өгсөн ачтай хүмүүс. Шалгалтаа өгөх гээд очихдоо бичиг баримтаа мартчихсан чинь аав ажилтай байсан хэрнээ хамаг хурдаараа яваад аваад ирсэн. Тэр үед үнэхээр их баярласан шүү. Ээжминий биед байнга анхаарал тавьдаг. Ээжийнхээ зөвлөгөөгөөр хэт оройтож хичээллэхээ больсон. Эмээ солонгос кино үзэх дуртай хэрнээ намайг үзүүлэхгүй шүү дээ. Хичээлээ хий гээд өрөөнд ганцааранг минь үлдээчихнэ. Ганцаараа чимээгүй орчинд байхаар өөрийн эрхгүй төвлөрч хичээлээ хийдэг” гэж хэлээд инээмсэглэв. Өөртөө итгэлгүй санагдсан үедээ интернэтээс алдартай хүмүүсийн амжилтын тухай ярьсан илтгэлүүдийг татаж авч сонсдог гэнэ. Орныхоо хажуугийн ханандмөрөөдсөн зүйлийнхээ зургуудыгнааснаа сонирхуулав.

Энхцацралтын нэг өдөр зав зай багатай өнгөрдөг бололтой.Өглөөний найман цагаас оройны 17.30 цаг хүртэл хичээллэдэг аж. Чөлөөт цагаараа ном уншиж, зураг зурах дуртай гэнэ. Интернэтээр аялж томоохон сэтгүүлүүд дээр нийтлэгдсэн нийтлэлүүд харахаараа цаг өнгөрч байгааг анзаардаггүй гэнэ.

Байсгээд сургуулиа магтах юм.”Ерөнхий боловсролын сургуулиудын сурагч, багш хоёрын харилцаа хөндий юм шиг санагддаг. Бас багш их зүйлийг зааж өгч, сурагчдаа хөтөлдөг. Харин кембрижийн хөтөлбөр тийм биш. Сурагч, багш хоёр маш ойр харилцаатай. Сурагч нь хүсэл эрмэлзлээ ойлгож өөрийгөө дайчилдаг. Хичээлээ багш нараараа хэлүүлнэ гэж байхгүй. Өөрөө хичээaж, санаачилга гаргадаг. Би сургуульдаа ороод багаар ажиллах чадвартай болсон. Өмнө нь илүү дотогшоо байсан бол одоо их нээлттэй болсон шүү. Багш нар маань юу ч асуусан цааргалахгүйгээрхариулдаг. Муу, сайн ямар ч хүүхэд байсан бүгд зэрэг дээшилдэг”, “Кембрижийн хөтөлбөрийн хамгийн гоё нь мэдсэн зүйлээ чадвар болгож ямар нэг зүйлд ашиглаж чадах уу гэдгийг системтэйгээр шалгадаг нь. Тийм дадлыг суулгадаг учраас үнэхээр таалагддаг”, “Би хэлэндээ тийм ч сайн байгаагүй. Сургуульдаа ирээдэрчимжүүлсэн англи хэлний сургалтад суусан чинь миний хэлний чадварын түвшин маш хурдтайгаар ахисан”, “Манай сургуулийн төгсөгчид том сургуулиудад элсэн суралцдаг. Миний мэдэхээр өнгөрсөн жил нэг хүүхэд Харвардад тэнцсэн. Анхны төгсөгчдөөс хэдэн хүүхэд найзуудаараа Америкийн Миннесота мужийн их сургуульд сурч байгаа. Энэ талаар сонсоход үнэхээр гоё санагдсан”гэж ирээд сургуулийн тухай яриа баахан өрнөв.

Энхцацралтын сурахыг хүсдэг сургууль нь Их Британийн алдарт Кембриж. Бүр багадаа Кембрижийн сургуульд сурч байсан хүний талаар кино үзээд л энэ мундаг сургуульд сурахыг мөрөөдөх болжээ. “Английн уур амьсгал нь их гоё санагддаг. Би бороотой, чийглэг орчинд дуртай” гэж инээмсэглэн хэлэх сурагч хүү мэргэжлээ аль хэдийнэ сонгожээ. Электроникийн инженер болохоор сонголтоо хийчихэж. “Математикийн программ хангамж, физикийн цахилгаан хэлхээг түлхүү ашигладаг мэргэжил л дээ. Математик, физик хоёрт дуртай болохоороо сонгосон юм” гэж байна.

Ярилцлагынхаа төгсгөлд “Сургуулиа төгсөөд Монголдоо ирж ажиллах уу, эсвэл тэндээ үлдэх үү” гэж асуухад “Монголдоо ирэх хүсэлтэй. Төрсөн газартаа бид л юм хийхгүй бол хэн ч бидний өмнөөс улсыг минь хөгжүүлж өгөхгүй шүү дээ. Гэхдээ мэдээж төгсөнгүүтээ шууд ирэхгүй байх. Юм хийх чадвартай болсон хойноо, хөлөө олчихоод эх орондоо ирнэ. Тэгж байж л ихийг хийж амжуулна” гэсэн догь хариу өгчихөөд хичээлдээ яарсаар гарч одлоо.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *