Categories
энтертаймент-ертөнц

KBS radio-ийн “We are Koreans” нэвтрүүлгээр монгол залуу эх орноо сурталчилна

Солонгосын төв телевиз болох KBS-ийн дэргэдэх радиог “We are Koreans” нэвтрүүлгээр нь дэлхий дахинаа андахгүй сайн мэднэ. Энэхүү нэвтрүүлэг нь бүтэн сарын турш аль нэг орон, үндэстний соёл урлагийг дагнан сурталчлах зорилгоор уран бүтээлчидтэй хамтран ажилладгаараа онцлог. Өөрөөр хэлбэл арванхоёрдугаар сарыг Америкийн сар болгон зарласан бол Солонгост уран бүтээлээ туурвиж буй тус орны уран бүтээлчидтэй хамтран ажилладаг гэсэн үг. Тэгвэл энэ сарыг “Орос, Хятад, Монгол”-ынх болгон зарлаж, Солонгост ажиллаж амьдардаг дээрх орнуудын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болжээ. Дэлхийн хэмжээний радио нэвтрүүлэг гэх утгаараа өөрсдийн сонгох уран бүтээлчдэдээ хэр өндөр шалгуур тавьдаг нь ойлгомжтой.

Тэгвэл Монголыг төлөөлж С.Гантогоо хэмээх дуучин залуу сонгогдсон бөгөөд тэрбээр сүүлийн найман жил Солонгост амьдарч, өөрийн уран бүтээлээ туурвисаар яваа юм. Үндэсний сар шинийн баяр удахгүй тохиох гэж байгаа учраас “We are Koreans” нэвтрүүлгээр орчин үеийн зохиолын дуу хуур гэхээсээ үндэсний уран бүтээлээ түлхүү толилуулна гэдгээ тэрбээр хэлэв. Солонгосчууд ч бидэнтэй адил Цагаан сарын баярыг тэмдэглэдэг учраас нэвтрүүлгийн уран бүтээлчид энэхүү саналыг уриалгахан хүлээж авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *