УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Казиногийн тухай, Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 78.6 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд тусгаснаар олон улсын жишигт ойртуулсан хоёр казино байгуулах аж. Хаана байгуулах вэ гэдэг байршлыг Засгийн газар тогтооно. Казино байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь 35 тэрбум төгрөгийн татвар төлнө. Хугацаа нь 10 жил байна. Мөн уг казинод зөвхөн 21 нас хүрсэн гадаадын иргэн орж тоглоно. Монгол Улсын иргэн тоглохгүй зэрэг заалтуудыг тусгаж өгчээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “35 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Энэ хэмжээний мөнгийг өгөх хөрөнгө оруулагч байх уу. Хэдий хэмжээнд хөрөнгө оруулалтаа нөхөх вэ. Тооцоо судалгааг ямар байдлаар хийв” гэдгийг сонирхож байлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудын тайлбараар бол дунд зэргийн казино байгуулсан орнуудын гаргасан тооцооноос үндэслэж, тусгай зөвшөөрөл олгох мөнгөн дүнг гаргасан байна. Олон улсын жишгээс харахад казино байгуулах тусгай зөвшөөрлийг 10 жилээр олгоход 20-75 тэрбум ам.доллар төлж авдаг аж. Ирээдүйд олох орлогоосоо хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцсон байна. Хэрвээ тусгай зөвшөөрлийн үнэ өндөр гэж үзвэл УИХ-ын төвшинд хэлэлцүүлгийн үеэр багасгах боломжтой гэлээ.
Мөн энэ үеэр хөндөгдсөн нэг асуудал нь монголчууд уг казинод орж үйлчлүүлэх боломжтой байхаар зохицуулалт хийхгүй бол гадаадад очиж тоглоно. Энэ нь эргээд Монголын мөнгө гадагшаа урсдаг урсгал тасрахгүй. Сингапур зэрэг оронд тоглох мөнгөний хэмжээг нь зааж, хязгаарласан байдаг. Түүн шиг хязгаар тогтоож өгөх ёстой гэж байв.
Монголд казино байгуулагдсанаар жуулчдын тоо өснө, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна. Жилдээ татвараар дамжиж 74-138 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө гэж тооцжээ.