Categories
мэдээ нийгэм

Казах түмний “Алтан бүргэд” наадам болж байна

Казах түмний соёл урлагийн “Алтан бүргэд” гурав дахь удаагийн их наадам Налайх дүүргийн зүүн хойд дэнжид өнөөдөр эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү наадмын  ерөнхий зохион байгуулагчаар Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, “Алтан бүргэд” их наадмын санаачлагчид, хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, Налайх дүүргийн ЗДТГ ажиллаж байгаа юм.

Энэ жилийн “Алтан бүргэд” их наадам дуу, хөгжим, бүжиг, “Айтыс” буюу харилцаа дуу, “Казах күрес” буюу казах бөхийн барилдаан, “Кыз куар” буюу морьт залуусын наргиант уралдаан, “Көкпар” буюу тулам булаацалдах тэмцээн, казахын урчуудын гэр, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэрэг төрлөөр явагдана. Соёл, урлагийн үйл ажиллагааны бүх төрлийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд шалгарсан багийг наадмын нэрэмжит “Шилжин явах цом”, мөнгөн шагналаар урамшуулах гэнэ.

“Алтан бүргэд” соёл урлагийн анхдугаар их наадмыг 2006 онд Төвийн бүсэд амьдарч байгаа казах иргэдийн дунд Дархан-Уул аймгийн БСГ-ын даргын шийдвэрээр Шарын гол суманд зохион байгуулж байсан билээ. Энэхүү наадам нь Монгол Улсын үндэстэн, угсаатны соёлын олон талт өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаарх төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд казах үндэстний өв уламжлал, соёл урлаг, ёс заншил, спортын төрөл зүйлийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *