Казах охидын өмнөөс халх охин олимпийн их наадмын дэвжээнд зодоглохоор боллоо. Тодруулбал, Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Галбадрахын Отгонцэцэг 2016 оны Рио-гийн олимпод Казахстан улсын нэрийн өмнөөс дэлхийн шилдэг тамирчидтай хүч сорихоор болж байна. Тэрээр жүдо бөхийн 48 кг-ын жингийн Монголын эмэгтэй шилдэг тамирчдын нэг юм. Олон улсын зэрэглэл бүхий тэмцээнд түүний үзүүлсэн бахдам амжилтуудыг бид мэднэ. “Энэ даруухан охиноос ийм их дотоод хүч, эр зориг гарч буй нь гайхалтай. Дэвжээн дээр өөрийгөө бүрэн дайчилж, ямар ч шилдэг тамирчинтай ялна гэсэн сэтгэхүйгээр барилдаж буй нь өөрөө маш том ялалт юм” хэмээн түүний багш Монгол Улсын гавьяат тамирчин Хишигтийн Эрдэнэт-Од нэгэнтээ дуу алдсан байдаг.
Г.Отгонцэцэг оролцсон тэмцээн бүртээ тодорхой амжилт үзүүлж Эрдэнэт-Од болоод бүх багш нараа баярлуулж яваа. Түүний өмнөө тавьсан зорилго бол мэдээж олимп. 2016 оны олимпийн эрхийг нүүр бардам авахын төлөө жаалхан охин өөртөө андгай тангараг тавьж зорьсондоо хүрэх гэж тэмүүлсэн, зүтгэсэн.
Өөрт буй бүхий л хүч бололцоогоо дайчлан, бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж, үеийнх нь охид өчнөөн зүйлд шохоорхон эрх танхи явахад тэрээр бэлтгэлийн заалнаас салсангүй. Түүний үр дүн ч гарч, Г.Отгонцэцэг өнгөрсөн онд болсон олон улсын Гран при наадмуудад дараалан оролцож медалийнхаа өнгийг хувиргасаар байлаа.
2014 оны аравдугаар сард Казахстаны Астана хотноо болсон жүдо бөхийн олон улсын Гран при тэмцээнд 48 кг-ын жинд Хятад, Италийн бөхчүүдийг ялж аваргын төлөө Бразилийн тамирчин Наталья Бригидатай хүч үзэж түрүүлсэн юм. Ингэж тэрээр хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс атгасан. Харин Астанагийн тэнгэрт тив дэлхийн шилдэг тамирчид, дасгалжуулагчдын өмнө төрийн далбаагаа мандуулж зогсох мөчид хүсч мөрөөдсөн 2016 оны олимпийн эрх өөрт нь оногдож буйг яахин мэдэх билээ. Казахууд улсынхаа нийслэлд аваргалсан монгол охиныг арван дөрвөн оны аравдугаар сараас л нүдэндээ олзолж, манай жүдо бөхийн холбооны удирдлагуудтай ярьж, багш нарынх нь санаа оноог сонсч, олимпийн хорооноос зөвшөөрөл авч, хамгийн сүүлд Г.Отгонцэцэгээс өөрөөс нь зөвшөөрөл авснаар олимпийн эрхийг түүнд өглөө. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингээ казах охид халхын барилдаанч охин Г.Отгонцэцэгт даатгалаа.
Жүдо бөхийн эмэгтэй тамирчдын 48 кг-ын дэлхийн чансааг Монголын тамирчин, дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг одоогоор тэргүүлж байгаа. Тэгэхээр уг жинд Г.Отгонцэцэг олимпийн наадамд зодоглоно гэдэг амаргүй билээ. Жин өгсч юм уу, жин хасч барилдаад олимпийн эрх авах ганцхан сонголт л түүнд оногдоно. Гэвч Цагаанбаатарт жиндээ байнга даруулж ирсэн С.Миярагчаагийн гунигт түүхийг давтсангүй. Мянга мянга казах охидын өмнөөс олимпийн дэвжээнд зодоглохоор эрслэн бослоо.
Олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэгийн хувьд 2013 ондМосква хотноо болсон Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээнд мөнгөн медаль, өнгөрөгч арваннэгдүгээр сард Хятадын Чиндао хотноо болсон Гран при тэмцээнд Оросын тамирчин Жулиа Фигуерог ялж хүрэл медалийн болзол хангасан. Энэ мэтамжилтуудыг нь дурдвал хөлс хүчээ зориулсан тэмцээнүүд нэлээд бий.
Тэрээр 1992 онд төрсөн, 23 насны босго алхаж буй нэгэн. Эдийн засгийн үндэсний дээд сургуулийг дүүргэсэн гэх товчхон намтартай. Харин бөхийн замнал нь ирэх он жилүүдэд хэрхэн бичигдэхийг бид таашгүй. Жүдогийн эмэгтэй шигшээ багийн багш нар, тив дэлхийн дэвжээнд аваргалж буй эгч нараараа тэр бахархдаг.
“Манай Отгоо чинь бөхийн секц дугуйланд анх явж байхдаа инээд алдсан даруухан бор охин байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам, жүдогийн дэвжээнд амжилт үзүүлж, олон улсад нэр алдраа дуурсгасан ч гэсэн ааш зан нь өнөө л хэвээрээ” гэж түүнийг чин зүрхнээсээ дэмжиж, ирээдүйг нь ерөөж суугаа тамирчид хэлдэг юм билээ. Ийнхүү хэдхэн жилийн өмнө Х.Эрдэнэт-Од шиг сайн тамирчин болно гэсэн мөрөөдөл тээж Спортын төв ордны хаалгыг татаж байсан даруухан охин казах охидын өмнөөс олимпийн дэвжээнд зодоглохоор боллоо. Үзүүлээд өгч дээ, Отгоо минь.
Н.ГАНТУЛГА