Categories
мэдээ цаг-үе

Кака: “Би дэлхийн аварга. Түүгээрээ мөнхөд бахархана”

Энэ жил зөндөө олон од зодог тайллаа. Зүгээр ч одууд биш шүү. Зуун алгасан биднийг баярлуулж явсан шилдэг хөлбөмбөгчид дуу дуугаа авалцан бүүтсээ тайлсан. Андреа Пирло, Антонио Кассано, Дирк Кюйт, Хаби Алонсо, Франческо Тотти гээд л. Бас Кака. Рикарду Изексон дус Сантус Лейти буюу тун богинохноор Кака хэмээх цагаан арьстай бразиль од Оросын нэгэн сайтад ярилцлага өгснийг толилуулъя.

-Ирэх жилийн ДАШТ-д зориулж гаргасан шинэ бөмбөгийг өшиглөж үзэв үү?

-Үгүй. Гэхдээ харлаа. Надад таалагдсан. Талбай дээр өшиглөөд гүйж үзээгүй л байна.

-Таныг мэргэжлийн хөлбөмбөгч хэмээн зарлуулж тоглож эхэлснээсээ хойш оруулж үзсэн хамгийн гоё, мартагдашгүй гэж хэлж болохоор гоолоо нэрлэ гэвэл алийг нь онцлох вэ?

-Мартаж боломгүй нэлээн хэдэн гоол бий. Жишээ нь 2007 оны Аваргуудын лигийн хагас шигшээгийн тоглолтод “МЮ”-гийн хаалганд хийсэн гоол байна.

-Тэр гоолын дараа “МЮ”-гийн хамгаалагчид болох Хайннце, Эвра нар бүтэн нойртой хонож чадалгүй удсан гэдэг. Тэднийг өрөвдөж болсонгүй юу?

-Талбай дээр хэн нэгнийг өрөвдөх гэж гардаг юм уу. Хэдийгээр би өрсөлдөгчдөө дандаа хүндэлж, хүндэтгэлтэй ханддаг ч гэлээ.

-Хөөрхий Эвра түүнээс чинь хойш их ууртай болчихсон, сая нэг хөгжөөн дэмжигчийг өшиглөсөн сурагтай….

-Хөөе наадах чинь надтай хамаагүй юм байна. Тэгээд ч шоглож байгааг чинь ойлголоо.

-Италийн “Милан” багаас хойш ямар багуудад алба хаах боломжтой байсан бэ, бас ямар багууд санал тавьж байв даа?

-“Байер”, “Брешиа”, “Манчестер Сити”, “Челси”…

-Кака гэдэг нэршил хаанаас, хэнээс үүсэлтэй юм бэ?

-Намайг бага байхад миний дүү, Рикардо гэдэг нэрийг минь бүрэн дуудаж чаддаггүй байсан гэнэ лээ. Тэр намайг Кака гэж дуудсаар байгаад ийм хоч үлдээчихсэн.

-Кака гэдэг үг ер нь португаль хэлнээ ямар нэгэн утга илэрхийлдэг юм уу?

-Ямар ч утга илэрхийлдэггүй. Гэхдээ миний хувьд маш олон утга илэрхийлдэг.

-Та 18 насандаа тахир дутуу болж мөнхөд хэвтрийн хүн болон үлдэх аюул байсан тухай түүх байдаг юм билээ.

-Тийм шүү. Усан бассейн руу буруу үсрээд. Толгойгоороо бассейны ёроол хүчтэй мөргөж хүзүүгээ гэмтээсэн. Хоёр сар ямар ч хөдөлгөөнгүй хэвтсэн. Эмч нар надад “Кака чи аймаар азтай хүн” гэдэг юм. Ихэнх тохиолдолд тийм гэмтлийн дараа тахир дутуу иргэн болж үлддэг юм байна л даа. Бурхандаа л баярлаж явна даа.

-Тэр явдлаас хойш цалингийнхаа арван хувийг сүмд хандивладаг болсон гэх юм билээ.

-Энэ чинь библийн судрын нэгэн хэсэгт байдаг зүйл. Дизим гэдэг юм. Тэр гэмтэлтэй огт холбоогүй.

-Тэгж гэмтсэн хүн чинь дахиж бассейн руу ойртоогүй юм байгаа биз дээ?

-Хэдэн жилийн дараа би бүрмөсөн эдгэрсэн. Одоо би бассейн руу ямар ч айдасгүй очиж сэлдэг.

-Бас таныг тэр үед хэрвээ би эдгэрвэл ийм, ийм зүйлийг амжуулж тийм зорилгод хүрнэ гэсэн арван оргил тодорхойлсон гэдэг.

-Яг ч тийм биш ээ. Эмчлүүлж хэвтэж байхдаа биш, мэргэжлийн хөлбөмбөгч болчихоод тийм зорилго өөртөө тавьж байсан юм.

-Тэгээд хэдийг нь биелүүлсэн бэ?

-Бүгдийг нь.

-Дэлхийн аварга болно гэдэг зорилго хэдэд нь байсан бол?

-Яг тийм хэсэг байгаагүй. Харин бразилийн шигшээ багт багтах гэдэг зорилго байсан. Хүснэгтийн хамгийн сүүлчийн хэсэгт.

-Асуухгүй байж боломгүй нэг зүйл байна. Тээр жил Аваргуудын лигийн финалд 3:0-ээр хожиж яваад хожлоо алдсан явдал бий. Амьдралын тань хамгийн хар өдөр байсан байх даа.

-Намайг олон зүйлд ухааруулж өгсөн түүхэн өдөр. Хөлбөмбөгт бүтэшгүй зүйл гэж байхгүй шүү гэдгийг биеэрээ мэдэрсэн гайхалтай өдөр.

-Тантай хамт тоглож байсан хөлбөмбөгчдөөс хамгийн хөгжилтэй нь хэн байсан бэ?

-Робиньо, Марсело хоёр. Ямар ч үед хүнийг инээлгэж чадна, сонин аялагаар ярина, хэн нэгнийг шоглохдоо гайхалтай золигууд байлаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд хэдэн богино блиц асуултууд асууя. Неймарын дараа бичигдэх Бразилийн шилдэг хөлбөмбөгч?

-Габриэл Жэзүүс

-Месси юу, Роналду юу?

-Хоёулаа

-Месси, Роналду нартай хамт “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөөд ялсан ганц хөлбөмбөгчийг нэрлэ гэвэл чадах уу?

-Би л байхгүй юу

-Амьдралдаа зөндөө л тэмцээнд түрүүлж байлаа,та. Тэдэн дотроос онцгойлох нь юу вэ?

-ДАШТ-д түрүүлсэн явдал. Хэдий залуухан, цөөн тоглолтод оролцсон ч гэлээ. Дараа нь Аваргуудын лиг, Итали, Испанийн аварга, цомуудад түрүүлсэн ч гэлээ. Хэр баргийн аавын хүүгийн хүрээд байдаггүй оргилд хүрсэн, би. Би дэлхийн аварга. Түүгээрээ мөнхөд бахархана.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *