Афганистаны нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудал дотоодын олон улсын нислэгүүдээ хэвийн үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.
Талибанчууд нисэх онгоцны буудлын бүх үйлчилгээг сэргээснээр тус улсын өлсгөлөнд нэрвэгдэх аюулд орсон 12 сая гаруй иргэнд олон улсын хүмүүнлэгийн тусламжууд хүрч эхлэх юм.
Наймдугаар сарын 15-нд Талибанчууд Кабулыг эзэлснээ мэдэгдсэнээс хойш тус улсад олон зүйлс өөрчлөгдсөн. Ялангуяа гаднынхны дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан стратегийн чухал салбарууд үйл ажиллагаа нь доголдсон. Тэр дундаа энэ сарын сүүлээр хүнсний хямрал нүүрлэхэд ойрхон болоод байсан Афганистанд олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа зогссоноос үүдэн хүмүүнлэгийн тусламж хүрч чадах эсэх нь эргэлзээтэй болж байсан юм.
Харин Талибанчууд олон улсын нисэх онгоцны буудлын дэд бүтцийн зарим асуудлуудыг шийдэж бүх агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Мөн өмнө нь Кабул руу нислэг үйлдэж байсан агаарын тээврийн компаниуд болон улс орнуудыг нислэгээ сэргээнэ хэмээн найдаж байна “гэж Афганистаны түр засгийн газрын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Кахар Балхи твиттер хуудсандаа бичжээ. Үүний дараа Пакистанаас Кабулд суугаа элчин сайд Мансур Ахмад Хан Пакистаны агаарын тээврийн хэд хэдэн компаниуд нисэх онгоцны хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлмэгц долоо хоногт 1-2 удаа тогтмол нислэгээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Ингэсээр олон улсын байгууллагуудын хүмүүнлэгийн тусламж тус улсад саадгүй хүрнэ. НҮБ-ын зүгээс энэ сарын дундуур эм тариа, хоол хүнсний тусламж хүргэхэд 600 сая долларыг олон улсаас цуглуулж эхэлсэн. Хамгийн түрүүнд Аргентин улс 2.1 тэрбум долларын хандив өгсөн бөгөөд хандивын цуваа үргэлжилсээр байх юм. Гэвч Афганистан дахь хүнсний хямралд 12.2 сая хүн өртөх эрсдэлтэй байгаа. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газраас гаргасан мэдээллээр хоол тэжээлийн хурц дутагдал 16 хувиар өссөн бөгөөд 900 мянган хүнийг хамарсан. Харин дунд зэргийн хоол тэжээлийн дутагдал 11 хувиар өсч одоогоор 3.1 сая хүүхдэд өртөөд байна.
Хоол тэжээлийн дутагдлын дийлэнх шалтгаан эдийн засгийн байдал болон ган гачгаас хамаарч байгаа бөгөөд оны сүүл гэхэд улам хурцдах аюул тулгараад байна. Энэ сарын эхээр Кабул хотноо НҮБ-ын тусгай төлөөлөгчид Талибаны төлөөлөгчидтэй хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлаар хэлэлцээ хийсэн бөгөөд тэдний саналыг Талибанчуудын зүгээс хүлээн авч цаашид ч хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. Хүмүүнлэгийн тусламжийн цуваа Европын холбооныхоор үргэлжилжлхээр болсон. Гэхдээ Европын холбооны орнууд Талибанчуудтай хүмүүнлэгийн тусламж хүргэх албан ёсоор хэлэлцээр хийгээгүй байгаа аж.