Афганистаны нийслэл Кабул хотын гол сүмийн гадна ням гаригт дэлбэрэлт болсны улмаас таван иргэн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан гэж тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
“Лалын улс-Хорасан” бүлэглэлийн амиа золиослогч этгээд Кабулын нисэх буудлын ойролцоо наймдугаар сарын сүүлээр халдлага үйлдсэний улмаас 200 орчим хүн, түүний дунд Америкийн 13 цэрэг амиа алдсанаас хойш нийслэлд гарсан анхны халдлага энэ болж байна.
Кабулын төвд орших “Эйд Гах” сүмийн орчимд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг одоогоор аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна. Сүмд “Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забихуллах Мужахидын саяхан таалал төгссөн ээжид зориулан залбирал үйлдэж байжээ.
Катарт төвтэй, “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Сухаил Шахины мэдээлснээр, дэлбэрэлт хүмүүсийн залбирч байсан газраас зайтай болсон тул З.Мужахид болон түүнтэй хамт байсан хүмүүс аюулгүй байгаа аж.
Хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн Афганистанд төвтэй салбар болох “Хорасан” нь өнгөрсөн долоо хоногт зүүн нутгийн Нангархар, Кунар мужид болсон хэд хэдэн халдлагын хариуцлагыг хүлээжээ. Эдгээр халдлагын улмаас олон арван энгийн иргэн, талибууд амиа алдсан байна.
“Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Билаль Карими ням гаргийн үдэд болсон халдлагын талаар мэдээлэхдээ, гурван сэжигтнийг баривчилсан бөгөөд “Талибан”-ы дайчны амь нас хохироогүй гэжээ.