Америк тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтод Аргентины шигшээ баг Эквадорын багийг хожсоноор тус тэмцээний хагас шигшээд шалгарсан эхний баг боллоо.
АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотод болсон тоглолтын үндсэн цаг 1:1-ээр өндөрлөж, Аргентины шигшээ баг торгуулийн цохилтоор 4:2-оор хожсон байна. Тоглолтын тооны харьцааг Аргентины шигшээ багийн довтлогч Лаутаро Мартинес нээжээ. Тэрбээр тоглолтын 35 дахь минутад Алексис Макаллистерийн өгсөн дамжуулалтыг толгойгоороо цохиж гоолдсон байна. Эквадорын багийн гоолыг 92 дахь минутад довтлогч Кевин Родригес оруулжээ. Аргентины шигшээ багийн довтлогч, ахлагч Лионель Месси торгуулийн цохилтод гоол оруулж чадаагүй байна. Аргентины хаалгач Эмилиано Мартинез хоёр цохилтыг хаажээ.
Хагас шигшээд аргентинчууд Венесуэл, Канадын шигшээ багуудын аль хожсонтой долоодугаар сарын 6-нд тоглоно.