Тэр яаж баатар болсон гэхээр төсвийг танаж, төрийн албыг нэлд нь цомхотгож, үйлдвэрчний эвлэлийг сөрж чадсан аж. Уул нь мянга мянган шударга төрийн албан хаагчийг гудамжинд гаргаж, улсын санг танасан төдийгүй, ард түмний аврагч болсон үйлдвэрчний эвлэлийг сөрөөд ялсан этгээд үндэстний дайсан болмоор доо. Гэтэл Шимон Пэрэс баатар болсноор барахгүй Израилийн хөгжлийн хамгийн үсрэнгүй үе эндээс эхэлсэн гэж үздэг юм байна. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг ажилчны байрнаас ч биш, ажил олгогчийн зүгээс ч биш, хөв хөндлөнгөөс харахад их өөр дүр харагддаг. Учир нь үйлдвэрчний эвлэл орон тоог хадгалах, цалин нэмэхийн төлөө тэмцсэнээрээ үр бүтээлгүй байдал, илүүдэл орон тоо, үрэлгэн төсвийг өөгшүүлж байдаг. Нэг талаасаа ард түмний эрх ашгийг хамгаалж байв ч тодорхой заагийг давахын цагт үндэстнийхээ эдийн засгийг хорлож эхэлдэг гэж жүүдүүд үздэг байна. Тиймээс үйлдвэрчний шаардлагыг амжилттай сөрж, төрийн албаны орон тоо цомхотгож, төсвийг дээд хэмжээнд багасгасан Шимон Пэрэс бол Израилийн эдийн засгийг аврагч, хөгжлийн шинэ үеийг нээгч гэнэ.
Бид жүүдүүдийн нэгэн адил хочломтгой. Монголчууд бараг цөмөөрөө хочтой. Ялгаатай нь жүүдүүд нэг нэгнээ хочоор нь дууддаг бол манайхан далдуур хочилно. Эзэн нь гомдох учраас тэр. Их төлөв бие эрхтний сул талыг тодосгож, доромжилж шоолсон агуулгаар хочилдгоос тэр. Харин израильчууд арай өөрөөр, хөгжилтэй атлаа эзэн нь гомдоод байхааргүй, эмзэг дорой талыг нь дөвийлгөлгүй, бахаддаг талыг нь онцлон хочилдог бололтой. Жүүдүүд ах зах гэлтгүй, алба амь ялгалгүй бие биеэ хочоор нь дууддаг, тэр хэрээрээ дотно нөхөрсөг уур амьсгал бүрддэг гээд бодохоор даргыгаа “нөхөр хазгар аа”, “Долир гуайд хандахад” гэлцдэггүй бололтой.
Жүүд хүн бусдын үгээр явах, даргын заавраар хийх дургүй. Генералаас гарсан тушаал хэрхэн биелэхийг ахлагч шийднэ. Харин манай дарга нар бүх гүйцэтгэлийг өөрийнхөөрөө шийдэхийг хичээдэг. Энэ нь учиртай. Харин даргын өгсөн үүргийг жүүд албан хаагч өөрийнхөөрөө гүйцэтгэнэ. Манайхан ч гэсэн юмыг өөрийнхөөрөө гүйцэтгэх дуртай. Их төлөв монголчлох буюу өөрийнхөөрөө халтуурддаг учраас дарга нь оролцохоос өөр аргагүй болдог. Эцсийн эцэст дарга хариуцлага хүлээх учраас өгсөн үүргээ хамжиж биелүүлэхэд хүрдэг гэсэн үг. Харин жүүд ажилтан өөрийнхөөрөө, өөрийн гэсэн чанартайгаар хийдэг. Ийм л жаахан зөрүү байна.
Бид төсөөтэй атлаа ялгаатай. Жүүдийн туулсан зам бол аугаа сорилт, хатуужлын зам. Харин нугачаа дүүрэн монголчуудын түүх тэднийхээс өөр. Бид хэзээ ч бусдын газар оронд тэнүүчлэн хэрэхийн зовлонг амсаагүй. Хэдийгээр Манжийн эрхшээл, Зөвлөлтийн дагуул явсан ч уугуул нутагтаа дорд үзэгдэхийн зовлонг амссан нь бага. Үндэстнийхээ хувьд сэргэн мандсан үйл явц бүр нь гадаад, дотоод олон нөхцөл байдлаар ивээгдсэн харагддаг. Манжийн уналт, Бароны явдал, Зөвлөлт засаг, Дэлхийн II дайн гээд л олон үйл явдал Монголын тусгаар тогтнол, мандал бадралыг цаагуураа ивээхээр өрнөсөн мэт. Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэхийг бурхан цаагуураа таалах мэт. Зэрэгцүүлээд харахад хоёулаа бурхны хүүхэд мэт боловч нэг нь өргөмөл, нөгөө нь төрмөлийн замаар явсан мэт.
Та эл нийтлэлийн ерөнхий гарчгийг харсан байх. 972 ба 976 гэж. Эхнийх нь Израилийн олон улсын утсан ярианы код, арынх нь манай улсынх. Бид ижилсэхэд дөрөвхөн тооны байгаа юм биш биз? Энэ бүхний хариуг та Дэн Синер, Сол Сингер. Төр улс цогцолсон нь Хэрмэл жүүдээс хүчирхэг Израиль. НЭПКО. 2012 номоос эрээд үзээрэй.
Төгсгөл. Эхлэл…
Манайд нэг сонин парадокс байдаг. Нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх боловч суурин газрынхаа хүн амын сүүний хэрэгцээг үндсэнд нь импортын сүү, эсвэл импортолсон хуурай сүү найруулах замаар хангадаг.
Үнэн хэрэгтээ манай 40-өөд сая малтай, эцэг малаас бусад нь сүүтэй боловч мэссэнжэрээр л цуглуулахгүй бол үйлдвэрт бөөгнөрүүлж савлахад хэцүү. Сая таван зуун мянган ам.км нутагтаа мал сүрэг нь жигд таран бэлчдэг учраас цуглуулах өртөг өндөр. Замдаа гашилгахгүй аваад ирдэг юм аа гэхэд тээврийн зардал нь үнээнээсээ давна. Ийм учраас хөдөө тал минь малаар дүүрэн боловч манай хотынхон хуурай сүү найруулж уудаг. Арай биш, найруулсан хуурай сүү уудаг. Уг нь бол бэлчээрийн ургамлаар хооллодог монгол малын сүү нь “оргинал, органик, ногоон” гэсэн урианд дарагдсан өнөө үеийн хамгийн чамин, үнэт хүнс мөн. Гэхдээ түүнийг хүртэнэ гэвэл рашаанд явж байгаа аятай хөдөө нь очих л хэрэгтэй. Учир иймд манай бэлчээрийн малын сүүг цуглуулан боловсруулах боломжгүй тул зөвхөн малчин өөрөө уух нигууртай.
Гэтэл саяхан Монфрешийн Т.Насанхүү захирал нэг ийм юм ярив даа. Манай бэлчээрийн малын сүүг цуглуулан боловсруулах, ариутган савлах гэж байгаа тухай. Яаж гэдгийг нь сонирхож завдсангүй. Гэхдээ л монголчууд “боломжгүй”-н дотроос шинэ боломж хайгаад эхэлчихэж… сайн байна.
2012 оны 1 сарын 11