Categories
мэдээ спорт

Жүдочид 10 сая төгрөг өгч, хандивын аяныг эхлүүллээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газар нутгийн 80 гаруй хувь нь хээрийн түймэрт өртөж, нөхцөл байдал хүндрээд байгаа. Тэгвэл Түмэнцогт сумын ард түмэнд туслах хандивын аяныг Монголын жүдо бөхийн холбооноос өнөөдөр эхлүүллээ.

Уг аяныг Монголын Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш О.Балжинням, МУ-ын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, МУ-ын Хөдөлмөрийн баатар олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар санаачилжээ.

Тэд шигшээ багийн тамирчдын шагналт цалингаас 10 сая төгрөгийг түймэрт өртсөн нутгийн ард иргэдэд чин сэтгэлийн өглөг болгон хандивлаж буйгаа мэдээлсэн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр “Сүхбаатар аймагт түймэр гарч, нэгэн сумын ихэнх хэсэг түймэрт өртөж малчин өрхүүд орон гэргүй болсон талаарх мэдээллийг хараад сэтгэл их түгшиж байна. Хэдхэн хоногийн өмнө манай Булган аймагт бас түймэр гарч 50 орчим тооны адуу өртсөн. Энэ бүхэнд сэтгэл эмзэглэсэн учир Сүхбаатар аймгийн ард түмэндээ туслах аяныг өрнүүлэх санал гаргалаа” хэмээн ярилаа.

Мөн тэрбээр монголчуудыгаа энэхүү аянд нэгдэж, сэтгэл зүрхээрээ Сүхбаатар аймгийнхныгаа дэмнэхийг уриалсан юм.

Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар “Тэнхлүүн явахад тэмээгээр, тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал гэсэн үг байдаг. Тийм учраас түймрийн аюулд өртөөд байгаа Сүхбаатарчууддаа туслах аяныг тамирчид маань санаачлан эхлүүлж байна. Энэ хүнд үед Сүхбаатар аймгийнхандаа туслахад нийт иргэдээ уриалъя. Нэгнийхээ хүнд хэцүү үед нь тусалж дэмжин хамтдаа байж чадвал юуг ч даван туулж чадна. Манай шигшээ баг “Хамтын хүч-амжилт” гэдэг уриатай. Тэр утгаараа гамшигт нэрвэгдсэн ард түмэндээ тусалж байгаа юм” гэлээ.

Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн бүрэлдэхүүн 2006 онд Богд ууланд гарахад түймрийн голомтод очиж бүтэн өдрийн турш түймрийг унтраалцаж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *