Жүдо бөхийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Хонконгод болж байна. Энэ удаагийн Азийн аваргад нийт 272 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсаас 18 жүдоч хүч үзэж буй.
Тэмцээний эхний өдөр манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү, 57 кг-д МУГТ Л.Энхрийлэн, 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр нар алтан медаль, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 60 кг-ын жинд ОУХМ Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртсэн билээ. Харин хоёр дахь өдөр 63 кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч мөнгөн медаль, 70 кг-д ОУХМ залуу тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүлсэн.
Тэгвэл Азийн аваргын гурав өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А. Адъяасүрэн мөнгө, эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -78 кг-д ОУХМ О.Хүслэн хүрэл, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, нийт 11 медаль хүртэж багийн дүнгээр хоёрдугаар байр эзэллээ.
Өнөөдөр тэмцээний дөрөв дэх өдөр бөгөөд холимог багийн барилдаанаар Азийн аварга өндөрлөнө. Манай улсын баг “D” хэсэгт Тайваний багтай учраа таараад буй. Хэрэв ялалт авч чадвал хэсгээсээ гарч, “С” хэсгийн Узбекистан, Туркменистаны ялсантай багтай зооны аваргын төлөө барилдах юм.