Жорлондоо гэж жорлонгийн ус хураагчинд хийсэн хэрэг л дээ. Сүүлийн үед сошиалаар хүмүүс нэг нэгэндээ жорлонгийнхоо арын ус хураагчийн сав руу нэг ширхэг тоосго хийх хэрэгтэй талаар зөвлөгөөг дамжуулж, бусад нь хэрээрээ фав дарж, шэйрлэж байна. Харин одоо үүнийгээ ажил хэрэг болгоод эхэлбэл тун учиртай байна шүү. Дундаж жорлонгийн ус хураагуурт 23 орчим литр ус нөөцлөгддөг, нэг удаагийн хүчтэй таталтаар их хэмжээний ус татагдаад байдаг тул бага ч болов хэмнэхэд тустай гэдэг үүднээс эл үйл ажиллагаа дэлгэрчээ. Нэг тоосготой жорлонгийн ус дунджаар 15 литр ус ашиглаж, 6.7 литр усыг хэмнэж чаддаг талаар Америкийн хэвлэлүүдэд бичжээ. Харин манайхны нэгэндээ өгч байгаа мэдээллээр 1,5 литрийг нэг таталтаар хэмнэх аж. Их бага нь хамаагүй ус хэмнэх ийм боломж байгаа нь сайхан юм. Тоосго гэлтгүй устай сав ч хийж болох гэнэ. Ингэснээр гэрийнхээ сарын зарлагыг овоо хэмнэх боломжтой. Наанадаж усны тоолуур бага гүйж мөнгөө хэмнэнэ. Цаашлаад эх дэлхийнхээ усыг хэмнэж, дэлхийг ган гачгаас аварна гээд бодохоор сэтгэлд нэг л сайхан байгаа биз дээ. Сүүлийн үед усны хэмнэлттэй жорлонгууд гарсан ч дэлхийн улс орнуудад энэхүү нэг тоосго хөдөлгөөн ихээхэн тархаж байна. Зарим оронд нэг тоосго хийснээр нарны энерги төвд хөрөнгө оруулж байна, байгаль орчинд дэм үзүүлж байна гэж сурталчилгаа хийж байна. Бидний хувьд Туул голоо хамгаалъя, Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг хөнгөлье гэх мэтээр бүр болохгүй бол усныхаа мөнгийг бага гаргаж, талхандаа илүүчилье гээд бусдадаа түгээхэд овоо явах биз ээ.
Э.ЭНЭРЭЛ