Categories
мэдээ нийгэм

“Жонон хонгор”-ын ая зохиогч Лувсангийн Авгаанжамбалыг дурсахуй

Хаан Чингисийн өлгий нутаг Хан Хэнтий аймгийн Дархан сумын нутаг “Ов товын тал” хэмээх газар “Номт боржигон” овогт халхын их найрагч, ардын билэг зүйч, ерөөлч, магтаалч, дууч Лувсангийн ууган хүү Авгаанжамбал 1923 оны нар хур тэгширсэн өдөр эх дэлхийдээ дуу хадаан мэндэлсэн гэдэг.

Эцэг Лувсан нь нутаг усандаа тал дүүрэн малтай, зэл дүүрэн унагатай нудраган баян Лувсан хэмээх хүн байжээ гэж түүх номонд тэмдэглэсэн байдаг. Авгаанжамбал нь олон түмний сэтгэл зүрхэнд хоногшсон ардын дуу шиг болтлоо алдаршсан олон сайхан дуутай хүн билээ.

Өөрөө үг аяыг нь зохиосон “Алдрайхан чи минь” дууг нь улсын гавъяат жүжигчин Банзрагч, “Ханьдаа дуулах дуу”-г ньулсын гавъяат жүжигчин Өлзий-Орших нар дуулсан байдаг. Түүний урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашнямтай хамтран бүтээсэн “Жонон хонгор”, “Хилэн хар”, “Үйзэн зээрд”, “Дандарын домогт алаг” зэрэг дуунуудыг улсын гавъяат жүжигчин “Морины” хэмээх Нансалмаа, “Бэлчээрт дуулах дуу”-г нь улсын гавъяат жүжигчин Тунгалаг нар дуулж олны хүртээл болгосон байдаг. Түүнчлэн алдарт “Галшарын магтаал” нь урлагийн наадам болгоны язгуур урлагийн номерыг авч гардагбайсан гэдэг.

Монголын ерөөл магтаалын загалмайлсан эцэг гэгддэг Л.Агваанжамбалыг Авьяасыг дэмжих холбооноос “АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ” цол тэмдэгээр шагнажээ. Л.Агваанжамбал нь 1954-1964 онд Хэнтий аймгийн Баянмөнх сумын соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж, улмаар 1990 он хүртэл Хэнтий аймгий соёлын ордон, Хан Хэнтий чуулгад уран бүтээлээ хийж байжээ. Халх даяар авъяас чадвараараа алдартай Хан Хэнтий нутгийн унаган хүүгийн алдрыг нь мөнхөлж Хэнтий аймгийн Баянмөнх сумын соёлын төвийг энэ алдарт хүний нэрэмжит болгохоор нутаг орных нь хүмүүс дэмжиж байгаад талархаж байна.

Монгол улсын төрийн соёрхолт, Гавьяат эмч,

АШУ-ны доктор, профессор М.Амбага

2015 оны 01 сарын 16

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *