Categories
гадаад мэдээ туслах-ангилал

Жо Байден, В.Путин нар Швейцарьт уулзаж магадгүй

Америк, Оросын төрийн тэргүүнүүд ирэх сард уулзаж магадгүй. Дээд хэмжээний уулзалтыг Исландад зохион байгуулах талаар мэдээлсэн удаатай. “Коммерсант” сонины онцолсноор Жо Байден, В.Путин нарын уулзалт Швейцарьт болох магадлал өндөр байгаа аж. Уг уулзалт нь хоёр орны харилцаан дахь хурцадмал байдлыг намжаахад чухал нөлөөтэй гэж үзэж байна. Мөн энэхүү уулзалт зургадугаар сарын 15-16-ны хооронд болж магадгүйг онцолжээ.

Исландын Рейкьявик хотноо энэ долоо хоногт Арктикийн зөвлөлийн гадаад хэргийн сайд нарын зөвлөл хуралдана. Энэ үеэр ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар хоёр удирдагчдын уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хөндөх аж.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Жо Байден, В.Путин нар утсаар холбогдон, Украины хямрал, мөн АНУ-ын сонгуульд Оросын тал хөндлөнгөөс оролцсон болоод Америкийн төрийн байгууллагууд руу цахим халдлага хийсэн зэрэг олон асуудлаар ярилцсан талаар мэдээлж байв. Мөн уг асуудлаар талууд дахин дэлгэрэнгүй хэлэлцэхээр АНУ-ын ерөнхийлөгч Оросын төрийн тэргүүнд ойрын саруудад уулзах саналыг тавьсан гэх. Тухайн үед дээд хэмжээний уулзалтыг гуравдагч орны нутаг дэвсгэр дээр зохион байгуулах саналыг Жо Байден В.Путинд тавьсан юм.

Жо Байден Америкийн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа В.Путинг “алуурчин” хэмээн нэрлэж, ОХУ-ыг Вашингтонд суугаа элчин сайдаа эгүүлэн татахад хүргэсэн билээ. Гэсэн хэдий ч АНУ-ын төрийн тэргүүн ирэх сард Европт хийх айлчлалынхаа үеэр В.Путинтэй уулзаж ярилцах хүсэлтэй гэдгээ илэрхийлж байв.

Жо Байдены хувьд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших хоёр улсын хооронд зохион байгуулагдах анхны дээд хэмжээний уулзалт болох юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *