Categories
гадаад мэдээ

Жо Байден “Эх орноо гэсэн сэтгэл” биднийг нэгтгэдэг

АНУ-ын сонгогчдын коллегийн гишүүд Ардчилсан намаас нэр дэвшин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Жо Байдены ялалтыг баталгаажуулсан талаар NBC агентлаг өчигдөр мэдээлсэн. Тус улсын үндсэн хуульд зааснаар тэрээр ирэх нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоход 50 муж улсаас доод тал нь 270 төлөөлөгчийн санал авсан байх ёстой. Тэрээр 306 төлөөлөгчийн санал авч ялалт байгуулжээ. Одоогоор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байгаа Д.Трамп 538 сонгогчийн 232 саналыг авсан байна. Д.Трампын хувьд өнгөрсөн сард болж өндөрлөсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болсон гэж мэдэгдэн шүүхэд хандсан удаатай. Харин ялалт байгуулсан Жо Байден Делавэр муж улсын Уилмингтон хотноо өнгөрсөн даваа гаригт дэмжигчдийнхээ өмнө үг хэлжээ. Энэ үеэр засаг захиргааныхаа тэргүүн бодлогыг танилцуулсан байна. Тэрээр юуны өмнө цар тахалд цэг тавьж, иргэн бүрээ дархлаажуулалтад хамруулж, үндэсний эдийн засгийг сэргээхэд түлхүү анхаарах болно гэв. Тэр дундаа шаардлагатай иргэдэд хамгийн түрүүнд санхүүгийн тусламж үзүүлэхээ амласан байна. Үүний л дараа эдийн засгаа сайжруулах асуудалд анхаарлаа төлөвлөрүүлэх тухай онцолжээ. Мөн тэрбээр Д.Трампад хандан сонгуулийн дүнг хүндэтгэхийг уриалсан байна.

Түүнээс гадна санал тооллогын дүнгийн талаар онцлохдоо Жо Байден “Сонгогчдын коллегийн санал хураалтаар сонгуульд ялахад шаардлагатай 270 саналаас хамаагүй илүү буюу 306 төлөөлөгчийн санал авсан. Энэ нь Д.Трамп, дэд ерөнхийлөгч М.Пенс нарын 2016 онд ялалт байгуулах үеийнхтэй харьцуулахад ижил тооны санал юм” хэмээн тодотгосон байна. Тэрээр цааш нь “Би бүх америкчуудын ерөнхийлөгч нь байх болно. Миний төлөө саналаа өгсөн болон өгөөгүй хэн ч байсан бүгдэд нь адил тэгш эрхтэй хандан ажиллах болно” гэжээ. Жо Байден мөн “Бид сайн улсууд. Гарал үүсэл, үзэл бодлын хувьд өөр өөр байлаа ч биднийг нэгтгэх зүйл бол эх орноо гэсэн сэтгэл” гэж онцолсон байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *