Categories
гадаад мэдээ

Жо Байден “Дахин халдлага гарч болзошгүй” гэв

Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудалд дахин халдлага гарах эрсдэл өндөр байгааг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден анхааруулжээ. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт цэргийн удирдлагуудаасаа авсан мэдээллийг үндэслэн ийн мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид Кабулд байгаа иргэд, төлөөлөгчдөө нисэх онгоцны буудлаас аль болох хол байхыг сэрэмжлүүлжээ.

Өнгөрсөн пүрэв гаригт Кабул хотын Хамид Карзай олон улсын нисэх буудлын ойролцоо халдлага гарсан. Дэлбэрэлтэд 170 хүн амиа алдсан агаад халдлагын хариуцлагыг “Лалын улс-Хорасан” бүлэглэл хүлээхээ мэдэгдсэн билээ. Үүний хариуд АНУ агаарын цохилт өгч, уг бүлэглэлийн хоёр ч өндөр албан тушаалтныг устгаснаа мэдэгдсэн.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ “Энэхүү цохилт сүүлийнх биш. Бид жигшүүртэй халдлага үйлдэхэд оролцсон хэн бүхнийг олж, шийтгэл хүлээлгэнэ” гэжээ.

Харин “Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч дроны цохилтыг буруушааж, “Бидэнтэй эхлээд яриа хэлэлцээ хийх ёстой байсан” хэмээн мэдэгдсэн байна.

Өдгөө Афганистанд АНУ-ын 1000 орчим иргэн байна. Тэднийг энэ сарын 31-нээс өмнө татах төлөвлөгөөтэй байгаа юм.

“Лалын улс-Хорасан” бүлэглэл нь Афганистан дахь жихадуудын бүлэглэлүүдийн дундаа хамгийн догшин хэрцгийд тооцогддог байна. Бүс нутагтаа хяналтаа тогтоогоод буй “Талибан” хөдөлгөөнөөс эрс ялгаатай аж. Тэд америкчуудтай тайван замаар хэлэлцэн дайтахаас татгалзсан гэж талибуудыг буруутгадаг байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *