Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Баттөмөр: Авлига, эдийн засгийн өсөлт, бууралт харилцан хамааралтай DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Тантай авлига гэж чухам юу болох, эдийн засаг, хөгжилд яаж нөлөөлдөг гэхчлэнгээр зөвхөн авлига гэх асуудлыг тойрч ярилцмаар байна?

За ярья.

-Авлигын сүүлийн үеийн мэдээллээс харахад манай улсын үнэлгээ муу гарсан. Бид авлигатай тэмцсээр л байгаа гэдэг. Гэтэл яагаад ухраад байна?

Трансперенси интер нэшнл байгууллага дэлхийн 180 орныг хамруулж авлигын индексийн 2023 оны судалгаа гаргажээ. Монгол Улс авах ёстой 100 онооноос 33 оноо авч 121 дүгээр байранд орсон. Манай авлигын түвшнийг өндөрсгөж байгаа “Бизнес эрхлэхэд авлигатай тулах эрсдэлийг бууруулж чадаагүй” гэсэн асуудал сүүлийн жилүүдэд тогтмол дурдагдаж байна. Манай улсын хувьд авлигын индекс 1 хувиар өсөхөд нэг хүнд ногдох ДНБ 2.9 хувиар буурна гэсэн судалгаа байдаг. Мэдээж эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг бол авлига мөн. Хамгийн авлига багатай Дани улс 90 оноо авсан бол хамгийн сүүлийн байранд орсон Сомали улс 11 оноо авсан байна.

Манайд авлига буурахгүй байгаа учир шалтгаан нь хууль тогтоомж жинхэнэ утгаараа хэрэгжихгүй, авлигагүй орчин бүрдэхгүй байгаатай холбоотой. Монголын авлигын өнөөдрийн өндөр түвшин нь өнгөрсөн 30 жилд бидний бий болгосон ажил. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс тодорхой санаачилга гарган ажиллаж, зарим үр дүнд хүрч байна. Нэг далайлтаар юмуу, богино хугацаанд өндөр үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Энэ санаачилгыг бүх түвшинд дэмжиж ажиллавал үр дүнд хүрнэ. Авлига, эдийн засгийн өсөлт хоёр нь харилцан хамааралтай. Тухайлбал, Эрдэнэс Таван толгой дээр авсан арга хэмжээний үр дүнд манай эдийн засгийн өсөлт 2023 онд 6.9 хувь хүрсэн.

Монголд авлигатай тэмцэх ажил урт хугацаанд үргэлжилж, үр дүнд хүрнэ. Хууль дүрмийг боловсронгуй болгож болно. Харин авлига авдаг өгдөг хүмүүсийн сэтгэхүй, ёс суртахууныг ө өрчлөхөд ихээхэн хугацаа орно. Авлига нь нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж, ардчилал, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсаар байгаа нь аюултай.

-Та Монгол Улсын хөгжлийн гарц гэж олон санааг УИХ дээр ярьдаг. Авлигатай тэмцэж авлигын индексийг бууруулж чадвал хөгжилд том түлхэц болж,хөгжлийн гарц нээгдэнэ гэж үзэж байна.Та энэ талаар ямар бодолтой байна?

Албан тушаалтан ашиг олох зорилгоор албан тушаалаа хувийн зорилгод ашиглахыг авлига гэж ойлгож болно.

Авлигад хахууль, мөнгө нэхэж авах, залилан мэхлэх, мөнгө завших, улсын мөнгө, хөрөнгийг шамшигдуулах, хамаатан садан ойр дотны болон хамаарал бүхий хүмүүстээ ашиг олох боломжийг олгох, нийтийн хөрөнгийг хувийн хэрэгцээнд зориулан өмчлөх,худалдан авалт, тендерт нөлөөлөх гэх мэт олон асуудлууд багтана. Авлигаас болж Монгол Улс өнөөдөр чөдөртэй морь шиг л доороо догонцон дэвхцэж, хурдан байтугай удаан ч урагшлах боломжгүй болчихоод байна. Ийм учраас авлига өнөөгийн шийдвэрлэвэл зохих хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Авлигатай тэмцэж үр дүнд хүрэх нь хөгжлийн маш том гарц мөн.

Авлигаар хүссэнээ авч болдог, тулгарсан бүх асуудлыг шийдэж болдог, албан тушаал дэвшиж болдог, тэр бүү хэл гэмт хэргийг цайруулж, ял шийтгэл, шоронгоос бултаж болдог гэсэн бодол нийгмийн нэлээд хэсгийн оюун ухаанд амь бөхтэй зууралдаж, бараг өдөр тутмын хэвшил болчихож гэхэд хилсдэхгүй.

Хаана хөгжил сул байна, тэнд авлига их байдаг.

Авлигаас ангижирч байж л улс орон хөгждөг гэдгийг дээр доргүй мэддэг ч мэдсэнээ яагаад ажил болгож хэрэгжүүлэхгүй, авлигын хөрс суурийг бэхжүүлсэн, хэрэгждэггүй хууль, дүрэм, журмыг бид өнгөрсөн хугацаанд маш олныг гаргасан байна. Өнөөдөр энэ алдааг засахын төлөө ажиллаж байгаа боловч үр дүн гарахад бас хугацаа хэрэгтэй нь мэдээж.

-Монголд хууль дүрэм цөөдөөгүй. 830-аад хууль байдаг гэсэн. Хуульд захирагдаж амьдарна гэдгээ бид ер нь ойлгодоггүй юм шиг ээ?

-Тийм ээ, Монголд хууль, дүрэм цөөдөөгүй нь үнэн. Сүүлийн үед болоод байгаа үйл явдлаас харахад Монголд хууль дүрэмгүй амьдрахыг хүсэгчид олширч байгаа дүр зураг харагдаад байна. Хууль,дүрмийг хэрэгжүүлдэггүй, хуулинд захирагдаж амьдарна гэдгээ ойлгоогүй, ямар нэг асуудал тулгарлаа гэхэд хууль, дүрмээрээ шийдэхийн оронд танил талаа хайх, болохгүй бол авлигаар шийдэхийг урьтал болгодог практик түгээмэл болсон гэдэгтэй олон хүн санал нэгдэх биз ээ. Авлига, хээл хахуульд эргэлдэж буй мөнгө ямагт зардал болж та бидний нуруун дээр ирдэг. Авлигачид хэзээ ч ханаж цаддаггүй. Хөгжлийн хамгийн аюултай дайсан бол авлига. Авлигатай хатуу тэмцэх хэрэгтэй.

Өндөр албан тушаалтнуудыг авлигадах замаар санаснаа хийж чаддаг олигархи бизнесийн бүлэглэлүүд Монголд бий болсон. Энэ бол аюултай. Энэ бол хорт хавдраас аюултай. Өнөөдөр хорт хавдрыг эрт оношилж чадвал монголчууд эмчилж чадаж байна. Монголд бий болсон авлигыг монголчууд эрт оношилсон боловч харамсалтай нь эмчилж чадахгүй л яваад байна.

Монголын авлигыг “ардчилагдсан авлига” гэдэг. Яагаад гэвэл манайд авлига ил тод болсон.

-Сүүлийн үед баяр наадам, зугаа цэнгэлд маш их хандив шагнал өгөх болж. Авлига, хандив хоёрт ялгаа байна уу?

-Ялгаа байна. Өгч буй хандив бол татвар төлсний дараах орлого, ашгаасаа өгсөн байх ёстой. Манайд тийм юм алга. Олсон гэж мэдүүлсэн орлогоосоо давсан зарлагатай хүмүүс маш олон болсон. Татвар төлсний дараах орлогоосоо авлигад өгөх нь бага. Харин татвар төлдөггүй хүмүүс далд эдийн засгаас олсон мөнгийг авлигад хамаагүй цацдаг гэсэн судалгааны дүн байдаг.

Их хандив өгсөн хүмүүсийн эх үүсвэрийг шалгах хэрэгтэй. Юунд зарсныг нь бас хянаж үзэх хэрэгтэй. Тухайлбал, өгсөн мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авсан уу, хууль зөрчсөн үйлдэлд зарсан бол сонгуулийн дүнг хүчингүй болгож дахиж сонгууль явуулах хэрэгтэй.

  • Авлигатай тэмцэж ирсэн арга барилаа өөрчилж, магадгүй стандарт бус, шийдвэртэй алхам хийх шаардлагатай.
  • Авлигатай тэмцэх тогтолцоо нь олон улсын жишигт нийцсэн хууль, тогтоомж,тэдгээрийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх, авилгыг илрүүлэх, яллах төрийн чадавхыг багтаадаг.
  • Авлига бол нарийн төвөгтэй, эмэнд тэсвэртэй өвчин шиг зүйл.
  • Улс төрийн авилгын хохирогчид нь ард түмэн болдог.
  • Rent seeking буюу түрээс хайх гэдэг нь баялаг бүтээхгүйгээр баяжих гэсэн санаа. Энэ бол авлигын төрлүүдэд хамаарна.
  • Авлигын орлогыг хурааж, тусгай дансанд төвлөрүүлэн Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарах хэрэгтэй.
  • Манай авлига байгаль орчны сүйрлийг хурдасгаж байна.
  • Монголд авлигын сүүдэр тусаагүй салбар гэж бараг байхгүй.
  • Авлига мэдээлэл хомс нөхцөлд улам цэцэглэдэг.
  • Авлига бол эрх мэдэл бүхий хүмүүсийн шударга бус үйлдэл мөн.
  • Авлигын хохирол авсан авлигаасаа олон дахин их байдаг.
  • Төрийн албанд ёс суртахууны хэм хэмжээг тогтоох нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлнэ.
  • Эдийн засгийн даяаршил авлигыг хил хязгааргүй болгосон.
  • Монголчууд авлигыг ил тод шүүмжилдэг ч түүнийг таслан зогсоох тал дээр эв нэгдэлтэй байж чаддаггүй.
  • Авлигын түвшин өндөр байх тутам хөгжил дорой байдаг.
  • Авлига бууруулах нь бэрх сорилт боловч үр өгөөж нь өндөр байдаг.
  • Авлига аяндаа буурна гэж мөрөөдөх нь гэнэн хэрэг.
  • Авлига, эдийн засгийн өсөлт харилцан хамааралтай
  • Авлигын бүх төрлийн зардлыг тооцвол асар их тоо гарна.
  • Авлига эдийн засгийн алдагдлаас гадна эдийг засгийн урагшгүй байдлыг өдөөдөг.
  • Авлигажсан нийгэмд шантааж бол баялаг гэдэг. Шантаажид орж мөнгө төлж буй этгээдийг шалгах ёстой.

Байшин барьсан, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан бол түүнийг нь хурааж авах ёстой. Авлигын орлогыг хурааж тусгай санд төвлөрүүлж, Монголын ирээдүй хүүхдүүдийн сайн сайхны төлөө үйлсэд зарцуулах хэрэгтэй. Өнөөдөр Монголын эдийн засгийг авлига боомилж хөгжүүлэхгүй байна. Эдийн засгаар баталгаажаагүй ардчилал, ардчилал биш гэдэг. Төгс сайн ардчиллыг ч мөнгө санхүүгээр удирдана гэдэг.

-Сүүлийн үед дээд түвшнээсээ илүү дунд доод түвшинд авлига улам ихэсч байгаа гэж ярих юм. Энэ талаар таны бодол санаа юу байна?

-Монголд нэг үе байгуулагын удирдлага, дарга нар авлига авдаг гэж яригддаг байсан. Одоо бол байгууллагын дунд түвшний дарга нар мэргэжилтнүүд ихээр авлига авдаг болсон гэсэн мэдээлэл байгаа. Энэ бол үнэн гэж би бодож байна. Энэ асуудлыг 2 янзаар тайлбарлаж болох юм.

  1. Дарга нар баг бүрдүүлэх нэрээр өөрийн хамсаатнуудыг ажилд авч тэд нараар хулгай хийлгэдэг болж. Өөрөөр хэлбэл, арга нь нарийсаж байна гэж хэлж болно.
  2. Мөнгө төлж ажилд орсон хүмүүс шархаа нөхөхийн тулд улаан цагаандаа гарч байна гэж ойлгож болохоор байна.

Авлигыг захиалагч дарга нар нь сугарч үлдчихээд дараагийн дугуйг олж тавиад ажлаа үргэлжлүүлээд байна гэж ойлгож болох уу?

-Ажилтнууд нь авлига аваад баригдвал удирдлага нь хамт хариуцлага хүлээдэг байхаар хуульчлах нь зүйтэй.

Авлига улс орны аюулгүй байдлыг алдагдуулдаг. Авлигатай тэмцэх нь хөгжлийн төлөө хийж буй тэмцэл мөн.

Авлига бол нийгмийн сайн сайхан байдалд заналхийлээд зогсохгүй улс гүрэн оршин байхын баталгааг үгүй хийж чадах хамгийн аюултай зүйлийн нэг. Хөгжингүй орнуудаас ялгаатай нь хөгжиж буй орнуудад авлига өндөр байдаг судалгаа байдаг. Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгэм даяар бий болгож, бүх шатанд хэрэгжүүлж, хууль дүрмээ сахиж байж л алга болно.

-АТГ-ыг бэлгэдэл, тэд авлигатай жинхэнэ утгаар нь тэмцэж чаддаггүй,хааяа нэг жараахай барьсан болчихоод том ажил хийсэн болж харагддаг. Тэд авлигатай тэмцэж чадахгүй байна гэдэг. Яагаад гэвэл авлигачид тэднийг томилдог гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Би тэгж бодохгүй байна. Авлигатай тэмцэх газар ажиллаж, зохих үр дүнд хүрч байгаа. Тэдэнд ажиллах орчныг сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Мөн тэдэнд ямар ч үед улс төрийн дэмжлэг байнга байх ёстой. Авлигын гэмт хэргийн улмаас Монголын эдийн засагт 2022 оны байдлаар 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсныг АТГ-аас шалгаж тогтоосон байсан. Энэ бол манайдаа маш том мөнгө. 2022 оны Монгол Улсын төсвийн орлого 18.0 орчим их наяд төгрөг гээд бод доо. Авлигаас учирсан хохирол Төсвийн орлогын 66 орчим хувьтай тэнцэж байна. Ийм байхад бид хөгжил дэвшил яриад утгагүй болчихож байгаа юм. Хөгжлийн банкнаас хууль бусаар зээл авсан, төлөгдөөгүй, хулгайд алдагдсан 3.2 их наяд төгрөгийн зээл нэртэй луйврыг шалгах ажлын хүрээнд 61 хүнийг яллагдагчаар татаж, 2023 оны эцсийн байдлаар 1.6 их наяд төгрөгийг төлүүлээд байсан.Энэ мөнгөөр Хөгжлийн банкны гадаад зээлийн нэг хэсгийг төлсөн. Манайд авлигатай тэмцэх эрх зүйн орчин хангалтгүй байна. Эрх зүйн орчинг, мөн авлигатай тэмцэх ажлын арга барилыг сайжруулах шардлага байна. “Хийх гэж буй ажилдаа тохирсон багажийг сонго” гэж үг байдаг.

-Авлигатай тэмцэхэд эрх баригч намуудын улс төрийн хүсэл зориг ихээхэн үүрэгтэй гэж ойлгож байна. Энэ талаар?

-Монголд байгаа авлигыг дээрээсээ ихтэй гэдэг.

Улс төрийн намуудын сонгуулийн санхүүжилтийг гаргасан хэсэг бүлэг хүмүүс авлигын гол хөзрийг атгаж, сонгуулийн дараагаар төрийн байгууллагын зарим шатны албан тушаалыг мэргэжлийн бус, гол төлөв цүнхчид хэмээгдэх мэдлэг боловсрол, ажлын болон зохион байгуулах ур чадвар муу хүмүүст шагнал мэт тарааснаар авлига цэцэглэдэг.

Тэд доошоо яг тийм хандлагаар өөрийн гэсэн хүмүүсээ төрийн албанд байршуулснаар Монголын төрийн залгамж чанар алдагдаж, төрийн төлөө бус, намчдын ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьж эхэлсэн засаглал тогтоно.

Албан тушаалын ханшийг тогтоож, хэн их мөнгө амлана, тэр өндөр албан тушаал хашдаг жишиг тогтлоо гэдэг. Нэгэнт албан тушаалыг худалдаж авч, ихээхэн хэмжээний мөнгө үрсэн хүн түүнийгээ хэд дахин нугалж олж авах, дараа дараагийн сонгуулиар байр сууриа хадгалахад төрийн албыг ашиглаж эхэлснээр авлига хавтгайрах шат руугаа орж, төрийн ажлыг тэр чигээр нь гацаана. Энэ бол сүүлийн үед бий болчихсон ажил биш. Өнгөрсөн 30 жилийн бид бүгдийн хийсэн алдаа. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сүүлийн үед хийж буй ажил ард түмэнд найдвар төрүүлж байна. Энэ ажлыг ганц Ерөнхий сайд хийх төвөгтэй. Түүнийг бүгд дэмжиж байж үр дүнд хүрнэ.

-Олон улсын хэмжээнд хэмжээнд авлигын индекс буурахгүй байгаа талаар мэдээлэлийн хэрэгсэлүүд мэдээлсэн байна лээ. Энэ талаар таны бодол?

-Тийм ээ, Трансперенси интернэшнл байгууллагын гаргасан “Corruption Perception lndex” судалгаагаар дэлхийн улс орнуудын гуравны хоёр нь авбал зохих 100 онооноос 50-иас доош оноо авсан нь дэлхий дахинд авлигын асуудал ноцтой түвшинд байгааг харуулж байна гэж тэмдэглэсэн байсан.

Авлига ихсэх шалтгааныг олон улсад хэд хэдэн зүйлстэй холбоотой гэж тооцдог. Юуны өмнө цалин бага учраас төрийн албан хаагчид авлига авдаг гэж үздэг.Угаасаа өлөн, хомхой, шунахай хүмүүсийн шуналыг давах цалингийн тогтолцоо энэ дэлхийд байхгүй. Дараагийн нэг гол шалтгааныг ажилд орох боломж хомс байгаагаар тайлбарладаг.

Өндөр боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай ёс зүйтэй, чадварлаг, санаачилгатай хүмүүс, ялангуа залууст танил талгүй бол мэргэжлээрээ төрийн албанд орох боломж үндсэндээ хязгаарлагдмал. Тэд дээд албан тушаалтан эсвэл улстөрчдөд тэдний санал болгож буй ажлын байрны төлбөрийг төлөх хэрэгтэй болдог гэдэг яриа байдгийг орхиж болохгүй.

-Ажилд ороход мөнгө төлдөг гэсэн яриа их байх юм. Энэ талаар ямар мэдээлэл байна?

Улсын томоохон байгууллагуудад ажилд орох, шилжилт хөдөлгөөн хийх, албан тушаал дэвшихэд мөнгө төлдөг гэсэн яриа гараад олон жил болж байна. Хүмүүс яриад л байх боловч түүнийг зогсоох арга хэмжээ авахыг үе үеийн эрх баригчид, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнаас шаардахгүй байгаа нь бидний эмгэнэл юм. Авлига цэцэглэсээр байхад нөлөөлж байгаа нэг том шалтгаан бол авлигын хэргийг шалгаж, буруутныг шүүх процесс нэн удаан, сенсаци төдий шуугиад л аяндаа замхрах хэмжээнд хүрдэг. Шударга шүүхийн тогтолцоог бий болгох шаардлагатай.

Авлигатай тэмцэх газрын эх сурвалж, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон байсан ч ял завших тохиолдол олон, авлигын хохирлыг барагдуулахгүй явсаар байдаг. Төрийн өндөр албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах, авлига авсан ажилтныг бүрмөсөн төрийн албанд ажиллахгүй нөхцөлтэйгөөр халах, ял наймаалцахгүй байх, хорих ял оноох хатуу заалттай болсон. Энэ нь авлигыг бууруулна.

Нийгэмд шударга ёсыг тогтоож байж л авлигыг халж чадна. Авлигачдыг өөгшүүлээд байвал төрөө хүндлэх монголчуудын сэтгэл рүү ус цацсантай адил нөлөө үзүүлнэ.

-Авлигыг таслан зогсоох тал дээр бид хэр эв нэгдэлтэй байдаг юм бол?

-Монголчууд авлигыг ил тод шүүмжилдэг ч авлигыг таслан зогсоох тал дээр эв нэгдэлтэй байж чаддаггүй. Нийгмээрээ тэдэнтэй нэгдэн тэмцэж, авлига өгөх, авахыг үл тэвчих уур амьсгалыг улс орон даяар өрнүүлж, авлигачдыг гишгэх газар, хаших алба байхгүй болгох ёстой.

Авлига нь өгсөн, авсан хоёр хүнийг багтаах тул ажлаа амжуулахын тулд хэнд ч авлига өгөхгүй байх ухамсрыг хүн бүрт төлөвшүүлбэл олон нийт авлигын эсрэг нэгдэж, авлигачид авлига нэхэх, авах боломжгүй болно. Төрийн албанд авлига авах, өгөх боломжгүй болсноор авлигачид, цүнх баригчид төрөөс холдох учиртай.

-Улс төрийн намуудаас эхлэлтэй авлигын асуудал яригддаг. Намууд авлигыг өөгшүүлсэн ажил их хийдэг гэсэн яриа бий. Энэ талаар ярилцъя?

Улс төрийн бүх шатны сонгууль, намын санхүүжилтийг ил тод болгож, сонгуулиар зарцуулсан мөнгийг авлигаар олж авах бүх гарцыг хаах хэрэгтэй. Улстөрчид ялж, эрх мэдэлд хүрээд сонгуульд зарцуулсан мөнгөө дахин дахин олж авахыг хичээнэ.

Энэ байдлыг халахын тулд мөнгөгүй ч мэдлэг боловсролтой, улс орноо зөв чиглүүлээд явж чадах, хувь хүний төлөвшил, эх орны эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж чадах хүмүүсийг шударгаар өрсөлдөх боломжийг олгох ёстой. Ингэж л байж Монгол Улсын хөгжих үүд хаалга нээгдэнэ. Өнгөрсөн 30 жилд Монгол Улсыг монголчууд бид өөрсдөө хөгжүүлсэнгүй.

-Төрийн худалдан авалтыг тойрсон авлига их байдаг гэдэг. Энэ асуудлыг ярихаар нам,түүний боловсон хүчнүүд тэдний хариуцлагүй байдал нөлөөлсөн байдаг. Энэ талаар?

-Авлигатай тэмцэхийн тулд төрийн худалдан авалт, тендер, тусгай зөвшөөрөл буюу лиценз, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр, хэлцэл, албан тушаалын томилгоо, баялгийн эзэмшил, ашиглалт, баялгийн дахин хуваарилалт, төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хангахад онцгой анхаарвал зохино.

Үйл ажиллагааны ил тод бус байдал авлигачид үүрлэх хөрсийг бий болгож байна.Улс төрийн намууд намын хандивыг олон нийт, аж ахуйн нэгжээр дамжуулан авч түүнийгээ нууцалдаг нь авлигыг өөгшүүлэхэд нөлөөлдөг.

Авлига нэмэгдэхэд төрийн албаны хариуцлагагүй байдал нөлөөлдөг. Төрийн албан хаагч өөрийн мэдлэг боловсролыг бүрэн дайчилж байгаа эсэхээс үл хамааран цалингийн сүлжээгээр цалинжих тул төрийн үйлчилгээг шуурхай хүргэж, хариуцлагатай ажиллах хөшүүрэг болж чаддаггүй.

Өрсөлдөөнгүй шударга бус байх нь авлигыг өдөөх бас нэг хэрэгсэл болдог. Төрөөс зарласан тендерт хэдхэн компани олон удаа ялсан байдаг нь тэдгээр нь сайндаа биш, улс төрийн нөлөө орсных юм.  Улс орны хөгжил дэвшлийн төлөө авлигын дээрх шалтгааныг арилгахаас өөр гарц байхгүй. Монгол улс хөгжье гэвэл юуны өмнө авлигаас салах хэрэгтэй байна. Авлига бол тусгаар тогтнол, хөгжлийн эсрэг гэмт хэрэг юм. Авлига луйвар санхүүгийн мөр үлдээдэг. Тэр нь манайд хөгжлийн хоцрогдол, ядуурал, гэмт хэргийн өсөлт, иргэдээс төр засагтаа итгэх итгэлийн бууралт, оюуны хоосрол гэх мэт олон мөр үлдээсэн бна. Ер нь Монголд авлигаас болж алдагдсан боломж, учирсан хохирлыг тооцож үзэх хэрэгтэй байгаа юм.

Авлигаар улсаа худалдахад бэлэн хүмүүсийг төрөөс хол байлгахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэд онцгой үүрэгтэй. Дэлхийн хэмжээнд хөгжиж буй буурай хөгжилтэй орнуудад авлига их байгаа юм байна.Энэ нь хөгжилд нь нөлөөлдөг.

Авлига далд эдийн засаг ямар холбоотой байх вэ? Дэлхийн банкны судалгаагаар хөгжиж буй орнуудад жил бүр 100 орчим тэрбум долларын авлига өгдөг байна.  Хөгжингүй орнуудад авлига өөр хэлбэртэй. Улс төрийн авлига дэд бүтцийн томоохон төслүүдэд их байдаг. Авлига, далд эдийн засаг хоёр хүйн холбоотой бөгөөд авлига ихтэй газар далд эдийн засгийн түвшин өндөр байдаг.Хуулийн хэрэгжилт сул байх тутам далд эдийн засаг, авлига цэцэглэн хөгждөг ажээ. Харин авлигын түвшин өндөр байх тусам нэг хүнд ногдох ДНБ-ээр хэмжигдэх эдийн засгийн хөгжил дорой байна.

2022-2023 оны мэдээгээр Дани, Шинэ Зеланд, Финланд, Сингапур, Швед улсууд дэлхийн хамгийн бага авлигатай улсууд гэж тооцогдож, олон улсын санхүүгийн ил тод байдлын жагсаалтад байнга дээгүүрт ордог. Хамгийн их авлигад автсан улсууд нь Сомали, Сири, Өмнөд Судан улс гэх мэт улсууд байна.

-Зарим мэдээлийн хэрэгслээр хэвлэлээр шантааж хийж мөнгө олдог гэдэг яриа байдаг. Энэ авлигад орох уу?

-(Инээв) Би бүхнийг мэдэгч биш л дээ. Гэхдээ мэдэж байгаагаа хариулъя. Асуудлыг санаатай зориудаар үүсгээд түүнийгээ хэвлэл мэдээлэл, сошиалаар сэвж,тараан нэр хүндийг нь унагах замаар мөнгө олохыг шантааж гэнэ. Авлигажсан нийгэмд шантааж бол баялаг гэдэг. Шантаажид орж мөнгө төлж байгаа бол тэр хүнд асуудал байна л гэсэн үг. Яг энэ асуудлыг АТГ, холбогдох хүчний байгууллагууд анхаарч ажиллах сэдэв мөн.

-Авлигатай тэмцэж амжилтад хүрсэн бусад орнуудын туршлага юу байна, Бид авч хэрэгжүүлэх ямар асуудлууд байж болох вэ. Авлигатай тэмцэж хөгжлийн өндөр түвшинд хүрсэн Сингапурын туршлага дэлхийд өндөр үнэлэгддэг?

-Сингапурын хөгжлийн олон нууцын нэг бол авлигтай шийдвэртэй тэмцэж, авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгэмд бий болгож, хуулийн дор хүн бүр тэгш амьдрах боломжийг бий болгосонд байгаа юм.

Сингапурт хөгжлийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн олон ажлуудын нэг нь сонгуулийн ажилд мөнгө хэрэглэхгүй байх арга замыг олж чадсан. Сонгуульд мөнгө зарахгүй, мөнгөнөөс ангид сонгууль явуулснаар үнэнч шудрага парламент, засгийн газартай болж чадсан. Манайд сонгуульд их хэмжээний мөнгө зараад зогсохгүй, улс төрийн намуудад авсан суудлын тоогоор мөнгө олгодог буруу жишиг үргэлжилсээр байгаа нь харамсалтай. Манай төсөв сүүлийн 30 жилд жил бүр алдагдалтай батлагддаг. 2024 онд 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан нь ДНБ-ний 1.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн орлоготой нь харьцуулбал 6 орчим хувь болж байгаа. Алдагдалтай төсвөөс намуудад мөнгө хуваарилах нь ирээдүйд өр тавьж, ирээдүйгээс хулгай хийж байгаагаас ялгаагүй. Улс төрийн нам байгуулж, сонгуульд нэр дэвшигчээс мөнгө авах, суудал авбал улсаас мөн мөнгө авах сонирхлын үүднээс өнөөдөр Монголд байгуулагдсан улс төрийн намуудын тоо 40 гараад явчихсан байна.

-Авлигатай тэмцэх олон арга байдаг байх. Тантай санал солилцъё?

-Авлигаас ангижрахын тулд олон арга байдаг ч хамгийн түрүүнд төрийн байгууллагуудын хүнд суртлыг арилгах нь илүү үр дүнтэй байх болно. Төрийн албан хаагчид шуурхай үйлчилж, хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд хуулиа сайтар ойлгуулж, энгийн үйл ажиллагааг цахимжуулж, хүнээс хамаарах байдлыг багасгах хэрэгтэй. Зарим судалгаанаас харахад төрийн агентлагуудыг цөөлж, заримыг нь нэгтгэх нь зардал хэмнэхээс гадна авлигыг бууруулдаг ажээ.

Хоёрдугаарт, Улс төрийн сонгуулиудын үйл ажиллагааг ил тод болгож, авлигачдыг төрөөс ангид байлгах, албан тушаалдаа үлдэхийн тулд мөнгө төлдөг байдлыг халах ёстой ажээ. Иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлж, хэнд саналаа өгч болохыг ойлгуулж чадвал тэд илүү зөв сонголт хийж,зөв шийдвэр гаргах боломжтой. Ингэснээр авлигаас ангид байж чадах сайн засаглалыг бий болгоно.

Гуравдугаарт, иргэний боловсролыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой. Иргэд өөрсдөө төрөө барих хүмүүсийг сонгохдоо тухайн хүн албан тушаал хашиж байхдаа юу хийж байсан талаар өргөн ойлголттой байх ёстой.

Хөгжиж буй орнуудын иргэдэд улс төрийн эрхийг нь ойлгуулах нь авлигыг бууруулах гол түлхүүр гэж үздэг. Төсвийн мөнгийг хулгайлсан, шамшигдуулсан хүмүүсийн талаар иргэдэд мэдээлэл өгснөөр авлигачдад төрд ажиллах боломж бүрмөсөн хаагдана.

Дөрөвдүгээрт, авлигыг бууруулах нь биелэх боломжтой зорилт бөгөөд энэхүү үйл явцыг цаг алдалгүй эхлүүлж, төрийн байгууллагуудыг авлигын индексээр жагсааж, томилгоог оновчтой болгох ёстой. Иргэдэд зөв мэдээллийг хүргэж, зөв шийдвэр гаргахад туслах нь авлигыг бууруулах үндсэн нөхцөл юм.

Монгол Улсын хөгжлийг чөдөрлөгч авлигыг бууруулахын тулд сайн хууль тогтоомж, хүчтэй авлигатай тэмцэх байгууллагаас гадна хуулийн зөв хэрэгжилт, эрх баригчдын улс төрийн хүсэл зориг, иргэдийн эв нэгдэл юунаас ч илүү үүрэгтэй. Авлигачдыг шүүмжлээд зогсохгүй, тэдэнтэй тэмцэхэд төр, хувийн хэвшил, иргэд нэгдэх хэрэгтэй байна.  Авлигатай тэмцэх болон шүүх, прокурорын байгууллага, түүнд ажиллагсдын чадавхыг бэхжүүлж, олон улсын түвшинд хүргэх, мэдээлэл авах, илчилсэн мэдээлэл өгсөн хүнийг хамгаалах, төр хувийн хэвшил, иргэний нийгэмийн хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг шинэ шатанд гаргах шаардлага байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдад оногдуулах хариуцлагыг чангатгаж, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх,хэрэг шийдвэрлэхтэй холбогдох харилцаа, эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлагатай.

Төрийн байгуулагын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлж,цахим засаглалаар хөгжүүлж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, стандартыг тогтоон мөрдүүлэх шаардлагатай.

Авлигачдад хэзээ ч боломж олгож болохгүй. Цэндийн Доржготов гуайн хэлсэн нэг үг байдаг. “Гэмт хэрэг хийж олсон орлогыг “нүгэлтэй орлого” гэдэг. Ер нь хүний амьдрал бол “нүгэлгүй орлого”-оор гэдсээ тэжээх явдал мөн” гэж. Энэ бол их оновчтой хэлсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *