Categories
мэдээ нийгэм

Жилд 24 сая дуслын шингэн үйлдвэрлэх үйлдвэр нээгдлээ

Монгол Улсын томоохон эм үйлдвэрлэгч компаниуд хамтран 2013 онд дуслын шингэн эмийн үйлдвэр байгуулах төслийг санаачлан “Энхийн шүүдэр” ХХК-ийг хамтран хөрөнгө оруулж байгуулж байв.

Гадаад дотоодын зах зээлээс санхүүгийн эх үүсвэр бүрдүүлсний үр дүнд “Энхийн шүүдэр” хэмээх дуслын шингэн эмийн үйлдвэр нээлтээ хийгээд байна.

Энэхүү үйлдвэр нь үндэсний хөрөнгө оруулалт бүхий, олон улсын шаардлага хангасан, бүрэн автоматжуулсан дуслын шингэн эм үйлдвэрлэх зориулалттай иж бүрэн цогцолбор бөгөөд олон улсын стандартын шаардлагын (international GMP) дагуу барилга, тоног төхөөрөмж, технологи ашиглаж байгаа учраас бүтээгдэхүүн нь ч мөн дэлхийн жишигт хүрнэ гэж онцолж буй юм.

Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд цагт 4,500-5,000 уут, жилд 24,000,000 уут дуслын шингэн үйлдвэрлэхээс гадна 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүний 80 орчим хувь нь үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон бүтээгдэхүүн байна. Манайх Монгол улсын эмчилгээнд хэрэглэгддэг бүх төрлийн дуслын шингэн эм, гемодиалезийн буюу бөөрний дутагдлын үед хэрэглэх шингэн эм болон тусгай технолгиор бэлтгэдэг шингэн эм зэрэг төрөл бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна.

Манай улсын хамгийн том эмийн үйлдвэр гэж тодорхойлж болохоор уг үйлдвэр нь нийт 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон бөгөөд, Чингис бондын санхүүлжилтээс 5.8 тэрбум төгрөгийн зээл авсан байна.


“Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэр ийнхүү ашиглалтанд орсноор үндсэний үйлдвэрлэлийн, олон улсын чанарын шаардалга хангасан дуслын эмийн шингэнийг дотоодын зах зээлд нийлүүлж үнийн уян хатан бодлого баримтална, дотоодын зах зээлд ижил төрлийн импортын бүтээгдэхүүн бараг 50 хувь эзэлдгийг тооцвол үүнийг орлох, улмаар валютын гадагш урсгалыг багасгана, бүтээгдэхүүнээ ойрын 2-3 жилдээ экспортонд гаргаснаар улсын валютын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ, олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрлэлийг Монголд эрхэлж нэвтрүүлснээр энэ салбарт орчин үеийн технологи, инновацийн шинэ босго түвшинд авчирч үйлдвэрлэлийн дэвшилтэт туршлага дадлыг бий болгох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *