Тэртээ 43 жилийн өмнө Төв аймгийн Батсүмбэр сумын найман жилийн сургуулийг Чойжилсүрэн багштай төгссөн 8Б ангийнхныг “Нэг ангийнхан” буландаа онцолж байна. Сургуулиа 1977 онд төгссөн энэ ангийнхан өнөөдрийг хүртэл жил алгасахгүй уулзан, дотно нөхөрлөж иржээ. Өнгөрсөн жил тэд Дарханы “Жонон” амралтад ангиараа амарцгаасан бол энэ жил Батсүмбэрийн “Тарнийн” амралтад зугаалаад ирцгээжээ. Өнгөрсөн хугацаанд бас Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт олон газруудаар анги хамт олноороо аялсан гэнэ.
Ангийн дарга Б.Мөнхжаргал бүх санаачилгыг гартаа авч хамт олноо уриалан жил бүр болох уулзалтуудыг зохион байгуулна. Амралтад очоод тэд дуулж хуурдан, бүжиглэж, ууланд алхаж, гэрэл зургаа даруулж, багынхаа дурсамжуудыг ярилцан цагийг зугаатай өнгөрүүлж, ёстой л арван насаар залуужиж, эрч хүч авдаг байна. Бага ангид байхаасаа л эдний ангийнхан нэлээд даруухан сурагчид байжээ. Хичээл номондоо шамдан суралцах хамгийн чухал гэдгийг багш нь байнга сануулдаг учраас сургуулиа тараад өдөр бүр ангиараа багшийндаа очиж хичээлээ хийнэ. Чойжилсүрэн багшийнх сумын төвд багш нарын байранд байдаг. Тэр үедээ л хамгийн гоё байшин байж. Ихэнх айлууд монгол гэрт амьдардаг байсан учраас багш нарын орон сууц хамгийн тухтай тохилог байшинд тооцогддог байсан аж. Тиймээс ч ангиараа багшийндаа очих тун дуртай. Бөөнөөрөө хоёр өрөө байранд багтахгүй шахуу. Охидууд сандал, орон дээр сууцгаагаад хөвгүүд газраар эгнэж суугаад хичээлээ бэлддэг байж. Өдөр бүр багшийндаа очдог ч багш маань хажиглаж байгаагүй хэмээн тэд хөөрөлдлөө. Чойжилсүрэн багш намхан нуруутай, махлаг, үсээ хойшоо самнадаг, хар хослол, цагаан цамцтай даруухан багш байж. Хөгжилтэй, хөгтэй олон зүйл болно. Нэгдүгээр ангид байхдаа ангийн охин Даваадулам, Нямсүрэн хоёр адилхан цүнх үүрдэг байсан. Нэг өдөр цүнхээ булаацалдаад хоорондоо муудалцахад багш маань их тайван хүн, цүнхнээс дэвтэр номыг нь гаргаж өгөөд хэн хэнийнх нь цүнх болохыг ялгаж өгч байсан юмдаг хэмээн дурслаа. Тэр үед бүгд ижил дүрэмт хувцастай. Гэхдээ л ангид ганган охид олон. Цагаан өнгийн парчикаар гоёж захаар нь тор хадаж өмсдөг охид олон байжээ. Ангийн хамгийн царайлаг ганган охид бол Ж.Гарамгай, Д.Баярцогзол нар. Ангиараа улаан өнгийн гастук зүүнэ. Салаан дарга, ангийн дарга нар гастук дээрээ цэнхэр тууз хадаж ялгарна. Баяр ёслолоор цагаан парчик, бусад үед нь хар парчикаа өмсөнө. Гэрээсээ гарахдаа парчикаа эвхэж индүүдээд цүнхэндээ хийгээд сургууль дээрээ ирээд өмсөнө. Учир нь гэрээсээ гарахдаа өмчихвөл гадуур нь хувцас өмсөөд цүнх үүрээд үрчийчихнэ гээд цүнхлээд ирдэг байж. Охидууд наймдугаар анги төгстлөө үсээ хоёр салаа сүлжиж, өнгө өнгийн тууз зүүнэ. Туузгүй бол хичээлд оруулдаггүй, үсээ задгай тавихыг бүр ч хатуу хориглоно. Тийм чанга дэгтэй байж. Хөвгүүд долдугаар анги төгстлөө үсээ хусуулж халзан толгойтой хичээлдээ явдаг байж. Уг нь бол ангийн охид хөвгүүд тухайн үеийнхээ моодыг дагах их дуртай байсан гэдэг.
Эрэгтэй хүүхдүүд өргөн өмд хааяа өмсөж ирээд багш нарт зэмлүүлнэ ээ. Нэг өдөр өргөн хар өмд өмсөөд ирэхээр нь багш нар нийлж байгаад өргөн өмднийх нь хоёр хажуу талынх нь оёог задлаад явуулчихдаг байж. Тухайн үедээ өргөн өмд моодонд их орж байжээ. Нэг шуумгаар нь бараг охидын юбка оёод өмсчихмөөр тийм өргөн өмд өмсдөг байсан гэдэг. Харин наймдугаар ангид орох жил хотоос Мөнхбаатар гэдэг залуухан багш иржээ. Нийгэм судлалын хичээл заадаг тэр багш “Хөвгүүдийн үсийг одооноос эхэлж хусуулахаа болимоор байна. Лам биш дээ. Халимаг тавиулах хэрэгтэй” гэдэг санал гаргаснаар хөвгүүд найм төгсөх жилээ халимагтай төгссөн гэдэг. Голдуу настай багш нар байсан учраас ийнхүү хөвгүүдийн үсийг хусахыг шаарддаг байсан байх гэж ангийн найзууд ийнхүү хөөрөлдөж байв. Ангийн хүүхдүүд Б.Мөнхжаргал, Д.Баярцогзол, Ж.Гарамгай, Д.Оюунсүрэн, Л.Наранцэцэг, Б.Нямсүрэн К.Батийхаан, Д.Оюунгэрэл, Д.Сарангэрэл, А.Оюунцэцэг, Хишигтогоо, Шүрэнцэцэг, Пүрэвжав, Д.Өлзийхишиг, Л.Жаргалсайхан, Д.Батбилэг, Ж.Дэлгэрцогт, А.Батцэцэг, Н.Түвшинбаяр, Х.Оюунцэцэг, Г.Доосмаа, Н.Загдхорлоо, Д.Сүхээ, Нямсүрэн, Касияа, Отгонбаяр, Ганхуяг, Наймт, Ганбаатар, Гансүх, Зоригт Сарантуяа, Нарантуяа, Долгорсүрэн, Баянцэцэг, Солонгосайхан, Батдорж, Д.Оюунцэцэг, Оюунчимэг, Батийхаан, Бурам,Рэгзэдмаа, Сайнсанаа, Наран, Очирбат нар найм төгссөн. Эдний ангиас нэгээс наймдугаар анги хүртлээ нэг ч хүүхэд улирч сурч байгаагүй гэнэ. Тэр үед хичээл хийгээгүй муу авсан хүүхдэд хатуу хариуцлага тооцдог чанга үе байжээ. Шалгалтандаа муу дүн авсан хүүхэд улирч сурна. Анги болгонд улирсан хүүхдүүд олон байсан бол харин эдний ангийн багш сайн сурдаг хүүхдийг дунд сурдаг хүүхэдтэй хамт суулгаж, тэд нэг нэгийгээ чирч явсаар улирч сурсан хүүхэдгүй, бүгд төгссөн байна. Ангийн багш хүүхэд ялгаж байгаагүй, бүх сурагчдыг өөрийн хүүхэд шиг халамжилж хүмүүжүүлсэн учир тэд багшийнхаа тухай дурсан ярих дуртай. Сургуулийн байр нэлээд зайтай, Батсүмбэрийн Сангийн аж ахуйн нэгдүгээр Фермийн хажууд байдаг. Хол гэртээ олон хүүхэд байдаг байж. Өглөө 08 цагт хичээлтэй. Сурагчид үүрийн 05 цагт босоод зургаан цагт гэрээсээ гарч гүйсээр 08 цагтаа уралдаж сургуульдаа ирнэ. Бараг дөрөв таван киллометр газар алхаж очдог байсан гэнэ. Даарсан хүүхдүүд сургууль дээрээ цан цохиулаад орж ирэхэд ангийн багш угтаж аваад хүүхдүүдийн ороолт, малгайг тайлан пийшингийн хажууд дулаацуулаад дараа нь хичээлээ заана. За тэгээд хол гэртээ хүүхдүүдэд хааяа нэг трактор, морин тэрэг олдвол бөөн баяр болно доо. Унаа олдохгүй үе олон учраас явган гүйсээр хичээлдээ ирж очдог байсан тухайгаа хуучиллаа.
Монгол хэл, математикийн олимпиадад тэд ангиараа орно. Ихэнхдээ сайн дүн авдаг. Хичээлээ тараад заримдаа 30 минут гадаа тоглоно. Ангийн охидууд Сарангэрэл, А.Оюунцэцэг, Нямсүрэн нар сайн найзууд. Хичээлээ тараад охидууд голдуу дээс, черта тоглоно. Хөвгүүд тэвэгдэнэ. Тэд хааяа сумын төвийн клубт кино үздэг аж. Гэхдээ тэр үед хаа нэг сумын төвд кино гарна. Киноны тасалбар 300 төгрөгийн үнэтэй байдаг ч яаж ийж байгаад мөнгө олоод үзчихдэг байснаа дурслаа. Мөнгө хатуу байх үед киноны тасалбар 300 төгрөг гэдэг нэлээд үнэтэй үзвэрийн нэг байжээ. Бас амралтын өдрүүдээр чаргаар гулгах дуртай. Мандал толгойд гарч гулгана. Хамгийн зугаатай зүйл бол намрын ургац хураалтад явах байжээ.Ургац хураалтад хоёр гурван өдрөөр явна. Ногоогоо хураагаад шуудайлаад машинд ачуулна. Байцаа хураах хамгийн сонирхолтой байжээ. Эгнэж зогсоод нэг нэгэн рүүгээ шилжүүлж шидээд шуудайлна. Түүнчлэн хөвгүүд хамаг ажлыг нугалдаг байж. Угаас газар тариалангийн өлгий нутаг учраас ногоочин айлын хүүхдүүд олон байж.
Энэхүү ангиас нэг гэр бүл болж ханилан суусан хосууд бол Ганхуяг, Бурам хоёр. Нэгдүгээр ангиасаа тохой нийлүүлэн нэг ширээнд сууж, улмаар ханилан суугаад өдгөө өнөр өтгөн сайхан айл болжээ. Тэд Дарханд аж төрж байгаа ч ангийн уулзалтыг алгасахгүй зорьж ирнэ. Ирэх жилийн уулзалтыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлж байв.