ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд “Жи тайм” сүлжжээний талаар мэдээлэв.
Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан. Уг компаниар дамжуулан Монгол Улсад олон шатлалт пирамид хэлбэрээр бизнес явуулж, олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон билээ. Улмаар М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм. Гэвч хэргийн холбогдогч уг этгээд мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ. “Жи тайм” сүлжээнд элсэж, хохирсон 11 мянга 734 иргэн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгчээ. Хэргийн холбогдогч Казахстан улсын иргэн М.Маратыг Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч тэрбээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан бөгөөд эрэн сурвалжлах ажиллагааг идэвхитэй явуулж байгаа ч одоогоор олдоогүй байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Гадаад улсад эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, эрхзүйн харилцан туслалцаатай орнууд руу прокурорын байгууллагаар хүсэлтээ тавьж шалгуулж байгаа аж. Одоогоор 6.9 тэрбум орчим төгрөг, 400-аад сая төгрөгийн үнэтэй автомашин, 3 тэрбум орчим төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хохирогч нарын нөхөн төлбөрийг төлүүлэхээр битүүмжилжээ.