Categories
мэдээ нийгэм

ЖДҮ-ийн зээлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хуваарилсан уу?

Өнгөрсөн мягмар гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Ядууралтай тэмцэхийн тулд бид Жижиг, дунд үйлдвэрлэлийг гаргаж ирсэн. Нэг сайд нь тэрбум тэрбумаар нь аваад явчихсан. 950 сая төгрөгийг хоорондоо ярилцаад авсан нь үнэн шүү дээ. Хоорондоо ярьцгааж байгаад гаргаад авсан” гэж хэлсэн юм. Тэгэхээр Засгийн газрын сайдууд, УИХ-ын зарим гишүүн, МАН-ын генсек нь хүртэл ЖДҮ-ийн 950 сая төгрөгийг өөр хоорондоо ярилцаж байгаад авцгаасан юм байна. Мэдээж, Ерөнхий сайдаасаа нууц ярилцана гэж байхгүй. Ж.Бат-Эрдэнэ гишүүний ярианаас үзвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэж байхаар барахгүй өөрөө хуваарилсан байх талтай нь харагдаж байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг ЖДҮ-ийн мөнгийг тэрбум тэрбумаар нь дур мэдэн хуваарилсан гэж буруутган чичилж байсан жүжгийн ард Ерөнхий сайд маань өөрөө сууж байжээ дээ янз нь. Үнэхээр ч бүхэл бүтэн нэг сангийн хөрөнгийг хуйгаар нь найз нөхдөдөө хуваарилах том толгой салбарын сайдад хаанаас байгаа аж. Тус сангаас Засгийн газрын сайдууд, УИХ-ын нэр бүхий гишүүд болон төрийн удирдах албан тушаалтнууд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан. Дахин сануулахад, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, Б.Батзориг, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Б.Ундармаа, А.Сүхбат, Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осор, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж, О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү нар ЖДҮ-гийн сангаас тэрбум тэрбумаар нь мөнгө зээлжээ. Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар, Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нар ч ЖДҮХС-гаас бага хүүтэй мөнгө зээлэгсэд. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар , Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарын нэрс ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж сошиалаар шуугиад эхэллээ.

Ерөнхий сайд өөрөө ЖДҮ-ийн зээлийг хуваарилсан учраас “Хууль шүүхээр гэм буруутайг нь батлаагүй байна” хэмээн Засгийн газраа улайран хамгаалж, улдан чангааж байгаа бололтой. Засгийн газар огцорвол Ерөнхий сайдын улс төрийн цаашдын замнал ч бүдэг харагдаж байна. “Намайг ард түмэн дэмжиж байгаа” гэж сайрхах түүний Засгийн газар ард түмэндээ очих мөнгийг нь өөрсдөө хуваагаад идчихсэн болохоор бодит дэмжлэг хэр их байгаа нь ч эргэлзээтэй. Нийтлэлч Баабарын бичсэнээр ард түмэн “Өөрт ногдох юмаа алдсан төдийгүй, хэдэн жилийн горьдлого хүсэл эрмэлзэлээ дээрэмдүүлсэн” болохоор их ууртай байгаа.

ЖДҮ-ийн зээлийн хэрэг бол мөсөн уулын зөвхөн орой гэж олон хүн хэлж байна. Доошлох тусам өнөө ард түмэндээ хайртай улстөрчдийн үнэн төрх улам л илчлэгдэнэ. ЖДҮ-ээс ч илүү хууль бус үйлдлүүд гарч мэднэ. Тэр бүхэнд “гэм буруутай нь батлагдаагүй” гээд ширэн нүүрлээд суух уу. Энэ Засгийн газрын бас нэг заль нь ЖДҮ-чин сайдуудаа хариуцлага тооцсон болж харагдах. Б.Батзориг өөрийн хүсэлтээр сайдаасаа өргөдлөө өгсөн болоод хэл амнаас салж байгаа бололтой. Прокуророос “Түүнийг шалгая, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлээд өг” гэхээр МАН-ынхан хамгаалаад аваад үлдсэн. Одоо Б.Батзоригийн араас хоёр гурван сайдыг чөлөөлөх төлөвлөгөө зохиож байгаа дуулдаж байна. Тэгээд л өөрсдийгөө аваад үлдчих бололтой.

Энэ удаа ард түмэн шударга ёсыг нэхэж байна. Хууль бус үйлдлээ улайран хамгаалж буй Засгийн газраас хариуцлага, ес зүйг нэхэж байна. Харин өөдөөс нь нулимах эрх У.Хүрэлсүхийн Засгийн газарт байхгүй.

Г.БОЛОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *