Гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрийн тодорхой 30 байршилд хяналтын камер суурилуулан “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийг шинээр байгууллаа. “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан бөгөөд нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ганболд, даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл болон аймаг, орон нутгийн удирдлагууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар оролцлоо.
Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэхэд камерын ач тус нэлээдгүй байдаг. Олон нийтийн газар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлагыг шуурхай мэдээлснээр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм. Шинээр суурилуулсан энэхүү камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай, өдөр, шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж, цаг агаарын эрс, тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай.
Нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг, зөрчил болсон газар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай, тээврийн хэрэгслийн улсын дугаар зэргийг татаж таних бүрэн боломжтой байгаагаараа онцлог юм. Цаашид теле камерыг гудамж талбайд нэмж суурилуулах төлөвлөгөөтэй байна.