Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.
-НҮБ дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бүрэн зогсоох амлалтыг улс орнуудаас авсан. Хэрэв урд хөрш цаашлаад дэлхий нийтээрээ нүүрс ашиглахаа больчихвол Монгол Улсын эдийн засаг яах вэ. Бид өнөөдөр Хятад руу нүүрсээ экспортолж амьдарч байна шүү дээ. Тэгэхээр нүүрсээ яаж ашиглавал бид эдийн засгийн хувьд айх аюулгүй болох вэ?
-Одоогоор манай улс үндсэндээ коксжих нүүрс экспортолж байгаа. Нэмээд эрчим хүчний нүүрс бага хэмжээгээр гаргаж байна. Коксжих нүүрс бол ган хайлуулахад ашигладаг, байгаль дээр харьцангуй ховор байдаг л даа. Тийм болохоор илүү үнэтэй, эрэлт ихтэй. Эрчим хүчний нүүрс харьцангуй тархалт ихтэй гэсэн үг. Тэгэхээр бид яагаад эрчим хүчний нүүрсээ олигтой гаргаж чадахгүй байна вэ гэвэл дэд бүтцийн хувьд асуудалтай. Хэдийгээр зах зээл дээр эрэлт байвч манай авто зам, төмөр зам, хил гаалийн нэвтрүүлэх дэд бүтэц нь хязгаарлагдмал. Ер нь нүүрсний хэрэглээний хувьд дэлхий нийт хэзээ ч татгалзахгүй. Нүүрсний хэрэглээний өсөлт л багасна. АНУ, Хятад болон олон улсын эрчим хүчний агентлаг ч байгууллагуудын прогнозыг харахад урт хугацаандаа эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн холимогт эзлэх эх үүсвэрийн хувь хэмжээ нь багасаад сэргээгдэх эрчим хүч нэмэгдэнэ. Гэхдээ дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээ өснө.
Ингээд эцсийн дүндээ нүүрсний хэрэглээ нь өнөөдрийн түвшнээс өсөхөөргүй байх зорилтыг тавьж байгаа болохоор нүүрснээс татгалзахгүй. Ирээдүйд бусад хэрэглээ өсөөд нүүрсний эзлэх хувь хэмжээ нь багасч байгаа гэсэн үг. Тэгэхээр Хятад улс одоо дэлхийн нүүрсний тал хувийг хэрэглэдэг. Цаашдаа ч хэрэглэсээр байна. Тус улс жилд 4.3 тэрбум тонн нүүрс хэрэглэж байгаагийн ганцхан хувийн хэлбэлзэл нь 45 сая тонн буюу манай улсын бараг нэг жилийн үйлдвэрлэлтэй тэнцэнэ. Тэгэхээр энэ зэргийн хэлбэлзэл бол зах зээл дээр цаашдаа ч байна. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсний зах зээл тэнд байна. Иймд нүүрсний зах зээл байхгүй болчихгүй. Үүнийг ашиглаад дотоодынхоо дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Бид экспортын орлогоо нэмэгдүүлэх үүднээс эхлүүлсэн төмөр замын ажлуудаа яаравчлах нь зөв. Шинээр Шивээхүрэн дээр зүүн талын Бичигт, баруун талын төмөр замын сувгуудаа барьж байгуулж авах хэрэгтэй. Холбосон хөндлөн төмөр замуудаа бас барих ёстой. Нүүрс хамгийн их овор хэмжээтэй бараа учраас үүнийг далимдуулж дэд бүтцээ хөгжүүлэх боломжтой. Ингэснээр урт хугацааны турш орлогын эх үүсвэрээ тогтворжуулж тэр өрсөлдөөн дээр өөрийнхөө бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой болно. Дээр хэлсэнчлэн эрчим хүчний нүүрс бол экспортлоход хэцүү. Дэд бүтэц хязгаарлагдмал. Асар их овор хэмжээтэй, үнэ нь коксжих нүүрснээс бага. Тийм болохоор эрчим хүчний нүүрсээ бид эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглаж үр шимийг нь хүртэж чадахгүй байна. Газрын хэвлийд далай мэт хүрэн нүүрс байгаа. Дээрээс нь коксжих чулуун нүүрс байна. Одоо Таван толгойн коксжих нүүрснийхээ хамгийн сайныг нь шилж зараад тааруухныг нь овоолоод хаяхаас өөр аргагүй байдалд орсон. Үнс ихтэй, чулуутай холилдсон хэсэг болон исэлдсэн газрын гадаргад ойрхон байдаг нүүрсээ тэр чигт нь хаяж байна. Өнөөдрийн нөхцөлд эдгээрийг мөлжөөд явах боломж байхгүй. Удахгүй эрчим хүчний нүүрсний том давхаргууд руу орно. Дэд бүтэц нь шийдэгдээгүй, борлуулж чадахгүй юм бол боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргах ёстой. Өөрт байгаа өгөгдлөө ашиглаж, аж үйлдвэрлэлээ хөгжүүлж, эдийн засгаа тэлэхэд эрчим хүчний нүүрсийг хэрэглэж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага нь бий болж байна.
-Хүрэн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэлээ. Тэгэхээр нүүрснээс хэчнээн төрлийн ямар, ямар бүтээгдэхүүн гаргах боломжтой вэ?
-Ер нь аливаа улсын эдийн засгийн аюулгүй байдлын тулгуур салбарууд гэж бий. Эрчим хүч, нийлэг материалууд, түлш шатахуун, ган гээд. Эдгээрийг бүгдийг нь нүүрснээс гаргаж авч болно. Нүүрснээс нэн түрүүнд кокс гаргаж авдаг. Коксыг төмрийн хүдэртэй холиод ган үйлдвэрлэдэг. Монгол Улс өнөөдөр ган үйлдвэрлэх хэрэгтэй. Дотоодод 500 мянгаас нэг сая тоннын хэрэглээ байгаа. Цаашдаа энэ том уудам нутагтай, байгалиасаа өгөгдөлтэй улсаа хөгжүүлэхийн тулд зайлшгүй төмөр зам, авто замын зуун жилийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Зайлшгүй арматур, метал, ган хийц хэрэгтэй. Тиймээс гангийн үйлдвэр, коксын үйлдвэр, арматурын үйлдвэр Монголд байх ёстой. Энэ бол коксожсон нүүрсэн дээр тулгуурлаж бий болох үйлдвэрлэл. Хоёрдугаарт, нүүрснээс бензин, дизелийн түлш, шатахуун гаргаж авч болно. Нүүрснээс савлагаатай хийн түлш эсвэл турбагаар түгээдэг нийлэг байгалийн хийн түлш гаргаж болно. Нүүрснээс нийлэг материал, бат бөх чанартай олс, мяндас, бүх төрлийн хуванцар материалууд үйлдвэрлэж болно. Бид хуванцрыг сав суулгаар төсөөлөөд байдаг. Тэгвэл нэг тонн хуванцар зах зээлд 1000 гаруй ам.долларын үнэтэй байна. Өнөөдөр Япон, Герман, Хятадад том, том оёдлын болон автомашины үйлдвэрүүд хуванцрыг асар их хэрэглэдэг. Одоо Монголд явж байгаа япон автомашинуудын хувьд мэдээж үндсэн араам нь өндөр чанартай ган, метал хийц. Бусад доторлогооны жижиг, сажиг эд ангиуд бүгд олон төрлийн хуванцар материалууд байдаг. Тиймээс олон төрлийн хуванцар материалууд маш их эрэлттэй байна. Үүнийг бас нүүрснээс гаргаж авч болно. Мэдээж эрчим хүч, цахилгаан станц гэдэг бол энэ бүхнээс өөр. Тиймээс эрчим хүчний нүүрсийг ашиглах тал дээр манай улсын хувьд хүйтэн, сэрүүн цаг агаартай. Өвөлдөө дулаан их хэрэгтэй. Дулаан, цахилгаан хосолмол дунд хэмжээний нүүрсний эх үүсвэрүүдийг улсын хэмжээнд бүсчилсэн хэлбэрээр тархсан байдлаар хөгжүүлэх шаардлагатай. Одоо үндсэндээ төвийн бүс дээрээ л төвлөрчихсөн байгаа шүү дээ.
-Нүүрсний гүн боловсруулах үйлдвэр барих юм бол дайвар бүтээгдэхүүн гэж гардаг. Тэр нь хэчнээн төрөл байдаг юм бэ?
-Хамгийн эхэнд барих үйлдвэр бол коксын үйлдвэр. Энэ үйлдвэрийг барьснаар дайвар бүтээгдэхүүн эсвэл цахилгаан эрчим хүч гарна. Коксжуулах явцад ялгарч байгаа дулаанаар цахилгаан үйлдвэрлэнэ. Эсвэл коксжуулах явцаж ялгарч байгаа шатдаг хийг нь ялгаж аваад нүүрсний давирхай гээд нефтьтэй төстэй өтгөн бүтээгдэхүүнийг тусад нь салгаж авдаг. Тэр давирхайгаа нэрж боловсруулаад нийлэг дизелийн түлш гаргаж авч болно. Хятадад ийм үйлдвэр нэлээд олон бий. Түлш үйллвэрлээд үлдсэн хүнд үлдэгдлээр нь замын битум хийдэг. Шатдаг хийг химийн нийлэгжүүлэлтэд ашиглаад бензин гаргаж авч байна. Коксождоггүй нүүрс буюу хүрэн нүүрс, эрчим хүчний нүүрсийг гүн боловсруулдаг. Үүнийг хийжүүлээд хийн төлөвт оруулсны дараа гаргаж авсан хийгээ химийн урвалд оруулаад түлш шатахуун эсвэл материалын чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг. Шатахуунаас гадна замын хар битум тос, савлагаатай хүнд хийнүүд байна. Цаашлаад химийн боловсруулалт үргэлжлүүлэх юм бол будаг, цавуу, лак гэх мэтчилэн бүх төрлийн бүтээгдэхүүнүүд гарч ирнэ. Оны өмнөхөн арванхоёрдугаар сард Хятадад жилд 600 мянган тонн этонолийг нүүрснээс гаргаж авах үйлдвэр байгуулагдаад ашиглалтад орлоо. Энэ бол этилийн спиртийн үйлдвэр. Этилийн спиртийг устай холиод цагаан архи болгодог. Хятадад 600 мянган тонн цэвэр этонолыг нүүрснээс гаргаж авчихаад юунд хэрэглэх гэж байна вэ гэхээр химийн үйлдвэрлэлд ашиглана гэж байгаа. Ер нь бол этонол спирт гэдэг бол хүнсний ундаа биш химийн бодис л доо. Бүх төрлийн амьд организмыг устгадаг цэвэрлэгээний бодис гэсэн үг. Хятадад нүүрс химийн үйлдвэрлэлүүд маш өндөр түвшинд хөгжсөн. Жилдээ бараг 900 сая тонн нүүрсийг химийн гүн боловсруулалтад оруулж байгаа. Энэ бол асар том тоо. Дээрээс нь Өмнөд Африк 1960-аад онд нүүрснээс шатахуун гаргаж авдаг үйлдвэрээ барьсан. Тэр нь одоо хүртэл ажилладаг. Тухайн үед улс төрийн гадаад худалдааны хориг арга хэмжээнд гаднаас нефть импортолж чадахаа больсон. Тиймээс өөрсдөө нефть үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Одоо Өмнөд Африкийн хөрш Ботсван, Мозамбик улсууд нүүрснээс шингэн түлш гаргаж авахаар төслөө хэрэгжүүлээд явж байгаа. АНУ-д нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэдэг төсөл 1986 оноос хойш ажиллаж байгаа. Технологийг нь анх II дайны үеэс германчууд хүчтэй хөгжүүлж байсан. Дараа нь Япон, Герман гээд химийн хүнд технологи өндөр хөгжсөн орнууд боловсруулж гаргасан байдаг л даа. Нүүрс боловсруулна гэдэг бол буцаад хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлнэ. Тэр утгаараа эдгээр улсууд нүүрс химийн үйлдвэрлэлээс гарчихсан. Хамгийн сүүлийн үеийн хөгжил бол Хятадад байна. Яг ажиллаж байгаа нь АНУ, Африк, Хятад улс байна.
-Манайд нүүрсийг гүн боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг хэчнээн компани ямар ямар төсөл хэрэгжүүлж байгаад гарсан байдаг юм бэ?
-Арав орчим жилийн өмнө МАК, “Бодь” групп, “Эм-Си-Эс” зэрэг компаниуд томоохон төслүүд хэрэгжүүлж байсан. МАК-ийнх Адуун чулууны хүрэн нүүрснээс бензин гаргах, “Эм-Си-Эс” Багануурын хүрэн нүүрснээс дизелийн түлш гаргах, “Бодь” групп Бөөрөлжүүтийн хүрэн нүүрснээс шатахуун үйлдвэрлэх төслүүд хийж байсан. Тус бүрдээ нэлээд том төслийн баг үүсгэчихсэн, барууны инженерийн компаниудтай хамтарч хөрөнгө гаргаад явж байсан. Гэвч эдгээр төсөл үргэлжилж чадалгүй зогссон л доо. Олон шалтгаантай. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын хувьд асар том. Ижил төрлийн бүтээгдэхүүн болон нефть, байгалийн хий боловсруулах үйлдвэртэй харьцуулах юм бол ойролцоогоор дөрөв дахин өндөр өртөгтэй. Гэтэл бүтээгдэхүүний өөрийн өртгийн түүхий эд нь хямдхан учраас нефть боловсруулах үйлдвэрээс хоёр дахин хямд. Тийм болохоор нэгэнт зориод барьчихсаны дараа хямд үнэтэй бүтээгдэхүүн гарч ирнэ гэсэн үг. Даанч олон дахин хөрөнгө оруулалттай учраас санхүүгийн зардал, зээлийн хүү гэх мэтчилэн нөхөн төлөхөд хэцүү. Яагаад гэвэл нефтьтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул. Тэгэхээр мэдээж хөрөнгө оруулалт өрсөлдөх чадвар сайтай руу нь явах хандлагатай байдаг. Монголын хувьд тэр их хэрэглэхгүй байгаа эрчим хүчний нүүрсээ эцсийн бүтээгдэхүүн болгох ёстой. Энэ бол манай улсын эрчим хүч, эдийн засгийн аюулгүй байдлын суурь түүхий эд юм. Тийм болохоор бид ашиглах нь зөв гэж үзэх юм бол бодлогын шийдвэр гаргах шаардлагатай юм байна лээ.
-Төрийн зүгээс бодлогоор яаж дэмжих ёстой гэж?
-Татварын хөнгөлөлт үзүүлээд газрын тос, байгалийн хий боловсруулж байгаа үйлдвэртэй өрсөлдөх чадвартай болгох хэрэгтэй. Тухайлбал, тоног төхөөрөмж, барилгын материалыг гааль, НӨАТ-аас чөлөөлдөг. Энэ нэг хэрэг. Дээрээс нь орлогын албан татвараас 50-100 хувийн хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд нүүрс химийн үйлдвэрлэл нефть байгалийн хийтэй өрсөлдөхөд ямар ч асуудалгүй. Хөрөнгө оруулалт татаж чадна. Дээрээс нь баригдсаныхаа дараа хамаагүй бага өртгөөр дээд түвшний түлш шатахуун, нийлэг материал, хуванцар зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой.
-Та өмнө энэ чиглэлд ямар төслүүд дээр ажиллаж байв?
-Хувийн компаниудаас гадна төрийн өмчийн компаниудад хэд хэдэн чухал төслүүд дээр ажиллаж байсан л даа. Багануурын нүүрснээс нийлэг байгалийн хий, зундаа шатахуун үйлдвэрлэх үйлдвэрлэлийн зураг төсөл батлагдаж байсан. Уул уурхайн яаман дээр төслийн нэгж байгуулагдаад ажиллаж байгаад бас л хөрөнгө оруулалтгүй болоод зогссон. МАК-ийн Адуун чулууны хүрэн нүүрснээс 400 мянган тонн бензин үйлдвэрлээд дэргэдээ 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцтай байх төсөл дээр ажиллаж байлаа. Энэ эрчим хүчнийхээ талыг нь үйлдвэртээ, талыг нь сүлжээнд хэрэглэнэ гэсэн мега төсөл байсан юм. Зураг төслийг нь АНУ-ын инженерингийн “FLOUR” гээд алдартай компани хийж байсан. Герман, Японы хийжүүлэх технологитой, АНУ-ын бензин гаргах “EXXON MOBIL” компанийн лицензийн гэрээ тохироотой төсөл хийж байсан. Харамсалтай нь хэрэгжсэнгүй. Тэр төслийн хүрээнд талбайгаа аваад, салаа төмөр замын зураг төсөл хийлгэж байсан. Талбайн хөрсний геотехникийн судалгаа, үндсэн зураг төсөл ТЭЗҮ бүгдийг нь хийсэн. Одоо энэ компани нүүрсийг хийжүүлээд устөрөгч гаргах чиглэлээр судалгаа явуулж байгаа гэж сонссон. Энэ бол бас их ирээдүйтэй ажил. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд коксжих нүүрсээ олборлож зарахаас гадна хажуугаар нь эрчим хүчний нүүрс зайлшгүй олборлоно. Цаашдаа хэмжээ нь улам нэмэгдэнэ. Тэрийг ялгаад хаяад байх боломж байхгүй. Заръя гэхээр дэд бүтэц нь дийлэхгүй. Тийм болохоор зайлшгүй нэг юм хийх хэрэгтэй. Юу хийх вэ гэдэг чиглэлээр тус компани дээр нэлээд хэдэн жил зөвлөхөөр нь ажиллалаа. Үндсэн чиглэл нь бол хийжүүлэх тохиолдолд хуванцар гаргах, эсвэл хуванцар гаргах шатанд дундаас нь гаргадаг савлагаатай хий бий. Тэр савлагаатай хий бол Оросоор орж ирдэг пропантай төстэй шинж чанартай, цэвэрхэн шаталттай, бага даралтад шингэрдэг. Тэр хийг үйлдвэрлэх юм бол түлшний утааны асуудал бүрэн шийдэгдэх боломжтой. Бас нэг ажилласан сонирхолтой төсөл бол Дундговь аймгийн Хөөтийн шатдаг занар. Маш их судалгаа, геологийн хайгуул хийгдээд нөөц нь батлагдчихсан. Занарын нөөц батлагдсан цорын ганц орд шүү дээ. Одоо тэнд нүүрсний олборлолт явагдаж байгаа. Нүүрсээ Даланжаргалангийн цементийн үйлдвэрт ашигладаг. Тэр шатдаг занарын хувьд халаагаад нийлэг нефть гаргаж авдаг. Гол асуудал нь тосны гарц. Монголын занар ер нь Хөөт гэлтгүй харьцангуй бага байдаг. Эдийн засгийн хувьд яг ашиг, алдагдлын цэг дээрээ шахуу байгаад байдаг. Тэгэхээр нүүрсний гүн боловсруулалттай адилхан. Хувийн компаниуд цэвэр нефть, байгалийн хий олборлодог компаниудтай өрсөлдөхөд ашиг багатай байдаг. төрийн бодлогоор татварын хөнгөлөлт үзүүлэх юм бол эдгээр төсөл хэрэгжих боломжтой. Бэлэн болчихсон төслүүд. Сүүл Нарийнсухайт дээр цахилгаан станцын төсөл ТЭЗҮ, зураг төсөл, барилга угсралтын гэрээ хэлэлцээрийн ажлуудыг удирдаж явуулсан. Тэр төсөл бол хүчин чадлыг нь арай бууруулаад бэлтгэл шат нь эхэлсэн байгаа. Станц дангаараа ажиллахгүй сүлжээтэй холбогдсон байх шаардлагатай учраас 110 КВт-ын шугам баригдаж байгаа юм билээ. Энэ хэрэгжвэл Өмнөговийн баруун хэсэг найдвартай эрчим хүчтэй болж, аж үйлдвэрлэл хөгжих боломжтой. Хамгийн сүүлд ажилласан төсөл гэвэл Нарийнсухайтын нүүрс баяжуулах үйлдвэр. Одоо ажиллаад таван жил болж байгаа.
-Нүүрснээс гүн боловсруулах үйлдвэр байгуулах өртөг нь хэр байдаг юм бэ?
-Ер нь хэд хэдэн төслүүдийн дунджийг харахад хоёр тэрбум гаруй ам.доллар байдаг. Хоёр тэрбум ам.долларын төслийг хэрэгжүүлчих хэмжээний дотоодын нөөц боломж Монголд хараахан байхгүй. Иймд олон улсаас санхүүжилт босгох шаардлага үүсдэг. Санхүүжилт нийлүүлэхээр тэр нь одоогийн татварын хууль эрх зүйн орчны хувьд хэрэгжих боломжгүй гээд гацчихдаг. Үнэхээр мега төслүүд Монголд хэрэгтэй гэж үзэх юм бол төрийн бодлогоор татварын нөхцөлийг нь өөрчлөх шаардлагатай. Өөрөөр бол энэ эрчим хүчний нүүрсийг ашиглах боломжгүй. Цахилгаан станцаа барих хэрэгтэй. Тэгсэн ч цаана нь эргэлтгүй маш их хэмжээний нүүрс үлдэнэ.
-Энэ чиглэлийн санхүүжилт дэлхийгээс босгоход хэр хүндрэлтэй байдаг вэ?
-НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн шийдвэрээс болоод барууны томоохон санхүүгийн байгууллагууд нь нүүрсний төслүүдийг дэмжихгүй гэсэн шийдэлд хүрсэн. Хувийн янз бүрийн хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Одоо нэг талаасаа оройтсон ч нөгөө талдаа боломж байгаа. Тэр ялгарсан хүлэмжийн хийг газрын гүнд булшлах технологи гэж бий. Тэр нь их газрын гүний давсархаг усны давхарга руу хийх арга. Хүлэмжийн хий CO2 гэдэг бол ундаа, пивоны газ. Ямар ч хор байдаггүй. Удаан хэмжээнд дулааныг өөртөө хадгалдаг учраас агаар мандлыг дулааруулаад байна гэж үздэг. Нүүрсийг хийжүүлэх явцад гарсан CO2-ыг гүний давхарга руу хийгээд булшлах, далайтай газар далайн гүн рүү хийх технологиуд дэлхийд нэвтэрч байна. Монголын хувьд хэрэв нүүрсээ хийжүүлэх юм бол ялгарсан СО2-ын хийх геологийн тогтцоо олоод байрлалыг нь тодорхойлчихсон байх шаардлагатай. Европын цахилгаан станцууд гэхэд ирээдүйд хүчилтөрөгчийн шаталтад шилжинэ. Цэвэр СО2-ыг ялгана, газрын гүнд булна гээд геологийн судалгаануудаа хийгээд төлөвлөчихсөн талбайтай болчихсон байх жишээтэй.
-CO2-ыг эдийн засгийн хувьд ашигтай байдлаар газрын гүнд хэрхэн булах вэ?
-Нефтийг доороос нь хөөж гаргахын тулд их хэмжээгээр гаргаж ирсэн усаа буцаад шахна. Тэгэхээр усны оронд СО2-ыг шахах юм бол усны хэрэглээ багасна. Хүлэмжийн хийгээ бууруулна. СО2 нь газрын гүнд үлдэнэ. Нефтийн ундаргыг 20 хүртэлх хувиар нэмдэг дундаж тоо байдаг. Энэ бол нүүрсээ хийжүүлээд ялгарсан хүлэмжийн хийг нь газрын тосны олборлолтод ашиглахад харилцан уялдаатай, эдийн засгийн үр ашигтай хувилбар болох юм. Үүнийг хийж чадвал санхүүжилт босгож болно.
-Дотооддоо нүүрс боловсруулах жижиг оврын үйлдвэр байгуулна гэвэл ямар боломж байна вэ?
-Нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн нүүрс химийн үйлдвэр маш том хөрөнгө шаарддаг. Хоёрдугаарт, технологи нь өндөр нарийн түвшнийх. Манайд бол цоо шинэ зүйл. Гэхдээ Монголд зайлшгүй хэрэгтэй. Дахиад л хэлье. Бид эрчим хүчний нүүрсээ мөлжөөд хаяад байж болохгүй. Цаана нь маш их хэмжээний эргэлтгүй нүүрс байгаа. Нэгэнт нүүрс боловсруулах үйлдвэр Монголд хэрэгтэй гэж үзвэл бодлогын дэмжлэг, татварын хөнгөлөлт, байгуулах зориг, шийдвэр хэрэгтэй. Энэ бүх эргэлзээтэй байдалд яадаг вэ гэхээр олон улсад жижиг хэмжээний туршилтын үйлдвэрлэлийг эхлээд явуулдаг. Манайд яг ийм жишгээр ноолуурын салбарт амжилттай хэрэгжсэн төсөл байна шүү дээ. Анх Говийн ноолуурыг нарийн боловсруулж мэдэхгүй учраас эхлээд НҮБ-аас дэмжлэг үзүүлээд жижиг хэмжээний контейнер зохион байгуулалттай үйлдвэр барьж туршсан. Ингээд технологийг нь эзэмшээд түүхий эд нь болох юм байна гэсэн итгэл төрсний дараа Засгийн газар хоорондын гэрээ байгуулаад анх ноолуурын үйлдвэрийг барьж байсан. Иймэрхүү жишгээр нүүрс химийн жижиг оврын үйлдвэрийг ажиллуулбал нэгдүгээрт, технологио эзэмшчихнэ. Хоёрдугаарт, ажиллах хүчин, боловсон хүчин бэлэн болно. Гуравдугаарт, тэрийг харсан олон нийт, шийдвэр гаргах түвшний хүмүүс итгэл үнэмшилтэй болно. Тэгээд СО2-ыг яах вэ гэдэг шийдлээ гаргаж чадна. Ийм зорилгоор жижиг хэмжээний туршилтын үйлдвэр хэрэгтэй. Төрийн өмчийн хамгийн их нүүрс борлуулдаг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд жижиг хэмжээний туршилтын үйлдвэр байгуулах санаачилгыг өөртөө аваад дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө тусгачихсан байдаг. Тэр нь 2018 онд УИХ-аас гаргасан Таван толгойн ордыг иж бүрнээр нь ашиглах тогтоолын дагуу хийгдсэн. Энэ төлөвлөгөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” компани бага оврын туршилтын үйлдвэр барина. Хоногт арван тонн нүүрснээс савлагаатай хийн түлш үйлдвэрлэнэ. Болж өгвөл цааш нь үргэлжлүүлээд зөвхөн дотоодоос гадна гуравдагч зах зээлд нийлүүлэх хуванцар гаргана гэсэн ТЭЗҮ хийгээд батлуулчихсан байдаг. Энэ төсөл хэрэгжих юм бол цааш цаашдаа нүүрс химийн үйлдвэрлэлийн гарааны суурь бэлтгэл болох ёстой. Дараа нь том хэмжээний үйлдвэр баригдсан ч гэсэн технологийн горимд жижиг өөрчлөлт оруулахад олон сая ам.долларын үр ашгийн зөрүү гардаг. Үүнийг том үйлдвэрлэл дээр туршаад байж болдоггүй учраас зайлшгүй жижиг үйлдвэр байх хэрэгтэй. Тэр утгаараа ийм том үйлдвэрлэлийн бэлтгэл ч болно. Дараа нь тэр үйлдвэрлэлийн технологийн горимыг тохируулах судалгааны том бааз болох ёстой. Уг төслийг ойрын жилүүдэд хэрэгжүүлэх болов уу гэж найдаж байна. Хамгийн гол нь энэ бизнес юм чинь ашигтай байх ёстой. Иймд жижиг үйлдвэрээ туршилтаар ажиллуулаад УИХ нь бодлогын зохицуулалтуудыг гаргах ёстой. Монголын хувьд нүүрс ашиглах нь 100 жилийн асуудал учраас сууриа заавал тавих нь зөв. Туршилтын үйлдвэрийн хувьд автобус аваад байгаа төсвөөс арав дахин бага мөнгөөр босох юм. Том хүндрэл байхгүй. Ирээдүйд өгөх өгөөж нь асар их.
М.МӨНХЦЭЦЭГ