Categories
мэдээ цаг-үе

Ж.Урангуа: Төр маань нийгмийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарах ёстой

МУИС-ийн профессор, Түүхийн шинжлэх ухааны доктор Ж.Урангуатай ярилцлаа.


-МУИС-ийн 75 жилийн ой болж байна. Та энэ сургуультай хэзээнээс холбогдож, хэдэн жил энд ажиллаж байна вэ?

-Би 1978 онд МУИС-ийн босгыг анх алхан орж суралцаад, 1982 онд сургуулиа төгсөөд багшаар үлдэж, тэр цагаас хойш сургуультайгаа ажил амьдралаа холбосон доо.

-МУИС байгуулагдаж байсан түүхээс товчхон мэдээлэл өгөөч. Бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, анхны оюутнуудын тухай ярьж өгнө уу?

-Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх явдал нэн чухал зорилт болон дэвшигдэж байсан тэр үед буюу 1940 оны 3-4 сард хуралдсан МАХН-ын Х их хурлын тогтоолд: “Ойрын жилийн дотор дээд сургуулийг байгуулах бэлтгэлийг хангах” тухай заалт оржээ. Түүний дараа 1940 оны арванхоёрдугаар сарын 6-нд Сайд нарын Зөвлөл дээрх тогтоолыг үндэслэн “Улаанбаатар хотноо Улсын Университет байгуулах тухай“ 45 дугаар тогтоол гаргаж “Монгол Улсын дотор анхдугаар дээд сургууль болох Улсын университетийг мал эмнэлэг, зоотехникч, сурган хүмүүжүүлэх, хүн эмнэлгийн гэсэн гурван анги тайгаар Ардыг Гэгээрүүлэх Яамны харьяанд Улаанбаатар хотноо байгуулсугай. Улсын университетийг цаашид дээр дурдсан ангиудад хөгжих гурван бүлэгтэйгээр 1941 оны аравдугаар сарын 1-ээс эхлэн нээсүгэй” гэсэн шийдвэр гаргаж, бэлтгэл ажлыг богино хугацаанд хангасан юм. Тэгээд 1942 оны аравдугаар сарын 5-нд УИС-ийг нээх ёслол Лениний нэрэмжит клубт болжээ. Ингэж Монголын ууган их сургууль байгуулагдсан түүхтэй. 1942-1943 оны анхны хичээлийн жилд 95 оюутан, 11 багштай байв. УИС 1946 онд анхны төгсөлтөөрөө бүгд 35 мэргэжилтэнг төгсгөн гаргажээ. Дээд боловсролын диплом хүртсэн эдгээр 35 хүний 12 нь онцсайн дүнтэй төгсчээ. Тэр цагаас хойш Монгол Улсын ууган их сургууль маань эх орондоо төрөл бүрийн шинжлэх ухааныг эзэмшсэн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх ширгэшгүй булгийн ундраа болон оргилсоор 75 жилийн нүүрийг үзэж байна.

-Одоо энэ сургууль 75 жилийн хугацаанд хэрхэн яаж өөрчлөгдөв, хөгжлийн түүхээс ярина уу. Хичнээн оюутантай, хичнээн салбар сургуультай гэх мэт…

-МУИС нь байгуулагдсан цагаасаа эхлэн багш, ажилтныхаа эрдмийн чадавх, материаллаг баазаа өргөжүүлэн бэхжүүлэх талаар ажилласаар ирсэн. УИС нь өөрийн оронд анх удаа дээд эрдэм мэдлэгтэй хүмүүсийг төрүүлэн гаргаснаараа үндэсний дээд мэргэжилтэй сэхээтэн нарын өргөн эгнээ цогцлон бүрэлдэх эхлэлийг тавьж, Монголын соёлын түүхэнд нэгэн шинэ хуудас нээжээ.

Улсын их сургууль тус улсад дээд боловсролын систем бүрэлдэн тогтох үндэс тавьсан эрдмийн “Өрлөг эх” болсон түүхэн гавьяатай. Улсын Багшийн дээд ёургууль (1951он), Хөдөө аж ахуйн дээд сургууль (1958 ), Анагаах ухааны дээд сургууль (1961), Политехникийн дээд сургууль (1982), Орос хэлний багшийн дээд сургууль (1982), Ховд дахь Улсын багшийн дээд сургууль (1993-2002 онд МУИС-ийн салбар сургууль байсан) зэрэг нийт зургаан дээд сургуулийг төрүүлж, манай эх оронд дээд боловсролын системийг буй болгон төлөвшүүлэхэд чухал суурь болон, асар их хувь нэмэр оруулсан юм.

-Улсын ууган их сургууль үүргээ хэр сайн гүйцэтгэж байна гэж та үнэлж байна вэ. Ууган сургууль одоо улсын болон хувийн их дээд сургуулиудаас нэгдүгээрт орж чадах болов уу?

-Ууган их сургууль маань 75 жил оршин тогтнохдоо улс орны өмнө хүлээсэн шинжлэх ухааны сэтгэлгээг хөгжүүлэх үүргээ зохих хэмжээгээр биелүүлж, ард түмнийхээ бахархал болсон, олон улсын хэмжээнд тус улсын хамгийн нэр хүндтэй сургууль болсон. Монголын үндэсний шинжлэх ухааны үлэмж нөөц, чадамж нь МУИС дээр төвлөрч байгаа бөгөөд бид судалгааны ажлын энэхүү бодит үр дүн, чадамждаа тохирсон санхүүжилтийг улсын төсвөөс авч, судалгааны өнөөгийн түвшингээ ахиулах, олон улсын хамтарсан судалгаанд манай судлаачдын эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, чадварлаг судлаачдаа дэмжих, урамшуулах бодлого хэрэгжүүлж байна.

Өдгөө Монгол Улсын их сургууль нь бүрэлдэхүүн таван сургууль, орон нутаг дахь харьяаллын хоёр сургууль, үндэсний статустай гурван хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын төвшний 21.597 суралцагч, 1088 эрдэмтэн багш, 632 ажилчидтай Монгол Улсын эрдэм оюуны томоохон төв болж байна. Тус сургуулийн хамт олон МУИС-ийг сургалтад суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшилд үлэмж хувь нэмэр оруулдаг судалгааны их сургууль болгон өөрчлөх зорилт тавин ажиллаж байна.

-МУИС-ийн үндсэн зорилго нь “дэлхийн түвшний сургууль болох”. Эхний алхмууд хийгдэж байна уу. Та юуг онцлох вэ. Бас хичнээн гадаад оюутан байдаг вэ?

-МУИС-ийн алсын хараа нь “Дэлхийн төвшний их сургууль” болоход оршино. Эрхэм зорилго нь: МУИС нь шинжлэх ухааны үндсэн салбаруудыг хамарсан чөлөөт мэдлэг буюу “Либерал арт” уламжлалд суурилсан хөтөлбөртэй, байгалийн ухаан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь асуудлуудаар сургалт, судалгааны ажлыг тогтвортой эрхэлж, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой академик буюу эрдмийн байгууллага болно.

МУИС-ийн хамт олны гишүүн бүр: 1. Академик эрх чөлөө-оюуны чөлөөт, нээлттэй эрэл хайгуул хийх, түүний үр дүнг чөлөөтэй илэрхийлэхийг бүх талаар дэмжиж, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, 2. Сургах, суралцах, эрдэм мэдлэгийн хүрээг тэлэх, бүтээлч сэдэл хандлагыг дэмжин хөгжүүлэх жишгийг тодорхойлох, 3. Багш, судлаач, суралцагчдын болон хувь хүний ёс зүйг дээдлэн, үнэнч шударга байж, бусдад хүндэтгэлтэй хандах, 4. Үндэсний болон нийтийн сайн сайхны төлөө зүтгэх итгэл үнэмшил бүхий манлайлагч байж, нийгэмд эерэг өөрчлөлтийг буй болгох, 5. Хүний мэдлэг, ур чадвар, бүтээлч байдал, шинэ санааг үнэлэн, хөхиүлэн дэмжиж, урамшуулах гэсэн зүйлсийг эрхэмлэн, дагаж мөрдөж явдаг болой. Манай сургууль эрдмийн чадавх, материаллаг бааз, эрдмийн эрх чөлөө, судалгааны ажлын төвшин, үр дүнгээр дэлхийн жишигт хүрэх тэмүүлэлтэй. Сургалт-судалгааны их сургуулиас Судалгааны их сургууль болох алхмуудыг амжилтай хийж байна. Жишээ дурдваас: 2014-2015 оны хичээлийн жилд МУИС-ийн багш судлаач нар Томсон Ройтерсд бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд 52 бүтээл хэвлүүлсэн, 2015 онд МУИС-ийн 435 сая төгрөгийн санхүүжилтээр нийт 77 төсөл хэрэгжүүлсэн байна.

Манай сургууль гадаадын 289 их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Анх 1953 оноос гадаадын оюутнуудыг хүлээн авч эхэлсэн, өдгөө гадаадын 340 оюутан бакалавр, магистр, докторт суралцаж байна.

-МУИС-ийн оюутнууд болон төгсөгчдийн хийсэн томоохон бүтээлүүд гэвэл юуг нэрлэх вэ?

-МУИС-ийг төгсөгчид улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн. Хамгийн сүүлийн нэг жишээ дурдахад 2017 оны долдугаар сарын 9-ний 16.50 цагт МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нарын бүтээсэн Монгол Улсын анхны “Мазаалай” хиймэл дагуул Олон улсын сансрын станцаас задгай сансарт чөлөөлөгдөн тойрог замд орж, үүргээ гүйцэтгэж эхэлсэн. “Мазаалай” 400 км өндрөөс өндөр нягтаршилтай камер ашиглан 100 метрийн нарийвчлалтай дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээхээс гадна шинжлэх ухааны дөрвөн туршилт хийх юм.

-МУИС-ийн 75 жилийн ойгоороо ямар арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Манай сургуулийн хамт олон 75 жилийн ойг ажлын өндөр амжилтаар угтаж байгаа. Ойн арга хэмжээ есдүгээр сарын 28-ны өдрөөс аравдугаар сарын 7-ны өдрүүдэд явагдана. Гадаадын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Мөн МУИС-ийн үе үеийн төгсөгчид эл арга хэмжээнд оролцоно. Шинэ номын сангийн нээлтийн ёслол, МУИС-Хөрөнгө оруулалтын форум-2017, Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж гэрэл зургийн үзэсгэлэн гарна. Мөн багш, ажилчид, оюутны урлаг спортын арга хэмжээнүүд, хурал, концерт, хүндэтгэлийн хүлээн авалт болно.

МУИС бол Дэлхийн Монгол судлалын томоохон төв юм. Тиймээс монголчуудын түүх, соёлыг сонирхогч хэн бүхэн ийш анхаарлаа хандуулдаг. Учир нь Монгол Улс бол монгол туургатны өлгий, гал голомт нь билээ.

-Манай сонины бодлогын үндсэн чиглэлийн нэг нь монголчуудыг боловсролтой болгох, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэгддэг. Үүн дээр төрөөс ямар бодлого хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрнэ гэж та боддог вэ?

-Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд төрөөс баримтлах бодлогын талаар цаасан дээр бол олон сайхан зүйл бичсэн нь байдаг. Гэтэл тэр бүхэн амьдрал дээр хэрэгжих нь удаашралтай байна. Ихэнх зүйл хөрөнгө мөнгөний гачигдлын улмаас зогсонги байдалд орж байгаа. Тиймээс төрөөс шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө түлхүү хуваарилах ёстой гэж үздэг. Улс орныг шинжлэх ухаанчаар удирдах хэрэгтэй. Танай сонины бодлогын үндсэн чиглэлд нэн таашаалтай байна. Энэ үйлст тань улам их амжилт хүсье.

-Нийгэмд мухар сүсэг шүтэгсэд, ам дамжсан цуу ярианд итгэгсэд их болжээ. Та үүнийг анзаардаг уу. Эрдэмтэн хүний хувьд үүнийг яаж засч залруулах вэ. Эсвэл ийм бүлэг хүмүүс үеийн үед байдаг уу?

-Төр маань нийгмийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч, эл салбарт ажиллаж байгаа хүмүүсийг урамшуулан тэтгэх дээр илүү их анхаарах нь зүйтэй. Монголын хойч үеийн боловсролын түвшинг ямагт дээшлүүлж байхад бүхий л анхаарлаа хандуулж, эл салбарт тогтвортой, алсыг харсан шинжлэх ухааны үндэстэй бодлого боловсруулж, түүнийгээ тууштай баримтлах ёстой гэж үздэг. Харанхуй бүдүүлэг, ёс зүйгүй, боловсрол нимгэн залуу үетэй болвол улс орны хөгжил доройтохын цондон болно.

-Танаас түүхч хүнийх нь хувьд асуух зүйл байна. Монголын түүхийн шинжлэх ухаан одоо ямар төвшинд байгаа бэ?

-1990 оны Ардчилсан хувьсгалын үрээр түүхчдийн өмнө түүхийн судалгаа, түүх бичлэгт гарсан алдаа, гажуудлыг засаж залруулах, онол-арга зүйн шинэ хандлагуудыг эрэлхийлэх боломж гарсан юм. Өмнөх үеийн Түүх судлалд оршиж байсан үндсэн дутагдал нь судалгааны марксист-ленинист арга зүйтэй юуны өмнө холбоотой байсан. Монголын түүхийн аливаа асуудлыг судлан шинжлэхдээ намч, ангич зарчим, социалист үзэл суртал, пролетарийн интернационалч байр сууринаас голлон хандаж энэ хэрээрээ түүхэн үнэнээс холдож байжээ. Онол-арга зүйн энэхүү өрөөсгөл байдлаас болж, түүхийн судалгаанд догматизм, сэтгэлгээний хомсдол, хуулбарлан дуурайх арга барил газар авч, тэр гурван тахир дутуу бие биеэ нөхөн тэтгэсээр нэгэн бүхэл бүтэн үеийн дэг сургуулийг бий болгосон байв. Үүний улмаас түүхийг гуйвуулах, түүх бичлэгт цагаан толбо үлдээх, түүхэн үйл явдлыг эзэнгүйдүүлэх болсон. Эрх баригч намаас түүхийн судалгаанд ангич, намч байр суурь барихыг хатуу шаардаж цагдан хянах, олон чухал баримтыг нууцалж, архивын сан хөмрөг нээлттэй биш байсан нь түүхийг өрөөсгөл ташимгай бичих байдлыг шууд нөхцөлдүүлж байв. Харин одоо бид энэ бүхнээс ангижирч чадсан юм.

Одоо манай Их сургуулийн Түүхийн салбарын 70 жилийн ой мөн тохиож байгаа. Салбарынхаа ойг тохиолдуулан бид “Монголын түүх бичлэг шинэ зууны эхэнд: асуудал, чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, түүнд Япон, БНХАУ, АНУ, ХБНГУ болон Монгол зэрэг орны 29 эрдэмтэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд эл хурал Дэлхийн монгол судлал, манай орны түүхийн шинжлэх ухааны хүрсэн түвшинг бүрнээ илтгэсэн арга хэмжээ болон өнгөрсөн.

О.ТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *