Categories
мэдээ нийгэм

Ж.Отгонболд: Амны хөндийн өвчлөлийн 75 хувь нь иргэн танаас хамаарна DNN.mn

– Монголчууд, үрс минь эрүүл байгаасай –


Анагаах ухааны доктор, дэд профессор Ж.Отгонболдтой ярилцлаа. Тэрбээр Өмнөд Солонгосын “Yonsei” их сургуулийн резидент эмч нарын төгсөгчдийн холбооны гишүүн цөөхөн шүдний эмнэлгүүдийн нэг болох “Монсей” эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллаж байна.


-Танай  эмнэлгийн үүдээр ороход ханан дээр нь “Yonsei” их сургуулийн резидент эмч нарын төг­сөгчдийн холбооны гишүүнч­лэл нүдэнд тусч байсан. Азидаа тэргүүлэх, дэлхийд 76 дугаар байрт эрэмбэлэгдэх энэ том сур­гуульд суралцаж, докторын зэрэг хамгаалж, мөн резидент эмчээр ажиллаж байсан туршлагын талаар яриагаа эхлэх үү?

-Би АУИС-ийг 1999 онд шүдний эмч мэргэжлээр төгссөн. 2008 онд Солонгос улсын “Yonsei” их сургуульд элсэж, 2008-2013 онд анагаах ухааны магистр, докторын зэрэг хамгаалсан. 2010-2013 онд “Yonsei” их сургуулийн Шүдний эмнэлгийн нүүр амны согог заслын тасагт резидент эмчээр ажиллаж байсан. Нэр хүндтэй, өндөр шалгууртай уг босгыг алхаж, гал тогоонд нь буцална гэдэг хүнд асар их эмнэлзүйн туршлага, мэдлэг өгөх нь гарцаагүй. Тэр болгоныг шүүрдэн авч, оюун бодолдоо шингээж,  эргээд ажил үйлсдээ нэвтрүүлэхийн төлөө зорьж ирлээ.

Миний хувьд 2013-2020 онд АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуульд анх багшаар орж, эмнэлгийн  дарга, сургуулийн захирлаар дэвшин  ажилласан.  2020-2022 он хүртэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан. Анагаах ухааны доктор, дэд профессор цолтой эмч хүн байна.

-Монголчуудын хувьд амьдралын буруу дадал хэвшил, тааламжгүй орчин нөхцөл, амьдралын хэв маяг нь өвчлөлийн нэг шалтгаан болж байна. Тий­мээс нийгмийн эрүүл мэндийн асуудалд оновчтой бод­лого хэрэгжүүлэх нь ихээхэн чухал юм болов уу гэж харагддаг? 

-Монгол хүний зонхилон тохиолдох өвчлөлүүд тодорхой. Монгол хүн хэдэн насандаа ямар өвчнөөр өвчлөх “зураглал” тодорхой шахуу харагддаг. Би мэргэжилтэйгээ холбож зарим баримт хэлье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээл­лээр амны хөндийн өвчлөлийн 75 хувь нь иргэн танаас хамаарна. Үлдсэн 25 хувь нь эрүүл мэндийн байгууллагаас хамааралтай. Энэ 75 хувь гэдэг хүнд аливаа өвчлөлөөс сэргийлэх хангалттай боломж байгааг илтгэнэ. Мэдээж өвчлөл хоёр янз. Удамшлын болон олдмол гэж хуваана. Удамшлын гаралтай, тухайлбал эцэг, эх нь зүрх судасны өвчлөлөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол үр хүүхэд нь уг өвчлөлөөс сэргийлэхэд илүүтэй анхаараад явж болно. Олдмол гэдэг нь дам нөлөө буюу таны хэлсэнчлэн хотжилтоос үүдэлтэй бэрхшээл, нийгмийн эрүүл мэндтэй холбоотой. Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг мэдээлэлтэй байж, хувь хүн өөрөө өөртөө, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж явахаас өөр аргагүй.

Өнөөдөр хамгийн чухал зүйл бол нөхөн үржихүйн эрүүл мэндээс эхэлж яригдах ёстой. Жирэмсэн болж, хэвлийдээ хүн бүтээж төрөх үе хүртэлх хугацаа нь ургийн өөрийнх нь мэдэх зүйл биш, аав ээжийн амьдарч байгаа орчин, ууж буй ундны ус, хүнс тэжээл, сэтгэлзүй, үйл хөдлөлөөс хамаарч бүрэлддэг. Тухайлбал, жирэмсний хордлого гэж бэрхшээлтэй зүйл тохиолддог. Шүд цоорох үндсэн хоёр шалтгаан бий. Үүний нэг нь цоорлын бус гаралтай хатуу эдийн эмгэгээс болоод сүүн шүд бүтцийн алдагдалд ордог. Манай хүүхдийн цахиур цухуйж гарч ирэхдээ л цоорсон байсан гэж ярьдаг шүү дээ. Би чихэр идээгүй гэдэг. Тэгвэл ургийн үед ээж нь маш их жирэмсний хордлоготой байснаас болж ийм нөхцөл байдал үүсэх нэг хүчин зүйл болдог.Тэгэхээр жирэмсний хордлого ихтэй яваад байж болохгүй байх нь.

Нөгөөх нь цоорлын гарал­тай. Судалгаагаар хоёр сартай хүүхдийн амны хөндийгөөс бидний ярьдгаар шүдний цоорлыг үүсгэж буй хорхой илэрч байсан. Монголд хүүх­дээ амаараа хооллох тохиолдол байсаар байна. Бор хоолонд оруулахдаа хал­бага­тай хоолыг нь амаараа үлээж хөргөдөг. Энэ чинь халдварт өвчин. Халдвар тарааж байна.

Миний хэлэх гээд байгаа санаа бол хүүхдийг ураг байх цагаас нь эхлээд эрүүл өсгөн бойжуулахад эцэг, эх болгон мэдлэгтэй, хариуцлагатай байж, зөв дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Наад зах нь гэхэд шүдний сойзуудаа нэг саванд хийдэг. Хэдийгээр сойзны үс шүргэлцэхгүй байгаа ч гэсэн халдвар дамжих боломжтой. Ахуйн соёл гэдэг маш чухал зүйл.

Монгол Улс хүссэн хүсээгүй хотжиж байна. Улаанбаатарт агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл зэргээс үүдэлтэй бэрхшээл их бий. Шийдэх ёстой асуудал гэдгийг ойлгож байна. Гэхдээ энэ бүхэнд буруу өгөөд суухаас илүү та өөрөөсөө эхлэх ёстой, эрүүл мэндээ хамгаалах дадал хэвшлийг уйгагүй мөрдөх хэрэгтэй. Эрүүл байх эрхэм баян шүү дээ.

-Хувь хүн зөв дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ хамгаалах гол хөшүүрэг юм байна. Тэгвэл төрөөс нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ. Тухайлбал, шүдний өвчлөлийг бууруулахад чиглэсэн ямар оновчтой бодлогыг хийх ёстой вэ?  

-Монгол Улс жил бүр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын хүрээнд өвөрмөц дархлаажуулалт гэж ханиад томууны дэгдэлтийн үед 250 орчим мянган хүн тун вакцин авчирч бага насны хүүхдэд хийдэг. Үүнтэй адил нэгдүгээр ангийн бүх хүүхдийн байнгын нэгдүгээр их араа шүд шүдлэхэд нь ховилыг нь битүүлээд өгчих. Төр, хувийн эмнэлэг хамаагүй хаана ч үзүүлсэн зургаан настнуудын байнгын нэгдүгээр их араа шүдийг эрүүл мэндийн даатгалаар нэг удаа ховилыг битүүлж, ясан шүдийг нь төр засгаас хамгаалах боломжтой.

-Гэхдээ “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр ихээхэн шүүмжлэлийг дагуулсан. Төсвийн мөнгө уйлах биш гэсэн шиг нийгмийг хавтгайруулж энэ мэт арга хэмжээг авах нь хэр оновчтой юм бол?

-Би энэ салбарын хүний хувьд, хилийн чанадад мэдлэг туршлага хуримтлуулсан, олон судалгааны баримт материалтай танилцаж, оролцож явдаг эмч, судлаач хүний хувьд дээрх алхмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Дөнгөж шүдлэх ясан шүд буюу байнгын нэгдүгээр их араа шүд цоорохгүй бол бусад шүд нь цоорохгүй байх боломж маш өндөр байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүдээс гаргасан Монгол Улсын түвшинд хийгд­сэн судалгаанууд бий.

Таны хэлсэн шүүмжлэлтэй холбогдуулж, зарим зүйлийг тайлбарлая. 2000 оноос нүүр ам судлалын үндэсний хөтөлбөрүүд хэрэгжсэн. Нийт гурван хөтөлбөр хэрэгжсэн. Би 2018 оноос хэрэгжсэн “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт орж ажилласан. Тухайн үед АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирлаар ажиллаж байлаа. Бид саналаа хэлсэн. Гэвч хөтөлбөрт шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтэй байгаагүй. Бидний санал тусгалаа олоогүй. Тухайн үед хэт өргөн хүрээнд хамруулж байгаа нь алдаа байсан. 2-12 насны бүх хүүхэд гээд өргөн хүрээтэй заачихсан. Миний санаж байгаагаар 725 мянган хүүхдийн шүдийг эрүүлжүүлнэ гэж төлөвлөгөө гаргаад нэг хүүхдэд 60 мянган төгрөгийн төсөв тавьсан байсан. Хоёр настай хүүхдэд эмчилгээний төлбөр нь илүү гараад байхад 12 настай хүүхдэд хүрэхгүй байх жишээтэй. Нэг удаагийн арга хэмжээ болоод дууссан. Гэтэл өнөөдөр шүдний өвчлөл нэмэгдсэн байдалтай байна.

Харин миний ярьж буй зүйл өөр. Зургаан настнууд гэхээр 60-70 мянган хүүхдийн асуудал л байгаа. Хүрээллийг нь ингэж багасгаж, нэгдүгээр ангид ороход нь байнгын нэгдүгээр их араа шүдний ховилыг нь битүүлээд өгчих­вөл оновчтой бодлого болно. Нэг хүүхдэд 15 мянга орчим төгрөгийн зардал гарна. Хэрэв ингэж чадвал шүдний өвчлөл 20 орчим хувиар буурах тооцоо бий. Өнөөдөр Монгол Улсад шүдний цоорол 97 хувьтай байна. Бараг хүн болгоны шүд ямар нэг байдлаар цоорсон гэж ойлгож болно. Тэгвэл бодлогыг шинжлэх ухаанд суурилж оновчтой хэрэгжүүлснээр 20 хувийн бууралт маш том дэвшлийг авчрах юм.

Японд шүдний цоорол гэсэн ойлголт байхгүй. Манайд 97 хувь байхад тэнд бараг тэг хувь байна. Энэ бол оновчтой бодлогын үр нөлөө. Иргэдийн эрүүл мэндэд хотжилт хэрхэн нөлөөлдөг вэ, гэр бүлийн хүрээнд ямар сургалт мэдээлэл явах ёстой юм, эрүүл мэндийн боловсролыг ямар арга замаар хүргэх нь хамгийн оновчтой байдаг юм гэдэг нь олон жилийн судалгаа, амьдралын шалгуураар ороод тодорхой болчихсон. Бэлэн загвартай гэсэн үг. Их тодорхой зүйл шүү дээ.

-Таны өгөх хамгийн энгийн зөвлөгөө юу вэ?

-Хүүхдийг өдөрт тогтмол цагт гурван удаа зөв хооллох нь ихээхэн үр дүнтэй. Өглөө сэрээд 30 минутын дараа хооллох хэрэгтэй. Ялангуяа, 2-5 насны өөрийгөө илэрхийлэх чадварт бүрэн суралцаагүй хүүхдүүдийг өдөрт гурван удаа тогтмол цагт цадтал нь хооллож хэвшээрэй. Ингэж хооллож чадвал хүүхэд хоол хооронд чихэр амттан тоодоггүй. Үнэхээр хүүхэд тогтмол цагт цадтал идээд байвал хоол хооронд элдэв амттан, чихэр, жигнэмэг иддэггүй, сонирходоггүй. Өөрөөр хэлбэл, чихэр идэж болохгүй гэж загнахаас илүүтэй чихэр идэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ер нь зөв хоололт бол хүний бүх биеийн эрүүл мэндэд асар чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйл шүү дээ.

Мөн хүүхдийг багаас нь зөв хооллох дэглэмийг нь эцэг, эхчүүд зааж өгөх хэрэгтэй. Яг хажууд нь суугаад зурагт үзэхгүйгээр зажилуулаарай. Хоёрдугаарт, бид нийтийн хоолонд ороход бага насны хүүхдэд хүүхдийн сандал өгдөг. Энэ сандал дээр суухаар хүүхдийн хөл сул унждаг. Уг нь хөл заавал тавцан дээр байж зөв хооллох, зажлах ёстой. Та хөлөө өргөөд идээд үзээрэй. Зажилж чаддаггүй. Тэгж ярих юм бол тохойны түвшинд ширээ байх ёстой. Зөв түвшинд цэх байж хоол иднэ гэдэг чухал. Монгол ахуйд завилж суугаад хоол иддэг. Завилж суухаар гэдсээ шахна. Хоол бага иднэ. Мөнгөн аяга долоох нь бас ач холбогдолтой.

– Нийтийн хоолны эрүүл мэндийн тухайд ямар бэрхшээл байна вэ. Болж өгвөл гэртээ хоолоо бэлдээд явах нь эрүүл мэндэд тустай байна?

– Ер нь тийм. Гэхдээ асуудал бий. Нэгэнт цаана нь бизнес явж байгаа учир нийтийн хоолны газруудад огт битгий ороорой гэж хэлэхэд төвөгтэй. Нийтийн хоолны газруудаас хүсэх хамгийн чухал зүйл гэвэл аяга таваг угаах стандартыг нарийн чанд баримтлаач ээ. Манайхан угаагаад дээр дээр нь давхарлаад тавьчихдаг. Уг нь угаагаад эгнүүлж өрөөд хатаах юм бол Доржийн хеликобактер Батад дамжихгүй. Харахад ач холбогдолгүй мэт харагдаж болох ч  цаагуураа амьдралаар туршигдсан, нарийн учир шалтгаантай байдаг, энэ стандартууд. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тухайн салбарын стандартыг нарийн мөрдөж, байгууллагын соёл болж төлөвшсөний ачаар нийт хүн амын дунд өвчлөл буурч, энэ хэрээр эдийн засгийн үргүй зардал багасч, амьдралын чанар сайжирдаг. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн асуудал ийм чухал үр нөлөөг авчирдаг.

-Улс оронд өвчлөл бага байх нь амьдралын чанар, аз жаргалыг илэрхийлэх чухал үзүүлэлт. Та Японд шүдний цоорол гэж бараг байхгүй тухай хэллээ. Тэгэхээр бусад төрлийн өвчлөл ч гэсэн дагаад бага байх нь ээ. Харамсалтай нь бид өвдсөн хойноо эрүүл мэнддээ асар их зардал гаргаж, зарим тохиолдолд тэр зардлыг гаргаж чадах­гүйгээсээ болж амиа алдаж байна шүү дээ?  

-Маш харамсалтай зүйл. Гэхдээ би монгол хүний саруул ухаанд итгэдэг. Өнөөдөр бид япон хүнтэй яг адил I phone -15 барьж байна. Ланд крузерийг нь унаад явж байна. Яг үүнтэй адил эрүүл мэндийн боловсролыг нь нутагшуулъя. Дээр би хэлсэн шүү дээ. Бүр 1970-аад оны Япон орны бэлээхэн туршлагууд нь байна. Монгол хүн аливааг хүлээж авахдаа хурдан, сэргэлэн. Хоол хүнсэнд миксер тогтмол хэрэглэж болохгүй юм байна. Сурагчдаар дамжуулаад эцэг, эхэд нь шүд угаах зөвлөгөөг хүргэх нь хамгийн оновчтой юм байна. Эрүүл шүд арга хэмжээ хэрэгжүүлэх гэж байгаа бол энэ насны ийм бүлгийн хүүхдийг сонгож, ийм арга замаар хэрэгжүүлэх нь зардал багатай, өгөөж ихтэй юм байна. Нийгмийн хөгжлийг дагаад ийм эрсдлүүд бий болдог юм байна. Үүнээс сэргийлэхийн тулд жишээ нь сүлжээ хоолны газруудад соруулыг хориглох ёстой юм байна гэх зэргээр тодорхой туршлага, мэдлэгийг гаргаад иржээ. Бид суралцах, нэвтрүүлэх л асуудал юм. Бид Ланд крузерийнхээ дугуйг хагарахаар Япон руу очиж янзлуулдаггүй биз дээ. Монголдоо л засна. Үүнтэй адил эрүүл мэндийг нутагшуулах гэж нэг юм бий. Эцэст нь эрүүл мэндийг худалдан авч чадахгүй. Хэчнээн их мөнгөтэй байлаа гээд өвчний өмнө сөгддөг. Эрүүл мэндийг хамгаалах ганц л зүйл бий. Тэр бол зөв дадал, амьдралын хэв маяг урьдчилан сэргийлэлт. Зөв бодлого. Сайхан амьдралын үндэс эндээс л эхлэнэ.

-Төрийн бодлого гэдэг дээр миний ойлгосноор хамгийн эмзэг хэсгүүд дээр нь төр оролцох, бодлогоо чиглүүлэх явдал бололтой?

-Жирэмсэн ээжүүд, ерөн­хий боловсролын бага ангийн сурагчид, өсвөр насны охидын боловсролыг төр засгаас онцгой анхаарч, Алсын хараа-2050 хөтөлбөртөө шигтгээд илүү нарийвчилсан  бодлого боловсруулж, яам, тамгын газарт үүрэг өгч ажиллах ёстой. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, БШУЯ, Эрүүл мэндийн яам, тэдгээрийн харьяа байгууллагуудын бодлогыг зангидчихвал олон дэвшил гарна. Маш энгийн жишээ хэлье. Ерөнхий боловсролын 40 дүгээр сургууль дээр 2018 онд 1,2 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан угаалтуур суурилуулж өгч байсан юм. Энэ насны хүүхдүүд ойролцоогоор 1.1 метр өндөртэй. Нийтийн хоолноос гарч ирээд шүдээ угаадаг. Баярмаа очиж шүдээ угаахаар ангийнхаа охиныг хараад шүдээ угаахгүй ч гэсэн дүр үзүүлээд амаа зайлаад явдаг. Ингэхэд ядаж амны хөндийн орчин өөрчлөгдөнө. Улмаар дадал болно. Ямар замаар үлгэр дуурайлал үзүүлж, нөлөөлөх вэ гэдэг чухал.

-Та одоо  үзлэг шинжил­гээ хийдэг үү?

-Шүдний эмч бол миний мэргэжил. Хэдийгээр би төр, хувийн хэвшилд удирдах албан тушаал хашиж бай­сан ч эмчийнхээ ажлыг тасалдуулж байгаагүй. Би 2013 онд Монголд ирсэн. 11 дэх жилдээ өдөр тутамдаа хүн үзэж байна. Долоо хоногийн дөрвөн өдөрт илүү цагаар хүн үздэг. Харамсалтай нь монголчуудын шүдний өвчлөл өмнө нь ямар байсан яг хэвээрээ байгаа. Би 10 гаруй мянган хүнд хүрч ажиллажээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт шүдний үнэгүй   үзлэг  эмчилгээг хий­дэг. Ингээд харахад ковидын 2-3 жилийн хугацаанд ерөнхий биеийн өвчлөлөөс гадна шүдний өвчлөл орон нутагт тулгамдсан асуудал болсон байна. Эрүүл мэндийн систем гурван жилийн хуга­цаанд хагас саатлаа шүү дээ. Иргэд орон нутгаас Улаанбаатарт зорчих эрх нь хүртэл хязгаарлагдаж байсан үе бий. Улаанбаатараас 1500 км алслагдсан бүсэд очоод амны хөндийн үзлэг хийхэд 24 шүднийх нь 12-оос дээш нь цооролттой байх жишээтэй. Өмнө нь аймгаас ядаж урьдчилан сэргийлэх үзлэг жил бүр явдаг байсан бол хөл хорионоос болоод өвчлөл нэмэгдчихсэн. Тэгэхээр эрүүл мэндийн суурь боловсрол учир дутагдалтай байгааг эндээс бас харж болно.

Ний нуугүй хэлэхэд, түгжрэл ч бас эрүүл мэндэд нөлөөлж байгаа. Шүдний өвчлөлд тодорхой хувь эзэлж байхыг ч үгүйсгэхгүй. Жишээ нь, хүүхдээ сургуулиас нь аваад харих замдаа 2-3 цаг түгжирдэг. Сайн хоол­лоогүй хүүхэд чихэр, жигнэмэг эргүүлдэг. Зарим нь гараа нойтон алчуураар арчсан болж, нян бактериас хамгаалах гэж оролддог. Чихэр, жигнэмэгийн араас ус уулгах гэхээр хэцүү. Хаана шээлгэх билээ. Ингээд л нөгөө амны хөндийн орчин өөрчлөгдөж шүд хорхойтох асуудлууд бүрэлдэж эхэлдэг. Цаашлаад түгжрэлд 2-3 цаг явж байгаа хүмүүсийн шээс давсагны асуудал ямар байх уу гэхээр сонирхолтой тоо гарна.

Бас нэг зүйлийг хэлэхэд, Монгол Улсад анхан шатны эрүүл мэндийн байгууллагад олгох нэг иргэний санхүү­жилтийг ялгавартай хуваа­рилах байтал ижилхэн хуваарил­сан. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймгийн Мандах сум 500 өрх буюу 1500 гаруй хүнтэй. Тэр хүн бүгд өвдөж байж тэр сумын эрүүл мэндийн төв ашигтай ажиллана. Цалин­гаа тавьж, ус дулааны мөнгөө хийнэ. Яагаад гэвэл нэг иргэний санхүүжилт 60 мянган төгрөг. Гэтэл Баянзүрх дүүргийн 26 хороо 32 мянган хүнтэй. Ганц хоёр хүн ханиад хүрээд ирсэн ч санхүүжилт нь орж ирнэ. Хүссэн хүсээгүй тэр санхүүжилтээ олчихно. Хамгийн гаж тогтолцоо бол энэ юм. Бүсчилсэн хөгжилдөө тулгуурлаад ялгавартай эрүүл мэндийн даатгалын санхүүжилт хийх ёстой.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Би эмч хүний хувьд хэлж, зөвлөмөөр олон зүйл байдаг. Би өнгөрсөн хугацаанд 10 гаруй мянган хүнд үзлэг шинжилгээ хийжээ. Гэвч яаж ч хичээгээд 3.5 сая хүндээ хүрнэ гэдэг боломжгүй зүйл. Үүнд би харамсдаг. Багахан өөрчлөлт хийж, урьдчилан сэргийлэх мэдлэг өгөхөд л цаана нь эерэг үр дүн хүлээж байгааг мэддэг учир олон хүнд хүрэх юмсан гэж яардаг. Сүүлийн үед подкаст хийж энэ бүхнээ түгээе гэж бодох болсон. Миний хувийн фэйж Жамъяндоржийн Отгонболд. Үүгээрээ хүүхдийн сүүн шүд бүрэлдэн бий болох гээд ургийн хөгжлөөс эхэлсэн эхний подкастаа хүргэнэ. Цаашлаад зөв хооллолт, 2-3 насны хүүхдэд зориулсан, мөн бага сургуульд ороход амны хөндийг хэрхэн арчлах ёстой юм. Дунд, ахлах ангид ороход яаж арчлах,  хүүхдийн хамар битүүрэх үед хэрхэх зэргээр шатлалтай мэдээлэл өгнө. Яаж л хүрч, тэлж чадахаар байна тэр хэмжээгээр мэргэжлийнхээ үр өгөөжийг гаргамаар байна. Монголчууд, үрсийн минь шүд эрүүл байгаасай.

Ж.Отгонболд эмчээс зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Жамъяндоржын Отгонболд Otgonbold Jamiyandorj фэйсбүүк хаягаар холбогдож болно.

 

Г.Батзориг

One reply on “Ж.Отгонболд: Амны хөндийн өвчлөлийн 75 хувь нь иргэн танаас хамаарна DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *