Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Зөрчлийн тухай хууль жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дарамталж байна

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэр бүхий сайд, УИХ-ын гишүүд өөрийн харьяа компанидаа их хэмжээний хөрөнгө татсан гэх мэдээлэл байна. Ер нь төрийн түшээд эрх мэдлээ ашиглаж ард түмнийхээ хоолноос хумслах нь хэр ёс зүйтэй үйлдэл юм бэ?

-Би бол нэг л зарчим барьдаг. Би УИХ-ын гишүүн хүн. УИХ бол хууль тогтоох засаглал. Хуулийн хэрэгжүүлэгч гүйцэтгэх засаглал гэж бий. Би гүйцэтгэх засаглалын ажилд ерөөсөө оролцдоггүй. Оролцохгүй гэдгээ ч УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа сонгогчдодоо амлаж байсан. Намайг мэдэх хүмүүс нь мэддэг. Гэлээ ч би хүний өмнөөс үнэн, худал гэж ярьж чадахгүй. УИХ-ын гишүүний хувьд таамагласан байдлаар ярих эрх байхгүй.

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан хаана харьяалагддаг юм бэ?

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд бодлого тодорхойлдог Жижиг дунд үйлдвэрлэлийн газар гэж бий. Уг газар нь ЖДҮ-ийн асуудлуудыг бодлогын хувьд шийддэг. Мөн ЖДҮ-ийг дэмжих сан гэж тусдаа байгаа. Энэ нь санхүү, хөрөнгөө хариуцаж ажилладаг.

-Уг сангаас хамгийн ихдээ хичнээн хэмжээний зээл авах боломжтой вэ. Тавигдах шаардлагуудаас дурдвал?

-Ер нь бол 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл яригдаж байгаа асуудлуудыг цэгцлэх, замбараагүй байдлыг засах гэж л Жижиг, дунд үйлдвэрийн тухай шинэ хууль гарч байгаа юм. Шинэ хууль батлагдсанаар ЖДҮ-ийн агентлаг байгуулагдана. Энэ агентлагийг яамны бус Ерөнхий сайдын харьяанд байх нь зөв гэж үзэж байгаа. ЖДҮ эрхлэгч 2.5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг авч болно. Гэхдээ 500 сая төгрөгөөс илүүгүй зээл авах бол сангаар нь олгоё, түүнээс дээш тохиолдолд арилжааны банкаар дамжуулж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Харин бүх ЖДҮ эрхлэгчид барьцаа хөрөнгө, бизнес эрхэлсэн туршлагагүй учир арилжааны банкны шаардлагыг хан-гадаггүй. Тиймээс 500 сая хүртэлх төгрөгийг сангаар дамжуулахаар тусгаж өгсөн. Энэ хууль батлагдсанаараа бүх зүйл сайн сайхан болохгүй л дээ. Гэхдээ хуулийг ягштал дагавал асуудлууд багасч л таарна. Дээрээс нь гүйцэтгэх засаглал бүх зүйлээ УИХ-д нялзаагаад байж болохгүй.

Батлагдсан хуулинд хяналт тавиад, журамлаад, алдаа дутагдлаа засаад явах нь гүйцэтгэх засаглалын үүрэг шүү дээ.

-ЖДҮ-ийг дэмжих сан алдагдалтай ажиллаж ирсэн гэж яриад байна л даа. Хууль батлагдсанаараа энэ байдал өөрчлөгдөж чадах уу?

-ЖДҮ-ийг дэмжих сан бол төрийн байгууллага. Алдагдалтай, ашигтай ажиллана гэсэн ойлголт байхгүй. Харин зээлсэн мөнгөө буцааж авч чадахгүй байгаа эсэхийг нь л алдагдалтай ажилласан гэж хэлж байгаа байх. Миний дуулснаар сүүлийн хоёр, гурван жилд өгч байгаа зээлүүд нь эргэж ирэхгүй зээл биш байх. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бүх бизнес амжилтад хүрдэггүй. Зээлсэн мөнгө болгон буцаж ирэхгүй. Банкинд ч ялгаагүй тодорхой хэмжээний эрсдэл үүсдэг. Түүнтэй адил сан дээр ч гэсэн эрсдэл үүснэ. Гэхдээ тэр эрсдэл нь хэт их давамгайлдаггүй.

-Сангийн яамнаас өргөн мэдүүлсэн Татварын багц хуульд жижиг, дунд үйлдвэртэй холбоотой заалтууд орж ирсэн. Энэ нь таны санаачилсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн зарим заалттай зөрчилдөж байгаа. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах нь зүйтэй вэ?

-Би хууль бол хууль л байх ёстой гэж бодож байгаа. Тэр нь Сангийн сайд санаачилсан том хууль, энэ нь энгийн гишүүн санаачилсан жижиг хууль гэж ойлгохгүй байх гэж бодож байна. Татварын багц хууль болон Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулинд зөрчилдөж байгаа хоёрхон заалт бий. Нэгдүгээрт, манай хуулинд ЖДҮ эрхлэгчдээс авч байгаа татварыг нэг хувь гэж заасан. 100 төгрөгийн ашиг олж байгаа хүн нэг төгрөгийг нь л татварт өг гэж байгаа юм. Сангийн сайдын хуулинд ЖДҮ эрхлэгчдээс 10 хувийн татвар авчихаад түүнийхээ 90 хувийг нь буцааж өгнө гэж заасан байна. Энэ нь та 100 төгрөгийн ашгаасаа 10 төгрөгөө өг, есөн төгрөгийг нь буцааж өгье гэж байгаа юм. Маш өөр сонсогдож байгаа биз. Есөн төгрөгөө буцааж авахын тулд юу биелүүлэх, яах ёстой, хэдэн хувьд нь эргэж очих, хэний үзэмжээр шийдэх үү гээд сөрөг талууд их бий. Ер нь тэгээд ч МАН-ын мөрийн хөтөлбөрт ЖДҮ эрхлэгчдийн орлогын албан татварыг нэг хувь болгоно гэсэн байгаа. Мөрийн хөтөлбөрөө эрх баригч нам биелүүлэх ёстой. Мөн 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд суучихсан. Чиглэлээ Засгийн газар барих ёстой. Тэгэхээр Сангийн сайд өргөн мэдүүлсэн уг хуулийн зарим заалтуудаараа мөрийн хөтөлбөр, чиглэлээ зөрчсөн байна гэсэн үг. Би мундагтаа ЖДҮ-ийн эрхлэгчдийн орлогын албан татварыг нэг хувь болгоё гэж цоо шинэ зүйл санаачилсан юм биш. МАН-ын мөрийн хөтөлбөр дэх заалтаа биелүүлэх ёстой л гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаарт, ЖДҮ эрхлэгч жилд дөрвөн тайлан гаргадаг байсныг нэг болгоно гэсэн юм. Үүнийг Татварын багц хуулинд 50 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүд нэг тайлантай, түү-нээс дээш орлоготой бол дөрвөн тайлантай байя гэж тусгасан. Тухайн аж ахуйн нэгж өдөрт 136 мянган төгрөгийн орлоготой байгаа тохиолдолд жилдээ 50 сая төгрөгийн орлоготой байна. Ганцхан хүнтэй аж ахуйн нэгж ч жилдээ ийм орлого олно. Тэгэхээр амьдралаас тасарчихсан юм ярьж байна л даа.

-Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль хэлэлцэгдэнэ. Дээр дурдсанаас гадна онцолмоор ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Өмнөхөөсөө маш олон өөрчлөлтүүд орж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийн салбар нэг тогоон дотор байсан. ЖДҮ-ийг жижиг, дунд, бичил гэж ангилж нэг тогооноос гаргасан нь хуулийн хамгийн том өөрчлөлт юм. Түүнээс гадна 2.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийг ЖДҮ-ийн хуулинд хамруулна. 2.5 тэрбумын ашигтай биш, орлоготой ЖДҮ шүү.

-Та Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр “Зөрчлийн тухай хууль ЖДҮ эрхлэгчдэд хүндрэл учруулж байна. Энэ талаар надад санал гомдол ихээр ирж байгаа” гэж хэлж байсан. Энэ талаараа тодруулаач?

-Зөрчлийн тухай хууль ЖДҮ эрхлэгчдийг дарамталж байна. Зөрчлийн тухай хууль нь иргэн ирж буй акт, шаардаж байгаа мөнгөн дүнд гомдолтой байгаа тохиолдолд шүүх, дээд шатны байгууллагад өөрийгөө илэрхийлэх боломж олгохгүй байна. Тухайн иргэнийг өөрийгөө илэрхийлэхийг нь хүлээхгүйгээр прокурор шууд шийдвэр гаргаж түүнийгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгөөд, тус алба иргэний данснаас мөнгийг нь хурааж авч байна. Би үүнийг зогсоо гэж хэлж байгаа. Иргэн “Энэ шийдвэр буруу. Би гомдолтой байна” гэсэн тохиолдолд процесс зогсдог байх ёстой. Хэн нэгнийг мэдээгүй байхад нь дурын байцаагч акт бичээд прокурорт өгөхөд тухайн иргэнд Зөрчлийн хуулиар 200 хүртэлх сая төгрөгийн торгууль тавьчихаж болно гэсэн үг. Ийм зүйл байж болохгүй. Иргэн хүн тухайн зөрчлийг үнэн, худал эсэхийг илэрхийлэх, өөрийгөө хамгаалах ёстой. Тэр хүнийг гүтгэсэн ч байж болно шүү дээ. Эсвэл төрийн албан хаагч хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байхыг ч үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд дээд шатын байгууллага, шүүхэд хандах эрхийг нь хаах, эсвэл тэр эрхийг нь өөрт нь мэдэгдэхгүй байх ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Өмнө нь гарцгүй газраар гарсан, танхайрсан зэрэг зөрчил гаргасан бол цагдаа ирээд торгууль тавиад, тухайн иргэний гарын үсгээр баталгаажуулдаг байсан. Энэ чинь л зөрчлийн хууль.

Тухайн иргэн хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхээрээ явах ёстой шүү дээ. Тэгэхгүйгээр нэг тал нь давамгайлаад л шүүхийн шийдвэр гаргачихаж болохгүй. Зөрчлийн тухай хууль хэлэлцэгдэж байхад би энэ талаар маш их ярьсан. Үүнээс үүдэн Х.Нямбаатартай маргалдаж ч байсан. Миний үгийг сонсоогүй. Зөрчлийн тухай хууль амьдралд хэрэгжээд эхлэхээр иргэд үүнийг ойлгож, хэлж байна л даа.

-2019 оны төсөв хэлэлцэгдэж байна. Хүмүүс төсвийг янз бүрээр л дүгнэж байгаа. Таны хувьд алдаа, оноотой зүйл нь юу байна гэж харж байгаа вэ?

-Төсвийн нийт хөрөнгө оруулалтын зардал нэг их наяд 300 тэрбум төгрөг байгаа. Уг хөрөнгө оруулалтын дийлэнх нь сургууль, цэцэрлэг, зам, гүүр барихад зарцуулагдана. Эдгээр нь эргэж төсөвт хувь нэмэр оруулахгүй. Тэр битгий хэл дараа жилийн төсөвт дахиад зардал болно. Мэдээж дээрх бүтээн байгуулалтууд зөв. Гэхдээ бүгдийг нь тэдгээрт зарцуулна гэдэг учир дутагдалтай. Заримыг нь дараа жилийн төсөвт нэмэр болох зүйлд зарцуулж болно. Энэ тал дээр би шүүмжлэлтэй байгаа.

ЖДҮ дээр огт мөнгө тавиагүй. Сангийн сайд Монголд ЖДҮ огт хөгжихгүй байна гэж үздэг юм билээ. Ер нь амьдрал руугаа орсон, нийцсэн байх ёстой гэж бодож байгаа.

-Та С.Эрдэнэ гишүүний санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль дээр ажиллаж байгаа гэсэн үү?

-Уг хуулийн ажлын хэсгийг би ахалж байгаа. Хоёр өөр байр суурьтай хүмүүсийг цуглуулж хуулийн аль хэсэгт ямар алдаа байгааг засах даалгаврыг Байнгы хорооноос өгсөн гэсэн үг. Банкны холбоо, арилжааны банкнуудын зүгээс захиргааны аргаар зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Гэхдээ дэлхийн 76 улсад энэ аргыг хэрэглэдэг. Яахав амжилттай, бас амжилтгүй тохиолдлууд бий. Хүмүүс зээлийн хүүг инфляци, хадгаламжийн хүү, эдийн засгийн өсөлт, гадны хөрөнгө оруулалт, Төв банкны мөнгөний бодлого гээд олон зүйлтэй холбож ярьдаг. Гэхдээ эдгээр зүйлийг 20 жил ярьж байгаа. Өнөөдрийг хүртэл Монгол Улс дэлхийд бараг хамгийн өндөр зээлийн хүүтэй байна. Үүнээс болоод аж ахуйн нэгжүүүд томрохгүй, хөгжихгүй байна. Тийм учраас миний хувьд зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар зохицуулахаас өөр аргагүй гэж үзэж байгаа.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ гээд байгаа. Томоохон өөрчлөлтүүд гарч чадах болов уу?

-Үндсэн хуулийн асуудал бүлэг, байнгын хороогоор орсны дараа үзэл бодлоо илэрхийлэх нь зөв байх. Ер нь бол миний хувьд засаглалын хэлбэр парламентынх байсан нь дээр гэж үздэг. Харин гүйцэтгэх засаглал тэр дундаа Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж байгаа нь цаг үеэ олсон хэрэг гэж бодож байна. Учиргүй сонгуулийн хууль зэрэгт өөрчлөлт оруулна гэдэгт би итгэхгүй байна. Тэр бол таамгаар л яригдаж байгаа зүйлүүд байх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *