Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Ганбаатар: Монгол руу нийлүүлж байгаа дизель түлш, бензинд доголдол үүсэх хэмжээний асуудал гараагүй DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатар өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Монголд дизель түлшний хомсдол бий болчихлоо. Үүнээс болж орон нутгийн иргэд өвөлжөөндөө бууж чадахгүй байх ч гэдэг юм уу олон хүндрэл үүсч байна. Дизель түлшний нийлүүлэлт тасалдсан шалтгаан нь юу вэ. Хэзээнээс нийлүүлэлт хэвийн болох вэ?

-Би өнгөрөгч лхагва гаригт өдөр дизель түлшний асуудлаар олон нийтэд мэдээллийг дэлгэрэнгүй өгсөн. Тиймээс товч хариулъя. Дизель түлшний хомсдол үүсэхэд нөлөөлсөн гурван томоохон шалтгаан байна. Нэгдүгээрх нь, ОХУ-ын дотоод асуудал нөлөөлж байна. Зарим хүмүүсийн хэлж байгаачлан зэвсэгт мөргөлдөөн, зарим хэвлэлүүдийн бичиж байгаачлан дайны асуудалтай холбоотойгоор ОХУ-ын дизель түлшний дотоод хэрэглээ эрс нэмэгдсэн нь нөлөөлж байна. Мөн Ангарскийн үйлдвэрийн ачаалал нэмэгдсэн байна. Хоёрдугаарх нь, Монгол Улсын түлшний хэрэглээний 60 хувийг “Роснефть” компани дангаараа хангадаг. Жижиг трейдер компаниуд 40 хувийг хангадаг байсан бол ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайдын ахалсан ажлын хэсгээс трейдер компаниудын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарласан. Ингээд түлшний нийлүүлэлтэд 40 хувийн доголдол үүсчихсэн. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас аравдугаар сарын дунд үеэс эхлэн “Роснефть” компаниас 40 хувийн нийлүүлэлтийг нөхөж авах асуудлаар гэрээ хэлэлцэл хийлээ. “Роснефть” компани манай улсад сард 45-50 мянган тонн түлш нийлүүлдэг байсан бол 55-60 мянган тонн нийлүүлэхээр болж байна. Монгол Улс сард 80 мянган тонн түлш хэрэглэдэг гэж үзвэл 10-аад мянган тонны зөрүү гарч байна. Үүнийг нөхөх талаар “Роснефть” компанитай мөн үргэлжлүүлэн ажилласан. Арванхоёрдугаар сараас эхлэн “Роснефть” компани манай улсад дангаараа 83 мянган тонн түлш нийлүүлнэ гэсэн гэрээ байгуулсан. Тиймээс арванхоёрдугаар сарын хангалт болчихно гэж үзэж байгаа.

-Ангарскийн үйлдвэрт гарсан гал манайд ямар нөлөөлөл үзүүлэх бол?

-Ангарскийн асуудлаар ням гаригт яаман дээрээ холбогдох ажилтнуудтайгаа ажиллалаа. Ангарскийгаас бидэнд өгч байгаа мэдээллээр “Нэрэх үйлдвэр буюу АИ-92, дизель түлш, А-80 бензинүүдийг үйлдвэрлэдэг үйлдвэр дээр гараагүй, ямар нэгэн асуудал үүсээгүй. Үйлдвэрийн хашаан дотор байдаг жижиг цехэд гал гарсан. Галыг маш богино хугацаанд унтрааж чадсан” гэж хэлсэн. Ангарскийн цаг Монголынхтой адил ч гэсэн үйлдвэрийн удирдлага нь Москвад байдаг. Тиймээс өнөөдөр (өчигдөр) би 15:00 цагийн үед Москвагаас мэдээлэл авна. Ямартаа ч бидэнд Монгол руу нийлүүлж байгаа дизель түлш болон ямар нэгэн бензин дээр доголдол үүсэх хэмжээний асуудал гараагүй гэсэн мэдээллийг өгсөн. Та бүхэн энэ талаарх мэдээллийг ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээс унших бүрэн боломжтой. Хэрвээ томоохон хэмжээний гал гарсан бол богино хугацаанд унтраах боломжгүйг мэдэж байгаа байх. Тиймээс дахин хэлэхэд, Ангарскийн нэрэх үйлдвэрт гал гараагүй.

-Уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалтыг татаж, хөгжүүлье гэхээр орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад ажил гацчихдаг талаар салбарынхан хэлдэг. Үүнийг шийдлийг та хэрхэн харж байна вэ?

-Иргэд эсэргүүцээд байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрх нь, тухайн орон нутгийн баялгийг ашиглаж байгаа мөртлөө орон нутагт нь ямар ч үр өгөөжгүй байгаа нь иргэдийн уур бухимдлыг ихээр төрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, нүдэн дээр нь орон нутгийг нь ухаад байгаа ч өөрийнх нь амьдарч буй орчин, амьжиргаа түвшин, дэд бүтцэд гарах эерэг нөлөөлөл бага байгаа учраас эсэргүүцдэг. Хоёрдугаарт, иргэдэд мэдээлэл өгөхгүй гэнэтхэн ухаад эхэлчихээр эсэргүүцэж байна. Үүнээс гадна өрөмдөж байна. Ухах, өрөмдөхийн ялгаа заагийг ойлгуулж хэлэх зайлшгүй шаардлага байна. Гуравдугаарт, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ухчихаад нөхөн сэргээлт хийхгүй байгаагаас өрөм тавиулахгүй, ухуулахгүй гээд эсэргүүцдэг. Үүнээс сэргийлэх тодорхой ажлуудыг УУХҮЯ-наас богино хугацаанд хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, эхний ээлжинд хөрөнгө мөнгөндөө тааруулаад таван аймагт манай яамны Ашигт малтмал, газрын тосны газрын таван төлөөлөгч ажиллана. Тэд хайгуул хийхээр өрөм тавьж байна уу, эсвэл судалгаа хийхээр өрөмдөж байна уу гэдгээр иргэдэд зөв мэдээлэл өгнө. Хоёрдугаарт, орон нутагт төвлөрүүлж байгаа хөрөнгийг ил болгоно. Төсвийн хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон. Тодруулбал, үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тухайн орон нутагтай заавал гэрээ байгуулах ёстой. Гэрээнд хандивын асуудлыг тусгаж, хандивын мөнгийг орон нутгийн хөгжлийн санд тушаах ёстой. Энэ асуудлыг зохицуулах үүрэгтэйгээр тэд ажиллана.

Гуравдугаарт, газар нутаг нь 15 хувиас дээш лицензтэй болчихсон сумдуудад нэмж зөвшөөрөл олгохгүй гэсэн байр суурийг барьж байна. Ийм сумдын тоо их биш байна лээ. 200 кг-аас доош алтны ордуудад тусгай зөвшөөрөл өгөхгүй, зогсооно. Учир нь эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүйн дээр нөхөн сэргээлт хийх мөнгө тэндээс гарах боломжгүй гэж үзэж байгаа. Тиймээс бага хэмжээний ордуудыг ашиглах нь байгаль орчинд хохиролтой гэж үзэж байна. Үүнээс гадна түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох эрх орон нутагт нь хадгалагддаг. Түгээмэл тархацтай гэдэгт элс, хайрга, шавар багтдаг ч цаана нь байгаль орчинд хор хохирол үүсгэдэг асуудлууд гарч иргэдийн уур бухимдлыг хүргэж байна. Тиймээс бид Ашигт малтмалын хуулиар түгээмэл тархацтай болон бичил уурхайг эргэж харна.

-Оюу толгойн баяжмалын алтнаас АМНАТ авч чаддаггүй гэсэн яриа байдаг. Та үүнд ямар тайлбар өгөх бол?

-Оюу толгойтой холбоотой энэ асуудалд мэдээлэл их зөрүүтэй байдаг юм байна лээ. Бид зөвхөн зэсээс АМНАТ аваад байна, алтны агууламжийг тодорхойлж чадахгүй байна. Алтнаас АМНАТ авч чадахгүй үлдэж байна гэсэн зүйлүүд их яригддаг. Би гишүүн байхдаа ч, Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа ч үүнд нэлээн олон тайлбар өгч байсан. Хэвлэл мэдээллээр өөр өөр мэдээлэл гараад байдаг юм байна лээ. 2013 оноос эхлэн Оюу толгой компани бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн. Энэ хүрээнд 6.5 сая тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Манай яаманд байгаа мэдээллээр үүний 1.5 сая тонн цэвэр зэсэнд АМНАТ төлсөн байна. 6.5 сая тонн баяжмалын агуулагдаж байгаа 98 тонн алтад АМНАТ төлсөн байна. Өөрөөр хэлбэл, АМНАТ авч байна гэсэн үг. Харин алтаа ялгаад авна гэдэг өөр. Тэр алтанд татвар ногдуулна гэдэг мөн өөр асуудал. Зэс хайлуулах үйлдвэр барьж баяжмалаас алтаа ялгаж аваад валютын сан, алтны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Мөн 280 тонн мөнгөнд АМНАТ ногдуулсан байна. Тэгэхээр Оюу толгойн баяжмалын хувьд зэс, алт, мөнгөнөөс тус тус амнатавч байна.

-Эрдэнэт үйлдвэрийн нөөц дуусч байгаа гэдэг яриа мөн гардаг. Энэ тухайд?

-Эрдэнэт үйлдвэрийн баяжмал дахь зэсийн агуулга буурч байгааг хүмүүс нөөц багасч байна гэж ярьж байх шиг байна. 2022 оны нэгдүгээр сард нөөцийн тайлан гаргасан. Тэр тайланд 46 жил ашиглах боломжтой гэсэн байна лээ. Мөн 99.6 мянган га талбай хайгуулаар өгсөн. Энэ хүрээнд 60 жил ашиглах боломжтой гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд өгсөн.

-Нүүрсний хулгайтай холбоотой асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ. Түүнчлэн манай улс ирэх онд 36 сая тонн нүүрс экспортлох боломжтой юу?

-36 сая тонн битгий хэл 70, 80 сая тонныг экспортлох боломжтой. Бидний шийдэх ёстой асуудал нь тээвэрлэлт болон боомтын асуудал байна. Манай уурхайнуудын хүчин чадал 36 сая тонноос хавь илүү бий. Боомт, тээвэрлэлтийн асуудлыг хамтын хүчээр шийднэ. Тээвэрлэлтийн асуудлыг бид дотооддоо шийдэж болж байгаа ч боомтын асуудал бидний өмнө тулгарч байна.

2013 оноос хойш нүүрсний хулгайн асуудал яригдаж байгаа. Монгол Улсын хилээр хоосон машин гараад Хятадын хил дээр нүүрстэй болж бүртгэгдсэн асуудлын тоон мэдээллийн зөрүү бол энэ асуудлын гол цэг. Энэ бол өмнөх парламентын үед ч яригдаж байсан. Мөргөцөг алга болсон гэдэг асуудал болон уурхай хоорондын маргааныг хууль хяналтын байгууллагаас дахин шалгаж байгаа юм билээ. Тиймээс мөргөцгийн асуудлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Нүүрстэй холбоотой асуудлуудыг цэгцлэх ажлын хүрээнд нүүрсний экспортыг хийхдээ түр журам гаргаж биржийн системд шилжүүлж ажиллуулна. Биржийн систем бий болсноор худалдан авч байгаа газрын захиалга тодорхой болно. Доод үнээ зарладаг болно. Нүүрсний хулгайг дагаж Цагаан хадны тээврийн үнийн асуудал яригдана. Нүүрсний тээвэрлэлтийн зардал хаана ч байхгүй үнэтэй болчихоод байна гэдэг асуудлын цаана Цагаан хад байгаа юм. Цар тахлын үед Цагаан хад үүргээ биелүүлсэн. Гэхдээ биржийн системд шилжчихвэл Цагаан хадны тээврийн зохицуулалт хэрэггүй болно. Биржийн түр журмыг арванхоёрдугаар сард багтаж Засгийн газрын хурлаар шийдвэрлэнэ. Ирэх оны гуравдугаар сараас эхлэн бирж түр журмын хүрээнд үйл ажиллаж эхэлнэ. Уул уурхайн тусдаа бирж ажиллах учраас тодорхой цаг хугацаа бидэнд хэрэгтэй. Түр журмаар байгуулагдсан бирж Эрдэс Таван толгойн бүх нүүрсийг зарна гэсэн үг биш. Туршиж үзнэ. Чадах хэмжээгээрээ явна. Алдаа гарвал хуульдаа тусгаж засна.

Тэрбээр мэдээллийн үеэр “Уул уурхайн салбар ДНБ-ний 23 хувь, экспортын 93 хувь, улсын төсвийг хөрөнгө оруулалтын 30 орчим хувийг бүрдүүлдэг том салбар юм. Манай салбар ирэх оны төсөвт 5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөвт суулгасан байна. Энэ 5 их наядын төгрөгийн гол татвар буюу 2,5 их наяд нь АМНАТ юм. Үүнээс гадна ААНОАТ 1 их наяд төгрөг, гааль болон бусад татвараар 1,5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцоолоод байна. Төсвийн орлогыг төвлөрүүлэхэд чиглэсэн салбарын орлогын хувьд нүүрс 36,5 тонн, зэс 1,4 сая тонн, төмрийн хүдэр 8,4 сая тонн, алт 20 тонн, газрын тос 6,5 тонн экспортолно гэсэн төсөв батлагдсан байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *