Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Дэлгэрсайхан: Валютын хомсдол үүсгэж ханшийг өсгөснөөр хүлээлтийг өөрчилж, долларжилт нэмэгдэж байгаа хэрэг DNN.mn

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Долларжилт хурдтай явагдаж байгаа нь ханш өсөхөд нөлөөлж байна гэх юм. Банкуудын харилцах хадгаламжийн 23 хувийг доллар бүрдүүлж ирсэн. Тэгвэл энэ нь 35 хувь болж, 600 сая ам.долларын шилжилт бий болсон. Энэ ямар шалтгаантай вэ. Цаашид нэмэгдээд явах уу?

-Долларжилт гэдэг нь тухайн орны эдийн засгийн харилцаанд долларын эзлэх хувь, нөлөөлөх нөлөөллийн тухай асуудал. Энэ нь ямар байх, цаашид хэрхэх нь тухайн улсын эдийн засгийн хүчин чадал, долларын урсгалын тэнцвэрээс шалтгаална. Эдийн засгийн хүчин чадал сайн байж, долларын орох урсгал нэмэгдэхийн хэрээр ханшийн өсөлт удааширч, цаашилбал тогтворжих нөхцөл бүрдэнэ. 2022 оныг хүртэл хоёр жил долларын ханш харьцангуй тогтвортой байсан. Энэ үед хэдийгээр эдийн засгийн томоохон эерэг үзүүлэлт байгаагүй ч ханшийн тогтвортой байдал нь долларын хадгаламж буурах, төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд нөлөөлсөн.

Өнөөгийн байдал яг түүний эсрэг болчихоод байна. Бидний хувьд гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Худалдааны тэнцлээс шалтгаалу орох урсгал буурч байна. Нөгөө талд гарах урсгал нэмэгдсэн. Валютын орох урсгал өмнөх хоёр дээр нэмэгдээд гадаад санхүүжилт, алт гэсэн цөөн эх үүсвэртэй. Харин гарах урсгал төр, хувийн хэвшлийн гэх байдлаар маш олон хэлбэртэй бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь оны эхний хагаст төлбөрийн тэнцлийн алдагдал 1.1 тэрбум ам.доллар болсноор батлагдаж байгаа хэрэг. Оны дүнгээр энэ хэмжээ хоёр тэрбум ам.доллар дөхөх таамаглалтай байна. Энэ нь валютын хомсдол үүсгэж ханшийг өсгөснөөр хүлээлтийг өөрчилж долларжилт нэмэгдэж байгаа хэрэг. Цаашид бид долларын орох урсгалыг нэмэгдүүлэх, гарах урсгалыг өдөөх, үр ашиггүй зардлуудыг танах байдлаар үүнийг зохицуулах шаардлагатай. Тэгэхгүй бол тэнцвэргүй нөхцөлд ханш өсөх нөхцөл хэвээр байсаар байна гэсэн үг. Энэ тал дээр Засгийн газрын зүгээс орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд ажлууд хийж байна гэж ойлгож байгаа.

-Тэгэхээр цаашид долларын хадгаламж өсөх нь ээ. Долларжилтыг яаж сааруулах вэ?

-Ханш уналт үргэлжилж байгаа, дээр нь инфляци өндөр байгаа нь төгрөгт итгэх итгэлийг бууруулах нөлөөтэй. Энэ нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжүүдэд ханшийн эрсдэлийг хэрхэн бууруулах, төгрөгийн үнэгүйдлээс хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудал тулгарч байгаа хэрэг. Үүний эсрэг хэрэгжүүлэх гол арга хэрэгслийн нэг нь доллараар тодорхой активтай байх сонголт болж байна. Нөгөө талд үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүд байж болох боловч түүнд итгэх итгэл, хөрөнгө оруулалт хийх ойлголтын түвшин харилцан адилгүй тул хандах хандлага тийм өндөр биш байна. Ялангуяа бусад санхүүгийн хэрэгслүүдийн хувьд нийтээр хандах боломж бага. Иймд бид богино хугацаандаа долларын орох урсгалыг нэмэгдүүлэх шууд болон дам арга хэмжээг авах шаардлага гарцаагүй байна. Ингэж чадвал нийгэм дэх ханшид хандах хандлагыг өөрчлөх боломжтой. Ингэснээр долларжилтыг сааруулж чадна. Хэрвээ бид төлбөрийн тэнцэл, төсвийн өндөр алдагдалтай байгаад байвал энэ нь үргэлжлэх магадлалтай. Учир нь дээрх ханш, инфляцийн эрсдэлээс гадна бизнес, өрхүүдийн хувьд доллараас хамаарах хамаарал улам нэмэгдсэн нь бас нэг шалтгаан юм.

-Засгийн газраас долларын хашийг яавал барьж чадах вэ. Ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Долларын ханшийг хэн хэрхэн барих вэ гэсэн асуудал бий. Үүний эсрэг голлон тэмцэх субьект бол яах аргагүй Засгийн газар гэж хариулах нь зүйтэй байх. Бидний дээр дурдаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, гадаад санхүүжилтийг нэмэгдүүлэх нөхцөлийг хангахын тулд Засгийн газрын зүгээс богино хугацааны тактикийн шинжтэй, урт хугацаанд бодлогын зөв арга хэмжээг авах нь чухал. Ер нь бид ханшийн байнгын дарамтад байж түүнийгээ валютын нөөцөө ашиглах интервенц хийх замаар өнөөг хүртэл явж ирсний шалтгаан нь сүүлийн 30 жилд Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх цогц, тогтвортой бодлого байхгүй байсан явдал. Иймд бид энэ алдаагаа дүгнэж, цаашид ийм нөхцөл байдлыг бууруулах талаар хүчтэй ажиллах хэрэгтэй. Үүний тулд богино хугацаанд төсвийн, хөрөнгө оруулалт, татварын зөв бодлого чухал. Урт хугацаандаа олон жил ярьсан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чиглэлд эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх нь чухал. Харамсалтай нь энэ тал дээр 1998 оноос эхэлж анхаарч эхэлсэн боловч шинжлэх ухаанч сайн бодлого байгаагүйн улмаас өнөөг хүртэл хэрэгжээгүйгээр барахгүй нөхцөл байдал улам дордож хэдхэн экспортын бүтээгдэхүүнээс валютын урсгал төдийгүй эдийн засгийн өсөлт хүчтэй хамааралтай болчихоод байж байна. Нэг жишээ дурдахад, 1998 онд Монгол Улсын экспортын 70 орчим хувь эрдсийн бүтээгдэхүүнээс хамааралтай болсон тухай, түүнийг бууруулж экспортыг төрөлжүүлэх талаар “бодлогын” түвшинд ярьж эхэлсэн байдаг боловч өнөөдөр эрдсийн бүтээгдэхүүн нь экспортын 90 орчим хувьтай тэнцүү болчихоод байгаа нь тун эмгэнэлтэй зүйл. Нөгөө талаар импортыг орлох асуудал ч орхигдсон нь өнөөдөр суурь салбар болох эрчим хүчний, хүнсний салбаруудаас тод харагдана. Тиймээс энэ шинэ сэргэлтийн гэж яригдаж байгаа бодлогын хүрээнд үүнийгээ илүү анхаарах шаардлагатай юм.

-Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр үр дүн байгаа юм уу. Зарим хүн үр дүн олохгүй гээд шүүмжлээд байх юм?

-Бодлогын хүү гэдэг нь аль ч улс орнуудын Төв банкны зорилгыг хэрэгжүүлэхэд ашигладаг үндсэн арга хэрэгслийн нэг. Мөн хамгийн хүчтэй арга хэрэгсэл. Миний ойлгож байгаагаар бол ийм. Тэгээд ч миний хувьд өнгөрсөн оны мөн үед бодлогын хүүд тохиргоо хийж, ирж буй эрсдэлийг саармагжуулах талаар өөрийн саналыг хэлж байсан. 2022 оны нэгдүгээр сараас Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр мөнгөний нийлүүлэлтийг хүчтэй хязгаарлаж чадсан. Есдүгээр сарын дүнгээр мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Гэтэл 2021 оны мөн үед мөнгөний нийлүүлэлт 20 гаруй хувиар өссөн байсан. Энэ нь долларын ханшийн гэхээсээ илүү инфляцид чиглэсэн бодлогын арга хэрэгсэл. Цар тахлын дараа нийгмийн амьдрал хэвийн түвшин рүүгээ ойртож байгаа нь энэ оны хавраас мэдрэгдэж хэрэглээний үнэ, валютын ханшид дарамт болсон. Үүний эсрэг зорилтынхоо хүрээнд бол тодорхой нөлөө үзүүлсэн. Зарим хүний хэлж байгаа нь ямар шалтгаантайг мэдэхгүй юм. Гэхдээ ханш болон үнийн өсөлтийг яг ийм эдийн засгийн өвөрмөц, мөн сөрөг орчинд дан ганц бодлогын хүүгээр зохицуулах боломжгүй. Мөн энэ нь эерэг нөлөөллөөс гадна эдийн засгийн идэвх, өсөлтийг сааруулах сөрөг нөлөөтэй тул цаашид хэт бодлогын хүүг өсгөх нь зохимжгүй гэж би хувьдаа үзнэ.

-Цаашид ам.долларын ханш өсвөл сайн, муу ямар таамаг байна вэ?

-Яг өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын хувьд валютын ханшийн өсөлт нь олон талаасаа бидний хувьд сөрөг нөлөөтэй нь тодорхой. Иргэн, аж ахуйн нэгж, төр гээд хэнд ч энэ нь сайнаар нөлөөлөх нөлөөлөл бага. Валютын төлбөртэй бизнес, валютаар цалин хөлсөө авдаг иргэд гэсэн цөөнхийг эс тооцвол. Үүний шалтгаан нь нөгөө л бидний эдийн засгийн дорой байдал, үүнээс хамааралтай иргэдийн амьжиргаа, орлого бага, хэврэг байгаа байдал. Иймд бидний зүгээс ханш өсөх нь сайн гэсэн өнцгөөр харахаас илүү цаашид бага өсгөх, үүгээр дамжиж ирэх сөрөг нөлөөллийг бууруулахад анхаарах нь зүйтэй.

-Арилжааны банкуудыг долларын гүйлгээгээр луйвар хийж ашгаа нэмж байна гэсэн шүүмжлэл дуулдах боллоо. Банкны хамааралтай доллараа данснаасаа аваад өөр дансанд хийхдээ монгол төгрөгөөр худалдаж аваад хийчхдэг. Энэ мэтээр зөрүүнээс нь ашиг олж байна гэх юм. Ингэж ашгаа нэмж байх боломжтой юу. Энэ тал дээр та байр сууриа хуваалцаач. Ер нь арилжааны банкууд долларын ханшийн өсөлтөөс ашиг хийх цоорхой хэр их бол?

-Арилжааны банк өөрөө ашгийн төлөө байгууллага. Иймээс валютын арилжаа, ханштай холбоотой тухайн байгууллага дээр ашиг, алдагдал бий болох боломжтой. Валютын ханшийн өсөлт банкинд ч бас байнга эерэг нөлөөлөхгүй. Банкууд улирал бүр тайлан гаргаж байгаа. Энэ тайланд валюттай хамаарал бүхий ажил, үйлчилгээний мэдээлэл багтдаг. Өөрөөр хэлбэл, тухайн банк валютын арилжаа, холбоотой үйл ажиллагаанаас ямар хэмжээний ашиг бий болгосон, хэрхэн гэдэг нь харагдах боломжтой. Үүнийг Монголбанкны зүгээс хяналт тавьдаг тусдаа хуультай өвөрмөц салбар. Тиймээс банкууд болон хяналт тавьж буй эрх бүхий байгууллагууд үүнд хариулах ёстой.

-Банкууд харилцагчдадаа валютын данс нээхгүй байна гэж иргэд нэлээд бухимдаж байсан. Энэ нь гадаад төлбөр тооцоо хийх, иргэн аж ахуйн нэгжүүд, гадагшаа явах хүмүүст эрсдэлтэй биш үү?

-Өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой валютын харилцаанд үүсээд байгаа нөхцөл байдлыг зөвтгөх аргагүй. Бас бүр буруутгаад бүх зүйлийг хэвийн үеийн байдлаар шийднэ гэвэл үүсэх гарз нь илүү байх магадлалтай. Иймд би үүнд хувь хүн болгон өөрсдийн өнцгөөс хандаж байгаад хүндэтгэлтэй хандана. Бухимдаж байгааг ч ойлгоно. Яг иргэдийн валютын харилцах данс нээхгүй байгааг би хувьдаа мэдэхгүй байна. Ямартаа ч өмнө нээлгэсэн дансаар гүйлгээ хийж болоод байгаа. Харин энэ нөхцөл байдалд хийж байгаа энэхүү хязгаарлалтууд нь валютын захын өнөөгийн нөхцөлд нийцүүлэхийг хичээсэн, цаашид гарч болзошгүй том эрсдэлийг хаах үүднээс болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *